Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Зэвсгийн агуулах дэлбэлсэн хэрэгтэй холбоотой маргааны улмаас Чехийн 20 дипломатчийг ОХУ нутаг дэвсгэрээсээ хөөв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Чех улсын засгийн газар ОХУ-ын 18 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэрийг зарласан юм.

Тэгвэл Ням гарагт ОХУ-ын тал Чехийн 20 дипломатчийг хөөх хариу арга хэмжээ авчээ. Чехийн тал Оросын дипломатчдад 72 цагийн хугацаа өгсөн бол ОХУ-ын тал 24 цагийн хугацаа өгсөн байна.

Прага хот дахь ОХУ-ын элчин сайдын яамны ажилтнууд дотор тагнуулын албаныхан байгаа гэж үзсэний үндсэн дээр Чехийн тал ийм арга хэмжээ авчээ.

Тэдгээр ажилтнууд 2014 оны зэвсгийн агуулах дэлбэрсэн хэрэгт холбоотойг Чехийн тал шалгаж тогтоосон байна.

Европын Холбооны гадаад хэргийн сайд нар энэ хэргийн талаар Даваа гарагт хэлэлцэхээр болжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яам Чехийн засгийн газрын шийдвэрийг “дайсагнасан үйлдэл” гэж нэрлээд зэвсгийн агуулах дэлбэлэхэд оролцсон гэх дүгнэлтийг эрс няцаасан байна.

2014 оны аравдугаар сарын 16-ны өдөр Чех улсын Врбетице ойд оршдог зэвсгийн агуулах дэлбэрсэн юм. Агуулахын ойролцоо оршдог барилгуудын цонх хагарч, сургуулиудыг нүүлгэн шилжүүлж байв.

Дэлбэрэлтээс сарын дараа тус агуулахад ажилладаг байсан 56 ба 69 настай хоёр эрэгтэйн цогцос олдож байжээ.

Тухайн үед дэлбэрэлтийг гадны нөлөөгүй, золгүй явдал гэж дүгнэж байв.

Харин сүүлд хийсэн мөрдлөгөөр үүнд Оросын тагнуулын албаны 29155 дугаар бүлэг оролцсон гэх баримтыг Чехийн эрх баригчид илрүүлсэн байна.

Дэлбэрэлтэд сэжиглэгдэж байгаа хоёр хүн нь 2018 онд Их Британид тагнуулын ажилтан асан Сергей Скрипалийн аминд халдсан хэргийн гол сэжигнтүүд болохыг тогтоожээ.

Скрипалийг Новичок химийн бодисоор хордуулсан хэргийг ОХУ-ын тагнуулын байгууллагын ажилтан Анатолий Чепига, Александр Мишкин нар үйлдсэн гэж Британийн тагнуулын газар дүгнэсэн юм.

Тэгвэл Чехийн агуулахыг дэлбэлсэнд сэжиглэгдэж буй этгээдүүдийн гэрэл зураг дээрх хоёр ажилтны зурагтай таарсан байна.

 

Чепига, Мишкин нар 2014 онд Тажикистан, Молдовын иргэний хуурамч бичиг баримтаар Чехийн зэвсгийн агуулахад шалгалт хийхээр нэвтэрч байжээ.

Тэд 2014 оны аравдугаар сарын 13-нд зэвсгийн агуулахын ойролцоох Острава хотод ирж, аравдугаар сарын 17-нд буюу дэлбэрэлтийн маргааш Вена хотоор дамжин Москва руу буцжээ.

АНУ-ын төрийн департмент Чехийн газар нутагт хорлон сүйтгэх ажиллагаа явуулсныг шүүмжилж, ОХУ-ын эсрэг хатуу хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргаа кибер халдлага, сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаа явуулсан хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын 10 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөсөн юм.

 

Эх сурвалж: BBC