Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг танилцуулах цахим хэлэлцүүлэг боллоо

ikon.mn
2021 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн цахим хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Үүгээр хуулийн төслийг холбогдох төрийн байгууллага болон санхүүгийн салбарын мэргэжлийн холбоодод танилцуулах, санал авах ажиллагааг эхлүүлж байгаа юм.

Энэ үеэр хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгээс санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын шилдэг туршлага, зөвлөмжүүд, хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага, тандан судалгаа, хуулийн төслийн зорилго, бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, хуулийн төсөл батлагдсанаар үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар, хүрэх үр дүнгийн талаарх илтгэлүүдийг тавилаа. Мөн шүүхийн бус журмаар санхүүгийн хэрэглэгч болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын маргааныг шийдвэрлэх тогтолцоо болон олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг сэдвээр танилцуулга хийгдэж, хэлэлцүүлгийн явцад оролцогчдын асуултад хариулж, санал солилцов.

Тус ажлын хэсэг Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй “Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хөгжүүлэх” төсөлтэй хамтран ажиллаж, санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход анхаарчээ.

Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар,  Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын банкны холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоо зэрэг байгууллагын 40 гаруй төлөөлөгч оролцов.