Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

О.Уламбаяр: Бизнесийн амжилтад “Би чадахгүй нь” гээд хойш суухааргүй сэтгэлийн хүч чухал

ikon.mn
2021 оны 4 сарын 19
Сурталчилгаа

Монгол Улсын Их Сургуулийн багшаас үл хөдлөх хөрөнгө зуучлалын брокер эзэмшигч болсон сонирхолтой түүхтэй  RE/MAX ACE оффисийн брокер эзэмшигч, CЕО О.Уламбаяртай ярилцлаа.


-МУИС-Д ДӨРВӨН ЖИЛ БАГШИЛСАН-

-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг О.Уламбаяр гэдэг. Би Өвөрхангай аймагт төрж өссөн. Өвөө, эмээ маань малчин учраас бусад хүүхдийн адил зуны амралтаараа эмээ дээрээ очоод мал хариулж өссөн дөө. Арван жилийн сургуулиа нутагтаа сурч төгсөөд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн англи хэл, багш орчуулагчийн ангид элсэн орсон. Их сургуулиа дүүргээд мастер хамгаалаад, сургуульдаа дөрвөн жил гаруй хугацаанд багшилсан. Ингэж ажлын гараагаа их сургуулиасаа эхэлж байлаа. Үргэлжлүүлээд 2016 онд Удирдлагын Академийг Бизнесийн Удирдлагын чиглэлээр сурч дүүргэсэн.

 

-Боловсролын салбараас үл хөдлөхийн салбар руу яагаад шилжив ээ?

-2010 онд уул уурхайн салбар бүүм болж байх үед энэ салбарт орж 5 жил ажилласны дараагаар бизнес эрхлэхээр шийдэн өөрийн компанийг байгуулаад 2 жил гаруй ажилласан юм. Шинээр эхэлсэн бизнесийн хувьд нилээд олон сорилтуудтай тулгарч байсан ч тодорхой хугацаанд өөрийн хэмжээнд амжилттай ажилласан. Миний хувьд хийж дадсан ажил, тухтай бүстээ удаан байхыг боддоггүй, шинэ сорилт бол өөрийгөө дараагийн түвшинд хөгжүүлэх боломж гэж хардаг. Ингээд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн. Компаниараа үл хөдлөх зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа төрөлжүүлэн ажиллах боломж байсан ч өмнө нь ажиллаж үзээгүй шинэ салбар учир бүх зүйлийг шинээр эхлэх, суралцах шаардлагатай болно. Энэ үед RE/MAX хамгийн зөв сонголт байсан. Учир нь RE/MAX-ийн агентууд бизнес эрхлэгч статустайгаар ажилладаг, ажлын цаг уян хатан нөхцөлтэй, мэдээж олон улсын алдартай франчайз. Ингээд RE/MAX Elite салбарт агентаар ажиллаж эхэлсэн. Ажлын цаг уян хатан, эрх чөлөөтэйгээр шаргуу ажиллах шаардлагатай  бөгөөд тухайн хүн өөрөөсөө хамааран орлогоо тодорхойлно гэдэг нь надад маш их таалагдсан. Дата, систем, соёл гээд бүх зүйл нь таалагдсан.

-Агент байсан тухайгаа дурсахгүй юу? Шантрах үе байв уу?

-Үндсэн мэргэжил маань үл хөдлөх хөрөнгөтэй холбоогүй, ажиллаж байсан салбар өөр, борлуулалтын ажил хийж үзээгүй учраас би агентаар ажиллаж эхлээд бүх зүйлийг анхнаас нь сурсан. Туршлагатай агентуудын хүнтэй утсаар ярьж байгаа нь хүртэл надад шинэ, сонирхолтой санагддаг байлаа. Агент худалдан авагч, худалдагч, бизнесийн хамтрагчид болох олон агентуудтай гээд маш олон хүнтэй харилцан үнэхээр завгүй ажил. Шинэ агентийн хувьд өдөр бүр суралцаж байлаа. Судалгаа хийх, харилцагчидтай мэдээлэл солилцох, бизнес уулзалтууд хийх, худалдан авалтын хэлцлүүд хийгдэнэ гээд маш олон талуудын идэвхитэй харилцаан дунд бидний ажил явагддаг учраас сэтгэлзүйн хувьд байнгын давалгаан дунд байдаг. Хэлцлүүд бүтэлгүйтнэ, шантрах үе ганц нэг тохиолдож байсан. Нэг удаа хагас өдрийн дотор худалдан авагч талд хүссэн байрыг нь олж өгч билээ. Тухайн үед их гоё сэтгэгдэл төрж байсан. Өөрөө агентаар ажиллаж байсан учраас одоо брокер эзэмшигчийн хувьд шинэ агентуудаа чиглүүлээд явахад өмнөх туршлага маань маш их хэрэг болдог.

