Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдэд Pfizer вакцины тарилгыг эхлүүллээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Pfizer вакциныг тарилгыг эхлүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Тус үйл ажиллагаанд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон АНУ, Австралийн Холбооны Улс, Европын Холбоо, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Саудын Арабын Хаант Улс, Швейцарын Холбооны Улс, Япон Улсаас Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл болон Хавдар судлалын үндэсний төвийн эмч, сувилагч,  өвчтөний төлөөлөл оролцов.

Дэлхийн бүх улс орнуудад КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх вакциныг тэгш, хүртээмжтэй түгээх КОВАКС хөтөлбөрийн үндсэн зорилго биеллээ олоход санхүүжилт олгох замаар бодит дэмжлэг үзүүлсэн бүх донор улсуудын засгийн газар, олон улсын төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүст талархал илэрхийлж буйгаа Эрүүл мэндийн дэд сайд Т.Баттүвшин нээлтийн үгэндээ онцоллоо.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Pfizer вакциныг хүлээн авах 18 улсын нэгээр сонгогдох нөхцөлийг бүрдүүлэн ажилласан Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад талархаж байна гэдгээ олон улсын байгууллагын төлөөлөл хэлсэн үгэндээ тусгайлан тэмдэглэж байв.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн газраас Pfizer вакцинаас энэ оны 2 дугаар улиралд нэмэлт тун авах хүсэлтийг гаргаад байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал, эрэлт, олон улсын тээвэр ложистик зэрэг олон хүчин зүйлээс хамаарч нийлүүлэлтийн хугацаа тодорхой болно.

Мөн ирэх 4 болон 5 дугаар сард багтаж КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 98,400 тун АстраЗенека вакцин нийлүүлэгдэх хуваарьтай гэдгийг ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тэмдэглэн хэлэв.

 “Комирнати” вакциныг хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн хяналтад байгаа иргэн, эрхтэн шилжүүлэн суулгуулсан бөөрний гемодиализын эмчилгээтэй,  дархлалын олдмол хомстлоор өвчилсөн зорилтот бүлгийн иргэдэд хяналтын эмчийн зааврын дагуу тарих юм.

 

Эх сурвалж: ЭМЯ