ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ нь анхны олон нийтэд нээлттэй арилжаалагдаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) бөгөөд Монголын Хөрөнгийн Бирж дээр хөрөнгө оруулалтын цоо шинэ бүтээгдэхүүн болж гарч буй талаар бид өмнө нь мэдээлж байсан юм.
Тухайн үед нийт 4,0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх зорилготой байсан бөгөөд 199% биелэлттэй захиалга авч хөрөнгийн зах зээлд тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн дутагдаж байсныг баталсан үйл явдал болсон билээ.
Энэхүү автомашины зээлийн багцаар баталгаажсан ХБҮЦ нь 2 жилийн хугацаатай бөгөөд нийт 8 удаагийн үндсэн болон хүүгийн төлөлт хийгдэх хуваарьтай юм.
2021 оны 01 сарын 14-нд бүртгэгдсэн уг ХБҮЦ-н эхний улирлын үндсэн болоод хүүгийн төлөлт 2021 оны 04 сарын 13 ны өдөр төлөгдөх хуваарьтай бөгөөд хэдий ковид цар тахлаас хамаарч хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдсан ийм цаг үед давхацсан ч гэсэн амжилттай төлөлт хийгдэж, ХБҮЦ худалдан авсан хөрөнгө оруулагчдын дансанд мөнгө нь байршсан байна.
Уг бүтээгдэхүүний Хөрөнгө Итгэмжлэн Удирдагч байгууллагаар “Рэдбэрал Инвестмент энд Менежмент” ХХК ажиллаж эхний улирлын эргэн төлөлтийг гүйцэтгэсэн байна. Тус компани нь 2020 онд Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Хөрөнгө Итгэмжлэн Удирдах” тусгай зөвшөөрөл авсан ба 2021 оноос 4,0 тэрбум төгрөгийн хөрөнгө удирдаж байна.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь дахин 7 удаагийн төлөлт хийгдэх ба 2023 он хүртэл үргэлжлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!