Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Бидний амьдрал амаргүй нөхцөлд үргэлжилж байна. Иймээс таагүй мэдрэмжээ илэрхийлж, өөрийгөө идэвхжүүлэх нь чухал"

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал боллоо. 

Энэ үеэр СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга сэтгэл гутралын талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Дэлхий даяар сэтгэл гутрах эмгэгтэй 350 сая гаруй хүн байна. Сэтгэл гутрал нь амиа хорлох үйлдэлд хүргэдэг. Жил бүр 800 мянган хүн амиа хорлож нас барж байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь 15-29 насныхан байна. Энэ төрлийн эмгэг нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Сэтгэл гутрал эмэгтэйчүүдэд илүү тохиолдох ч эмчилгээ нь илүү үр дүнтэй.

Насанд хүрэгчдийн 10-15, өсвөр насныхны 5-10 хувь нь сэтгэл гутралд өртдөг. Гэр бүлийн гишүүд болоод хүүхдүүдээ анхаарч тусламж авах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Удамшил, таагүй явдал, мэдрэл, биологийн хүчин зүйл нь сэтгэл гутралд нөлөөлдөг. 

КОВИД-19-ийн үед таагүй үйл явдал буюу архаг стресс үүсэж байна. Хоёр жил орчим үргэлжилж байгаа энэ асуудал сэтгэл гутралд өртөх тохиолдлыг нэмэгдүүлж байгаа. Зүрхний өвчин, чихрийн шижин зэрэг биеийн шалтгаан болоод эмийн бодисууд сэтгэл гутралд хүргэх эрсдэлтэй. Өсвөл насны хүүхдүүдийн хувьд энэ төрлийн эмгэг нь

  • Толгой өвдөх,
  • Анхаарал төвлөрөлт, хоолны дуршил муудах,
  • Нойронд муу болох,
  • Гэр бүлээс хөндийрөх,
  • Цочмог ууртай болох,
  • Өөрийнхөө чадварыг доогуур үнэлэх зэрэг шинжүүдээр илэрдэг.

Хүүхдэдээ юу хэрэгтэй байгааг мэдэхийн тулд найз шиг нь ярилцаарай

Хүүхдээ их сайн ажиглаж байх ёстой. Хүүхдэдээ юу хэрэгтэй байгааг мэдэхийн тулд найз шиг ярилцах нь чухал. Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, стрессээ даван туулахад нь туслаарай. Тус эмгэгийг шаардлагатай бол эмээр эмчилдэг.

Иргэд сэтгэл гутралд орчихлоо гэж ярьдаг. Гэвч сэтгэл санаагаар унаад хэвийн болох нь сэтгэл гутрал биш юм. Бидний амьдрал амаргүй нөхцөлд үргэлжилж байна. Иймээс өөрт байгаа таагүй мэдрэмжийг илэрхийлж, өөрийгөө идэвхжүүлэх дасгал хөдөлгөөн хийх нь чухал. 

Сэтгэл гутралыг илрүүлэх тестүүд байдаг. СЭМҮТ-ийн вэб сайт руу хандаад та бүхэн зөвлөгөө авах боломжтой. Мөн СЭМҮТ-ийн 1800-2000 утсаар бүх өдрүүдэд мэргэжлийн сэтгэцийн эмч нар 24 цагаар зөвлөгөө өгч байна" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1016937402047209