Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Илүү уян хатан, хүртээмжтэй дэлхийн эрүүл мэндийн систем, тогтолцоог хамтдаа бий болгоход Тайвань туслах боломжтой

ikon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Чэнь Ши Жун сайд
Эрүүл мэнд, халамжийн яам
Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань)

Шинээр дэгдсэн халдварт өвчин нь дэлхийн хүн ардын ​​эрүүл мэнд, худалдаа эдийн засаг, аялал жуулчлалд аюул учруулсан хэвээр байна. Цар тахал нь олон улсын агаарын тээврийн улмаас хурдацтайгаар дэлхийн өнцөг булан бүрт тархаж байна. Одоогийн байдлаар 2019 оны эцсээр Хятад улсын Ухань хотод дэгдсэн уушгины хатгалгааны шинэ хэлбэр (COVID -19)-ийн улмаас 2021 оны 3-р сарын сүүлийн байдлаар дэлхий даяар 126 сая гаруй халдварын тохиолдол батлагдаж, 2.7 сая хүн амь насаа алджээ. Ингэснээр дэлхийн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн төлөв байдалд асар их нөлөө үзүүлсэн. Мөн энэ нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (SDG) -ын төлөө  улс орнуудын гаргасан хүчин чармайлтад ноцтой аюул занал учруулж байна.

Тайвань нь Хятад Улстай газарзүйн хувьд ойр оршдог тул уг цар тахалд хамгийн их нэрвэгдэж болзошгүй орнуудын нэг болох магадлалтай гэж таамаглаж байсан. Тайвань 2003 онд SARS-тэй тэмцэж байсан туршлагатай төдийгүй өмнөх туршлагаас авсан сургамж, сэрэмжлүүлгийг үл тоомсорлож байгаагүй билээ. Тайвань байнга шинэчлэгдэж буй албан болон албан бус мэдээлэлд үндэслэн шинээр дэгдэж буй өвчний тархалт, хүнд байдлын зэргийг судлаж, дүгнэж байгаа зэрэг нь  дэлхийн өнцөг булан бүрд уг цар тахлын талаар танин мэдсэн байдлаас давсан юм. 2019 оны 12-р сарын 31-ний өдрөөс тандалтыг бэхжүүлэхийн тулд бүх төрлийн мэдээллийг бүрэн ашиглаж эхэлсэн төдийгүй 2020 оны 1-р сарын 21-нд анхны тохиолдол гарсан тул бид өвчнөөс урьдчилан сэргийлэх олон нийтийн эрүүл мэндийн арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлж байсан.

2021 оны 4-р сарын 22-ны байдлаар Тайваньд нийт 1086 тохиолдол батлагдсан (үүнээс 11 хүн амь насаа алдсан) бөгөөд ихэнх хүмүүс хэвийн аж төрж, ажил хөдөлмөрөө эрхэлж байна. Цар тахлын дэгдэлтээс хойш Тайвань нь COVID-19-ийг хяналтандаа авсаар ирсэн бөгөөд 2020 оны 4-р сараас 12-р сар хүртэл 253 хоног дараалан дотоодод халдвар тархаагүй дээд амжилтыг тогтоов.

Тайвань нь SARS-ээс хойш халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх үндэсний эмнэлгийн сүлжээг байгуулж, зургаан бүсийн клиникийн халдварт өвчний шинжээчдээр удирдуулж, удирдан чиглүүлж, эмнэлгийн сүлжээнд хамрагдахаар улс орон даяар 100 гаруй тусгаарлагдах эмнэлгүүдийг сонгон шалгаруулж, дараа нь 22 хошуу, хотын бүх голлох, яаралтай эмнэлгийг сонгов. Энэхүү эмнэлгийн сүлжээг ажиллуулахыг хуулиар зөвшөөрсөн байдаг бөгөөд засгийн газар олон нийтийн эрүүл мэнд, клиникийн асаргаа сувилгааны хэрэгцээнд үндэслэн зориулалтын сүлжээнд багтсан эмнэлгүүд гоц халдвартай өвчтнүүдийг хүлээн авч эмчилдэг.

 

Энэхүү механизм нь эрүүл мэндийн систем, эмнэлгийн ажилчдын ажлын хэт ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд тустай бөгөөд COVID-19-ийн цар тахал дэгдээд байгаа үед ихэнх COVID-19-өөс бусад төрлийн эмнэлгийн үйлчилгээг хэвийн горимоор иргэдэд хүргэх боломжийг олгодог. Одоогийн байдлаар Тайваньд эмнэлэг дотор COVID-19-ийн халдвар тархсан хоёрхон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд уг хоёр тохиолдолыг үр дүнтэй хяналтанд авч чадсан бөгөөд нийт 11 халдварын тохиолдол батлагдаж, эмнэлгийн ажилчид амь насаа алдаагүй болно. Олон нийтийн эрүүл мэндийн хяналтын арга хэмжээг шуурхай, үр дүнтэй авч хэрэгжүүлсний үр дүнд COVID-19-ийн Тайваньд үзүүлэх эдийн засгийн сөрөг нөлөө харьцангуй бага байна. Олон улсын нийгэм, эдийн засаг, худалдааны зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааг хэвээр байлгахын тулд холбогдох хөлөг онгоц, нисэхийн ажилтнуудын хорио цээрийн арга хэмжээг уян хатан байдлаар зохицуулсан тул загасчлах, далайн эрэг дагуух салхин эрчим хүчний станцууд, нисэхийн чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж болно.

