Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Х.Баттулгыгаа дарж аваад, У.Хүрэлсүх гэдэг Ерөнхийлөгчтэй болоод амар сайхандаа жаргах нь л дээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв. Үнсдэн хуулийн цэцээс өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвших нь Үндсэн хууль зөрчинө гэдэг агуулга бүхий дүгнэлт гаргасан.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлэв.

Тэрбээр “Муухай л юм болж байна даа. Хууль, дүрэм мөрдөхөө больж, хүчээр түрий барьдаг, олон нийтэд хуулийн дагуу ажиллаж байгаа мэтээр харуулдаг, ярьдаг хэр нь амьдрал дээр хүчинддэг улсууд боллоо энэ 62.

Үндсэн хуулийг батлуулж байхад та нар өмнөх Ерөнхийлөгч нар дахин дэвшиж болно гээд байсан хэр нь одоо цэц ингээд шийдчихлээ гэж байна. Та нар үргэлж буруугаа бусад руу чихдэг. Бусдын гараар могой бариулдаг.

Энэ бол ямар нэгэн цэцийн биш цэвэр МАН-ын хийсэн ажил.

ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан үргэлжилж байхад нэг гишүүнийг татаж, Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг нь өөрчилж байгаад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхгүй болгох дүгнэлт гаргуулсан. МАН-аас У.Хүрэлсүх нь нэр дэвших гэж байгаа юм шиг байгаа юм. Нэг хүний хүслийг дагаж Монгол Улсын бүх хууль тогтоомж нь намирч унадаг ямар гээчийн нийгэм рүү бид явж байна вэ.

Та нар цэцийн дүгнэлтийг шуурхай хэлэлцэж хүссэн шийдвэрээ гаргах нь л дээ. Х.Баттулгыгаа дарж аваад, У.Хүрэлсүх гэдэг Ерөнхийлөгчтэй болоод амар сайхандаа жаргах нь л дээ. Тэгвэл өрсөлдөөн, сонгууль явуулах хэрэг байна уу. Өрсөлдөгчийнхөө нэр дэвших эрхийг нь хааж байгаад сонгууль хийдэг ямар муухай юм руу явж байна вэ, та нар.

Олон түмэн нүд, чихтэй харж байгаа шүү.

Х.Баттулга тэнэг биш л бол яах гэж та нартай нийлж Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан юм. Өөрийнх нь нэр дэвших эрх нь нээлттэй байсан учраас л гарын үсэг зурсан байж таарна. Гэтэл У.Хүрэлсүх гэдэг хүн нь муудалцангуутаа л бүх хуулийг өөрчлүүлж байна” гэв.