 

-Агентийн ажил хэнд тохиромжтой вэ?

-Нээлттэй бас ёс зүйтэй, зохион байгуулалт сайтай, маш өндөр хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Ямар ч бизнест сахилга бат, тууштай байдал амжилтад хүргэнэ.

-Удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сул байна гэдэг. Харин RE/MAX-т эмэгтэй брокерууд олон байна. Цагийн менежмент нь эмэгтэйчүүдийг энэ франчайз руу татаад байна уу?

-Магадгүй сард 10 сая төгрөгийн орлоготой байх чадвартай хүн байж болно. Уламжлалт компанид бол цагаа өөрөө зохицуулах боломж нь хязгаарлагдмал, өглөө 09.00 цагаас орой 18.00 хүртэл ажиллаад, хуруугаа уншуулаад тардаг. Ингээд 1 сая төгрөгийн цалин авна. Тэгтэл RE/MAX-т эрх чөлөөтэйгээр буюу цагийн менежментээ өөрөө хийгээд орлогоо хүссэнээрээ бүрдүүлэх боломж байгаа юм. Энэ утгаараа бизнес эрхлэгч сэтгэхүйтэй эмэгтэйчүүдийн хувьд яг тохирох соёл, систем нь манай компанид байна гэж хардаг. Эмэгтэйчүүд амьдралын олон дүрд ордог. Ээж, эхнэр, охин, эгч гээд л, карьерээ давхар хөгжүүлээд явахад нилээдгүй сорилттой тулгарна. Манайд сайн ээж, амжилттай бизнес эрхлэгч олон эмэгтэй брокерууд, агентууд байдаг. Тэднээр бахархдаг шүү.

 

-Кофе шоп, зочид буудал, зоогийн газар гээд өөр олон франчайз бий. Үл хөдлөхийн франчайзыг яагаад сонирхов?

-RE/MAX-т агентаар ажилд ороод энэ франчайзын давуу талуудыг олж харсан. Тухайлбал, RE/MAX-ийн дата буюу мэдээллийн сан. Хамтын ажиллагааны систем нь агентуудад үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнесийг хурдтай, амжилттай эхлүүлэхэд давуу талыг бий болгож өгдөг. Би агентаар нэг жилийн хугацаанд ажиллаад хөрөнгө оруулагч, хамтрагчидтайгаа зөвшилцөөд франчайз эрхийг нь авч оффисоо нээсэн. Олон улсын олон соёл нийгэмд туршигдаад, 50 жилийн туршид хөгжүүлэлт хийгдсэн бэлэн бизнес модуль шүү дээ, яг л цаг хугацааг товчилж байгаа юм шиг. RE/MAX Mongolia бүсээс энэ бизнесийг ёс зүйтэйгээр, өрсөлдөх чадвартайгаар авч явах боломжтой  хүмүүст брокер эзэмшигчийн эрхийг олгодог. Агентаар ажиллаж байсан, аль хэдийн компанийнхаа соёлыг мэдэрч, системээ бүрэн ойлгосон агентуудад боломж олгон франчайз эрхийг олгож байгаа бүсийн төв оффисын маань бодлого ихэд таалагддаг.

-ҮЛ ХӨДЛӨХ БОЛ МАШ ҮНЭ ЦЭНТЭЙ ХУДАЛДАН АВАЛТ-

-Танайх RE/MAX Mongolia бүсийн хэд дэх оффис вэ?

-Манайх RE/MAX Mongolia бүсийн 39 дэх оффис болж 2019 онд франчайз эрхээ авсан. Урт хугацаандаа оффисынхоо агентуудтай тогтвортойгоор хамтран ажиллаж, өгөөжөө хамтдаа хүртэх нэгдмэл баг бий болгохыг зорьж байна. Агент төвтэй бизнес учраас агентуудаа илүү мэргэжлийн, өрсөлдөх чадвартай, бүтээмж өндөртэй, энэ бизнестээ сэтгэл хангалуун байгаасай л гэж хүсдэг. Түүний төлөө л ажиллаж байна. Одоогоор манай оффис 21 агенттай. Үл хөдлөх хөрөнгө худалдан авалт гэдэг хүний амьдралдаа хийж байгаа маш чухал нүүдэл. Энэ чухал нүүдэлд нь зуучлах үйлчилгээг хүргэж байгаа хүмүүс бол үл хөдлөх хөрөнгө зуучлагч, агент шүү дээ. Амьдралын чухал нүүдлээ мэргэжлийн туслалцаагүйгээр хийнэ гэдэг танд эрсдэл дагуулж магадгүй юм. Зарим үйлчлүүлэгч ирээдүйд өсөх үнэ цэн, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж зэрэгт анхаарал хандуулах нь сул байгаа нь ажиглагддаг. Үл хөдлөх хөрөнгө худалдан авалт бол маш үнэ цэнтэй худалдан авалт, үүнд мэргэжлийн зөвлөгөө зайлшгүй шаардлагатай.