Тайваний ДНБ-ий өсөлт 2020 онд 3.11% орчим өсөж, үүнээс 4-р улиралд 4.94% өссөн нь дэлхийн эдийн засгийн уналттай байгаагаас эрс ялгаатай байна.

Нөгөө талаар ард иргэдийн зүгээс засгийн газартаа итгэл хүлээлгэн, хамтран ажиллаж байгаа явдал нь Тайваньчууд шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийг амжилттай даван гарах, халдварын тархалт газар авахаас урьдчилан сэргийлэх чухал хүчин зүйл болж байна. Засгийн газар халдварт өвчинтэй тэмцэх журмыг боловсруулахдаа зохистой хариу арга хэмжээ авах, хамгийн бага хор хохиролтойгоор даван гарах, аажмаар ахиц дэвшил гаргах зарчмыг баримталж, иргэдийн хувийн нууц, эрх чөлөөг хамгаалахын зэрэгцээ эрх тэгш байх зарчмыг баримталж байна. Мөн эмзэг бүлгийн иргэдийн эрх ашгийг (үүнд мөн цагаач ажилчдыг оролцуулан) нэн тэргүүнд сахин хамгаалах хэлбэрээр ард иргэдийн хүлээлтэнд идэвхтэй хариу үйлдэл үзүүлэн ажиллаж, иргэдийн эрх зөрчигдөхийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд ард иргэдийн чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх, олон нийтийн цуглаан зохион байгуулах, нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцоход хязгаарлалт тогтоогоогүй болно.

Шинэ төрлийн коронавирус /COVID-19/ цар тахал нь дэлхийн бүх улс орнуудад тэр дундаа эмзэг бүлгийн иргэд, эрсдэлт бүлэг, чанартай эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүй байгаа нийгмийн бүлэг, хорио цээрийн дэглэмийн улмаас эдийн засгийн хохирол амсаад буй бүлгүүдэд хүнд цохилт өгсөн билээ.

Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд Тайвань нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон дэлхийн эрүүл мэндийн салбарын удирдагчидтай хамтран ажиллаж, хүн бүрийг эрүүл амьдралын хэв маяг, ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангахын тулд чадах бүхнээ хийх болно.

Мөн эрүүл мэндийн тэгш бус байдалд хяналт тавьж, хүн бүр өндөр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжоор хангах чиглэлээр санаачлага гаргах болно.

Эрүүл мэндийн сайн тогтолцоо, шинжилгээний хатуу стратеги, мэдээллийн ил тод нээлттэй байдал, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ачаар Тайвань нь уг цар тахлын эсрэг хариу арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлж буй орнуудын нэг болсон билээ. Шинэ төрлийн коронавирус /COVID-19/ цар тахал нь Тайванийг дэлхийн эрүүл мэндийн тогтолцооны гадуур үлдээх ёсгүйг дахин нотлон харуулж байна. Бид шинээр үүсэн гарч буй халдварт өвчний аюул заналхийллийн талаархи дэлхийн тандалт, сэрэмжлүүлгийн системийн салшгүй нэгээхэн хэсэг бөгөөд халдварт өвчинтэй тэмцэх Тайвань загварчлал нь цар тахлын тархалтыг үр дүнтэй таслан зогсоох боломжтой юм. Түүнчлэн Тайвань нь цар тахлын үед биоанагаах ухааны эмчилгээ, холбогдох эмнэлгийн багаж хэрэгслийг богино хугацаанд боловсруулж, хөгжүүлэх, турших чадвар, нөөцтэй болохоо батлан харуулсан (тухайлбал шинэ төрлийн коронавирусийн эсрэг 2 төрлийн вакцины туршилт хоёр дахь шатандаа хийгдэж байна). Тиймээс Тайвань шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн оношлогооны урвалж, вакцин, эмчилгээний эмийн дэлхий нийтийн хангамжийн платформд бүрэн хамрагдаж чадах аваас дэлхийн хэмжээнд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллах боломжтой болно.

Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон холбогдох талуудыг Тайванийг ДЭМБ-д элсүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Ингэснээр Тайвань нь ДЭМБ-ын бүхий л хурал чуулган, механизм, үйл ажиллагаанд бүрэн оролцож, дэлхийн улс орнуудтай хамтран ДЭМБ-ын дүрмийг хамтран хэрэгжүүлж, "Эрүүл мэнд бол хүний үндсэн эрх" хэмээх үзэл санаа болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын "Хэнийг ч орхигдуулахгүй байх" гэсэн алсын харааг хэрэгжүүлж чадах юм.   

 

Эх сурвалж: Тайваний төлөөлөгчийн газар