Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Цахимаар мөрийтэй тоглоом тоглуулж байсан этгээдүүдийг олж тогтоон, шалгаж байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
 
Гэрэл зургийн эх сурвалж ЦЕГ

Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг цагдаагийн байгууллагаас таслан зогсоожээ.

2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 21:00 цагийн үед БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 1988-1977 онд төрсөн Д, М, М,Б, М нарын 5 этгээд цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг ЭЦА-ны алба хаагчид илрүүлэн БГД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Хуулийн заалт:

Эрүүгийн хууль 20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах

1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.