 
 

-Таны хэлснээр иргэд сонголтдоо хайнга ханддаг. Нөгөө талд хэрэглэгчийн хүсэлтийг хангаж чадахгүй барилгууд олон байх шиг?

-Тийм барилга олон бий. Орчны тохижилт, стандартыг мөрдөөгүй, зах зээлийн судалгаагүй, нэг хэвийн, шинэлэг биш, алдаануудаа давтсан барилгууд зөндөө байдаг. Тэр нь худалдан авагчдын хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Маш сайн төлөвлөлттэй хүний амьдралын хэрэгцээ, шаардлагыг хангахуйц, шинэлэг, амьдралын хэв маягийн өөрчлөлтүүд, хандлагуудад нийцсэн, тав тухыг бүрдүүлсэн, үнэ цэнтэй төслүүдийг хэрэгжүүлж байгаа компаниуд ч бий. Гэтэл дийлэнх барилгын компаниуд төслийн менежментийг анхнаасаа хэрэгжүүлэхгүй байгаагаас эцсийн хэрэглэгчдэд хүргэх борлуулалтын үйл явцад нилээд хүндрэлүүд тулгардаг тохиолдол их байна. Төсөл менежемент муутай явагдана гэдэг нь оролцогч талуудын хамтын ажиллагаа үр өгөөжгүй болно л гэсэн үг. Төслийн менежемент хэрэгжүүлэхийн тулд барилга баригдаад эцсийн хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүх оролцогч талууд эхнээсээ хамтарч ажиллах шаардлагатай гэсэн үг. Худалдан авагч юу хүсдэг, худалдан авалтын ямар шинэ хандлагууд бий болж байгааг үл хөдлөхийн борлуулагч нар л хамгийн сайн мэдэж байдаг шүү дээ. Тэгэхээр төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд төслөө эхлэхдээ хамгийн түрүүнд борлуулалтынхантай хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн үг.

 

-Иргэдийн худалдан авах чадамж ямар байна вэ?

-Өнгөрсөн 2020 онд бартертай худалдаа их хийгдсэн. Худалдан авах чадамжид одоогоор Ковидын нөлөө тийм ч их мэдрэгдэхгүй байна.  Харин Засгийн газраас ипотекийн найман хувийн зээлийг зургаа болгож бууруулсантай холбоотойгоор ипотекийн зээлийн шаардлагыг хангаж байгаа худалдан авагчдын тоо харьцангуй нэмэгдсэн.

-RE/MAX БОЛ АЯЛАЛ-

-Хувь хүний хөгжил залуусын трэнд болж байна. Та өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Бизнесийг авч явахын тулд сэтгэлзүйн хувьд тогтвортой, хүчтэй байх хэрэгтэй. Би чадахгүй гээд хойш суух эрх байхгүй. Миний хувьд усан спортоор хичээллэдэг, ууланд алхах дуртай, сүүлийн үед иогоор хичээллэж эхэлж байна. Спортоор хичээллэх нь биеийн эрүүл мэндээс гадна сэтгэлзүйн дасгалжуулалт болдог гэж боддог. Бас ном унших дуртай. Сүүлийн үед подкастууд ихээр сонсч байгаа. Маш олон төрлийн мэдээлэл олж авах, өөрийгөө хөгжүүлэх боломж интернэт орчинд  нээлттэй байна. XXI зуунд хүний зайлшгүй суралцах нэг ур чадвар бол хурдан суралцах чадвар гэж нэгэн алдартай хүний илтгэлээс сонссон юм байна. Учир нь мэдлэг маш хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ. Мөн Реалторуудын холбооны олон улсын сургалтуудад хамрагдаж байгаа. Хил нээгдэхээр богинохон ч гэсэн аялмаар байна. Аялалд яваад ирэхээр эрч хүчтэй болчихдог юм.

-Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Сэтгэл хөдлөлөө удирдах чадамжийн тухай ном одоо уншиж байна. Ажил, бизнестээ хэрэгтэй сэдвүүдээр уншдаг бас намтар номууд унших дуртай. Сүүлд Warren Buffet-ийн намтар номыг уншсан.

 

-Аялах дуртай гэлээ. Ажлаа хийнгээ аялах боломж RE/MAX-т бий биз?

-Бид дотоодын зах зээл дээр одоохондоо ажиллаж байна. Цаашид бид олон улсын зах зээл дээр ажиллах боломжтой. RE/MAX бол аялал. Тив алгасан аялаад, ажлаа хийгээд явах боломж ч RE/MAX-т байгаа. Үл хөдлөхийн зуучлалаас гадна хөрөнгө оруулалтын зуучлал хийх боломж манайд бий. Энэ зуучлал маш өргөн цар хүрээтэй.

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.