Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Бүлээн цай уух нь шүлсэн дэх коронавирусийн халдварын идэвхжлийг бууруулдаг

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхий дахинд КОВИД-19 өвчинтэй холбогдуулан хийгдэж буй судалгаа, шинжилгээний талаар ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн танилцууллаа.

87 вакцины эмнэлзүйн буюу хүн дээр туршилт хийх судалгаа явагдаж байна

"Коронавирусийн халдвар анх 2019 оны 12 дугаар сарын 12-нд БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн. Үүнийг SARS-CoV-2-2019 гэж нэрлэж байгаа. 

Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай холбоотой 196,599 эрдэм шинжилгээ, судалгаа 19 чиглэлээр хийгдэж байна. 

Үүнээс вакцин хөгжүүлэх судалгаа гэхэд 276 бий. Дэлхийн бүх эрдэмтэд хамтарсан хоёр том төсөл хэрэгжүүлж байна.

Нэгдүгээрт: ДЭМБ өөрөө удирдаж буй таван бүлэгтэй төсөл.

Хоёрдугаарт: SARS-CoV-2-ийн эсрэг эмийг гаргаж авах төсөл.

Дээрх 276 вакцин шууд бүтчихгүй, эмнэлзүйн дөрвөн туршилт хийгдэнэ. Эдгээр вакцинаас 186 нь клиникийн өмнөх туршилтуудыг хийж байна. Өөрөөр хэлбэл нэгдүгээр үе шат буюу амьтан дээр турших, биологийн идэвхт бодисуудыг гаргах, био шингэцийг үзэх туршилтууд хийгдэж байгаа юм.

Харин 87 вакцины эмнэлзүйн буюу хүн дээр туршилт хийх судалгаа явагдаж байна.

SARS-CoV-2 2019 оны 12 дугаар сарын 12-нд бүртгэгдсэнээс хойш хамгийн их анхаарал татаж байгаа судалгааны ажил бол мутаци буюу халдварын шинэ төрөл гарч ирсэн явдал. Энэ нь 2020 оны 10 дугаар сард Их Британид гарсан. Харин 12 дугаар сард гарсныг Бразилийн мутаци хувилбар гэж нэрлэсэн.

Энэ мутацийн судалгааг Английн эрдэмтэд хамтарч хийж байна. Мөн судалгааг эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиуд, биотехнологийн хүрээлэн болон шаардлагатай тохиолдолд хэвийн хэвшлийнхэн хамтарч хийж байна.

Судалгааны үр дүнгээр мутацид орсон халдварын хоёр хувилбар хүмүүс хооронд халдварлах нь өндөр байгааг тогтоосон. Улмаар 60-аас дээш насныхан илүү их өвдөж байна гэсэн.

Их Британид илрээд байгаа SARS-CoV-2-ын шинэ төрөл Бельги, Нидерланд, Австралид бүртгэгдсэн. 

Судлаачид SARS-CoV-2-ын шинэ төрлийн болзошгүй үр дагаврыг дараах байдлаар таамаглаад гаргаад ирлээ. Үүнд:

  • Хүн амд хурдан тархах
  • Хөнгөн, хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэх
  • Оношилгоонд илрэхгүй байх
  • Эмчилгээний бодисуудад мэдрэмтгий байдал буурч байна
  • Вакцинаар өдөөгдсөн дархлалаас бултах нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна.

Дэлхий даяар 2020 оны нэгдүгээр сард коронавирусийн халдварыг эмчлэх удирдамжгүй байсан. Харин өнөөдрийн байдлаар эмчилгээний 5 дахь удирдамж гарсан нь судалгаа, технологи маш хурдтай байгааг харуулж байна.

276 вакцин хөгжүүлэх судалгаанаас дөрөв нь зах зээлд гарсан. Одоогийн байдлаар зах зээлийн судалгаа буюу нийт хүн амд ямар гаж нөлөө үзүүлж буй, ямар дархлаа тогтоож буйд эрдэмтдийн судалгаа төвлөрч байна. Тэрбээр дэлхийн улс орнуудын эрдэмтдийн хийж буй судалгаануудыг танилцууллаа.

