Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

PDF форматыг зохион бүтээсэн эрхэм 81 насандаа таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Америкийн програм хангамжийн томоохон компани Adobe-ийг үүсгэн байгуулагчдын нэг, PDF (Portable Document Format) форматыг зохион бүтээгч Чарльз Гешке өнгөрсөн Баасан гарагт 81 насандаа таалал төгсжээ.

Гешке нь Питтсбург дэх Карнеги Меллоны их сургуулиас докторын зэрэг авсныхаа дараа Xerox компанийн Пало Алто дахь судалгааны төвд ажиллаж байхдаа Жон Уарноктой танилцаж байв.

Тэд 1982 онд Xerox-оос гарч, Adobe компанийг үүсгэн байгуулсан юм.

Тэдний анхны бүтээгдэхүүн нь “desktop publishing” салбарын хөгжилд чухал түлхэц болсон программын хэл Adobe Postscript байжээ.

Гешке 1986-1994 оны хооронд Adobe компанийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч, 1989-2000 оны хооронд ерөнхийлөгчөөр ажиллаад тэтгэвэртээ гарсан юм.

Дараа нь 2017 он хүртэл Adobe компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албыг Уарноктой хамтран хашиж байжээ.

“Би хэзээ ч түүнээс илүү чадвартай бизнес хамтрагчтай болно гэж төсөөлж байгаагүй. Бидний амьдралд маш том хоосон орон зай үлдэж байгааг түүнийг сайн мэдэх бүх хүн хүлээн зөвшөөрөх байх” гэж 80 настай Жон Уарнок эмгэнэлийн захидалдаа бичсэн байна.

Гешке нь технологийн салбарын том бизнесмэн гэдгээсээ гадна 1992 онд барьцаалагдаж байснаараа алдартай хүн юм. Түүнийг өглөө ажилдаа ирэхэд нь хоёр этгээд хулгайлж, дөрвөн өдрийн турш барьцаалан мөнгө нэхэж байжээ.

Эцэст нь Холбооны Мөрдөх Товчооныхон Гешкег барьцаанаас суллаж байв.

2009 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Технологийн салбарын Үндэсний Медаль”-ийг Гешке, Уарнок нарт гардуулж байжээ.

Талийгаач нь гэргий Нэнситэйгээ 56 жил хамт амьдарч, гурван хүүхэд, долоон ач зээтэй болсон хүн юм.

 

Эх сурвалж: The Verge