Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэрээр эмчлүүлж байгаа үед COVID-19 өвчний аюултай шинж тэмдэг илэрвэл ойролцоох эрүүл мэндийн байгууллагад шууд хандах хэрэгтэй"

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс дур мэдэн өөртөө эмчилгээ хийх тохиолдол гарч байгаа талаар мэдээллүүд байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

- Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст НЭМГ-аас дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулж байнгын хяналт тавьж байгаа. Өрхийн эмчийн зөвлөсний дагуу л эмчилгээ хийх хэрэгтэй. 

PCR  шинжилгээгээр онош батлагдсан ч шинж тэмдэггүй, эсвэл шинж тэмдэг бага илэрч байгаа хүмүүсийг гэрийн тусгаарлалтад үлдээхийг зөвлөж байгаа. Гэртээ үлдэхийг хүсэж байгаа хүний хувьд ам бүлийн тоо таваас дээш, мөн гэр бүлд нь 60-аас дээш настан, архаг суурь өвчтэй хүн байгаа бол эмнэлэгт тусгаарлагдах хэрэгтэй. 

Зарим өндөр настнуудын хувьд эрсдэлээ тооцоолоогүй гэртээ үлдээд дараа нь хүндрэл үүсэх, амь насанд нь ч эрсдэл үүсэж байгааг анхаарах шаардлагатай.

- Халдвар авсан иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй, хаана хандахаа мэдэхгүй 5, 6 хоног болох тохиолдлууд байгааг иргэд хэлж байна. Ийм тохиолдол байгаа юм уу?

- Өчигдрийн мэдээгээр 3,172 хүн гэрийн тусгаарлалтад байна. Энэ тоо өдөр бүр хөдөлж байдаг. Гэртээ үлдэж байгаа хүмүүсийн гол хяналт өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжиж хийгдэж байгаа. Гэхдээ халдварын үеийн аюултай шинж тэмдэг илэрвэл эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой. Аюултай шинж тэмдэг илрэхэд үл ойшоож хүлээснээс болоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хоцорч үзүүлэх тохиолдол гарч байна. 

Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд өвчний аюултай шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ойролцоо байгаа эрүүл мэндийн байгууллагадаа шууд хандах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагууд шинж тэмдэгт суурилсан тусламж үйлчилгээг үзүүлэх стратеги руу шилжсэн байгаа. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.14/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/338792957925255