Хуурай цаг уур нь вирусийн тархалтыг дэмждэг байж болзошгүй

Дэлхийн бүх судалгаа орчны, эмнэл зүйн, эм болон вакцин бүтээх зэрэг 19 чиглэлээр явагдаж байгаа юм.

Коронавирусийн халдвар тархахад орчны болон цаг уурын нөлөөллийн байдлыг тодорхойлсон эцсийн баталгаа байхгүй ч орчны нөхцөл байдлын судалгаагаар хуурай цаг уур нь вирусийн тархалтыг дэмждэг байж болзошгүйг гаргажээ.

 

Халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй байгаа хүмүүсийн халдвар тараах байдал

Эрдэмтэд халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй байгаа хүмүүсийн халдвар тараах байдлын талаар судалгаа хийсэн байна. Үүнээс танилцуулбал:

  • Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүс орчиндоо дунджаар 5-10 хоногийн хугацаанд халдвар тархаана. Ингэхдээ оргил үе нь 3-7 хоног үргэлжилнэ гэдгийг нотолсон.
  • Халдварын шинж тэмдэг илрэх дундаж хугацаа 5 хоног.
  • Огт шинж тэмдэг илрээгүй халдвартай хүмүүсийн 24% нь халдвар тараадаг байж болзошгүй. Энэ тохиолдолд шинж тэмдэггүй хүмүүсийн ойролцоогоор 59% нь халдвар тараадаг ба үүний 35% нь нууц хугацаандаа буюу шинж тэмдэг илрэхийн өмнөх үедээ байдаг бол 24% нь огт шинж тэмдэггүй байдаг. Энэ таамаглалаар коронавирусийн шинэ тохиолдлуудын хамгийн багадаа 50% нь шинж тэмдэггүй боловч халдвартай хүмүүсээс халдвар авсан байдаг гэж үзжээ. 
  • Халдвартай боловч шинж тэмдэггүй хүмүүсийн эзлэх хувь ба шинж тэмдэггүй хүмүүсээс халдвар дамжилт болон хугацаанаас нь харахад нийт халдвар авсан тохиолдлын 50-аас илүү хувь нь шинж тэмдэггүй хүмүүсээс халдвар авсан гэж тооцоологджээ. Иймээс шинж тэмдэггүй хүмүүсийг тусгаарлах, илрүүлэхээс гадна тархалтыг хянахын тулд халдвар тараах эрсдэлийг бууруулах.

Эдгээр судалгааны үр дүнгээс харахад:

  • Маскаа тогтмол зүүх
  • Гараа сайтар угаах, ариутгах
  • Хүн хоорондын зайгаа барих нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл маскаа авах болоогүйг эрдэмтэд анхааруулж байна.

Бүлээн хар, ногоон цай уух нь шүлсэн дэх коронавирусийн халдварын идэвхжлийг бууруулдаг

БНХАУ-д хоёр судалгаа хийгдсэн байна. Тус улсын Шенжен хотод гар утасны аппликэшн ашиглан тандалтыг хянадаг. Жишээлбэл хөл хорио тогтооход халдвар буурч байгааг судалсан байна.

Нөгөө нь хүний шүлс коронавирусийн халдварыг хүнээс хүнд дамжуулах үүрэг гүйцэтгэдэг болохыг судалжээ.  Хар, ногоон цайнд агуулагдах теафлавин зэрэг нэгдлүүд 1 минутийн дотор хүний шүлсэн дэх вирусийн идэвхжлийг бууруулдаг байна. Халуун бус бүлээн цай оочиж уух нь шүлснэ дэх вирусийн идэвхжлийг бууруулах нь хэмээн тайлбарлалаа.

ВИДЕО: /2021.04.11/