ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Суурь боловсрол хэнд ч хэрэгтэй

Г.Ганчимэг
2013 оны 12 сарын 11
Зууны мэдээ
Зураг зураг

Боловсролын сайд Л.Гантөмөр “Сэтгүүлч хүн тоо бодох шаардлагагүй” гэж үздэг юм байна. Гэтэл өнөөдөр захын нэг найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулж буй жижиг бизнес эрхлэгч 5-10 жилийнхээ бизнес төлөвлөгөөг гаргадаг болчихжээ.

Юуг ч хийлээ гэсэн бизнес төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэлгүйгээр ажил урагшаа явахаа больсон цаг. Капиталист нийгэмд ямар ч судалгаа, тайлан тооцоогүй буюу үр ашигтай, үгүй нь мэдэгдэхгүй төсөл, хөтөлбөрт хэн ч хөрөнгө оруулахгүй нь ойлгомжтой.

Наад зах нь өрхийн төсвөө зөв удирдахаас эхлээд ер нь хүн бүрт л тоо бодох шаардлага гардаг. Тиймээс сэтгүүлч, зураач, менежер хэнд ч эдийн засгийн суурь хэрэгтэй болох нь. Энэ нь нөгөө ад үзээд байгаа тооны хичээлээс л суурь нь тавигдана.

Өөрөөр хэлбэл, ирээдүйд хэр сайн төсөвчин болох вэ гэдэг суурийг дунд сургуульдаа тавьдаг гэсэн үг. Заавал эдийн засгийн чиглэлийн мэргэжил эзэмшихгүй байж болно.

Гэвч өөрийнхөө бүтээсэн баялгийг зөв хуваарилж, эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадвартай байхын тулд тоо байтугайг л судалж, сурах шаардлага бодит амьдралаас урган гарсаар.

Ганц тоо ч биш уран зохиол, урлагийн боловсрол ирээдүйн дэлхийн иргэнийг хүмүүжүүлэхэд хэрэгтэй. Гэтэл өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудын уран зохиолын хичээлийн цаг бараг байхгүйтэй адилхан болсон.

Утга зохиолын ном уншдаг оюунлаг ард түмнээс муухай санаа гарахгүй л болов уу. Гэтэл сүүлийн үед нийгмийн сэтгэлийг сэртхийлгэсэн гэмт хэрэг олон гарах болсон нь хүүхдүүд уран зохиолын ном уншихаа больсонтой холбон тайлбарладаг юм билээ, зарим багш.

Хэрэв бид гадаад хэлтэй бас эдийн засгийн боловсролтой, түүхийн мэдлэгтэй байсан бол Хадгаламж зээлийн хоршоонд хамаг байдгаа тавиад “туучихгүй” л байсан. Мөн хууль бус сүлжээний бизнест мөнгөө луйвардуулж, “царай алдахгүй" дэг.

Ёстой л мэддэг нэг нь сэрэмжлээд, мэддэггүй нэгэндээ хэлээд өгөх байсан биз. Энэ нь ердөө л мэдлэг, мэдээлэлгүйн уршиг байсан шүү дээ.

Үе үеийн маш caйн боловсролын дундаж иргэд тухайн үеийнхээ нийгмийн хөгжлийн түүчээ байсаар ирсэн. Харин өнөөдрөөс эхлэн чиргүүл нь болж болохгүй л байхгүй юу. Гэтэл сүүлийн үед салбар бүрт дээд боловсролтой, ганган дипломтой ажилгүйчүүд.

Эдгээр гологдол “бүтээгдэхүүн” хэнийх вэ. Ингээд асуухаар “Боловсролын тогтолцоо буруу байна” гэдэг. Гэтэл буруугаа улам уруудуулах нь зөв шийдэл биш л бай;.

Өөрөөр хэлбэл, цаг үе өөр болжээ, сайд аа. Тиймээс суурь боловсрол хэнд ч хэрэгтэй. Ашигтай зүйлийг ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх нь өнөө үеийнхний эрхэм нандин үүрэг биш үү. “Темный народ” буюу харанхуй, бүдүүлэг, бас ядуу ард түмэнтэй байх сонирхол Боловсролын сайдад нь байдаг улс орон гэж дэлхийд үгүй биз!

Зураг