Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахал ядуурлыг нэмж, тэгш бус байдлыг гааруулав

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн банк өнөөдөр Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг(ЗАНДБН)-ийн эдийн засгийн талаарх шинэчилсэн тайлангаа танилцууллаа.

КОВИД-19 цар тахал эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрсний дараа Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн (ЗАНДБН) хөгжиж буй улс орнууд илт жигд бус сэргэлттэй нүүр тулж байгааг уг тайланд онцолжээ.

Гагцхүү Хятад болон Вьетнам улсууд л 2020 онд V-хэлбэрийн сэргэлтийн замд орж, эдийн засаг нь КОВИД-19-ийн өмнөх түвшнийг даваад байна. Бусад томоохон эдийн засагтай улс орнуудад өсөлт цар тахлын өмнөх түвшнээс дунджаар 5 орчим хувиар доогуур хэвээр байв. Номхон далайн арлын улс орнууд бусдаас илүү хүнд цохилтод ороод байна.

2021 онд сэргэлт эхэлмэгц улс орнууд хүн амын эмзэг бүлгийг хамгаалах, хүртээмжтэй, ногоон, бат бөх сэргэлтийг бий болгоход чиглэсэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай

Эдийн засгийн төлөв байдал нь вирусийн тархалтыг тогтоон барихад чиглэсэн үйл ажиллагааны үр дүн, олон улсын худалдааны сэргэлтийн давуу талыг ашиглах чадвар, улс орнуудын төсөв, санхүүгийн болон мөнгөний бодлогын дэмжлэг үзүүлэх чадавхаас хамаарч байна.

2020 онд тус бүс нутаг дахь ядуурал сүүлийн хэдэн арван жилд анх удаа буурсангүй. Цар тахлын улмаас, бүс нутгийн 32 сая хүн ам (ядуурлын шугам болох хоногийн 5.50 ам. доллар) ядуурлаас ангижрах боломжоо алдлаа.

"КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн цочрол нь ядуурлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг тасалдуулж, тэгш бус байдлыг нэмэгдүүлж байна" хэмээн Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Виктория Кваква хэлээд, "2021 онд сэргэлт эхэлмэгц улс орнууд хүн амын эмзэг бүлгийг хамгаалах, хүртээмжтэй, ногоон, бат бөх сэргэлтийг бий болгоход чиглэсэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай" хэмээн онцлов.

Дотоодод болон дэлхий дахинд КОВИД-19-ийн дэгдэлт үргэлжлэн өсөх тохиолдолд эдийн засгийн сэргэлтэд томоохон хүндрэл учруулах эрсдэлтэй 

Монгол Улсын хувьд глобал эдийн засгийн сөрөг нөлөө зөөлөрч, дотоодын эдийн засгийг сэргээх арга хэмжээ нь эдийн засгийн дотоод үйл ажиллагааг идэвхжүүлж, мөн вакцинжуулалт явагдсанаар иргэд болон ААН-үүд цар тахалтай дасан зохицон, улмаар эдийн засаг 2021 онд сэргэх төлөвтэй байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний хүрээнд бодлогын зээлүүд нь хөрөнгө оруулалт болон уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сэргэхэд дэмжлэг үзүүлэхээр байна. Мөн түүнчлэн, глобал эдийн засаг сэргэж, түүхий эдийн үнэ өндөр байхаар байгаа нь ГШХО, уул уурхай болон мөн тээвэр зэрэг уул уурхайгаас хамаарал өндөртэй бусад салбаруудыг дэмжихээр байна. Гэвч дотоодод болон дэлхий дахинд КОВИД-19 цар тахлын дэгдэлт үргэлжлэн өсөх тохиолдолд эдийн засгийн сэргэлтэд томоохон хүндрэл учруулах эрсдэлтэй юм.

Тайланд халдварын тархалтыг тогтоон барих, эдийн засгийг дэмжих, сэргэлтийг ногоон хөгжлийн зарчимд нийцүүлэх чиглэлээр арга хэмжээ авахыг уриалав.

Вакцины одоо байгаа нөөц болон хуваарилалтын төлөвийг харахад 2021 оны эцэс гэхэд аж үйлдвэржсэн орнууд нийт хүн амынхаа 80-аас дээш хувийг, харин хөгжиж буй улс орнууд 55 орчим хувийг вакцинжуулалтад хамруулахаар байна.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн олон улс орны хувьд улсаас олгож буй дэмжлэг нь иргэд, ААН-үүдийн орлогын алдагдлыг бүрэн нөхөхөд хүрэлцэхгүй, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн санхүүжилт нь дотоод эрэлтийн уналтыг нөхөхгүй, хэдийгээр улсын өр дунджаар ДНБ-ий 7 хувьтай тэнцэх хэмжээгээр өссөн ч төсвийн хөрөнгө оруулалт нь эдийн засгийг сэргээх арга хэмжээнд чухал хүчин зүйл болж чадахгүй байна.

Бүс нутгийн хэмжээнд эдийн засгийг сэргээх арга хэмжээний багцуудад "ногоон" арга хэмжээнээс илүүтэй "хүрэн" үйл ажиллагаа давамгайлж байгаа нь бүс нутгийн улс орнуудын дунджаар авч үзэхэд, эдийн засгийн сэргэлтэд чиглэсэн дөрвөн арга хэмжээ тус бүрийн нэг нь л уур амьсгалд ээлтэй арга хэмжээ байгаагаас харагдаж байна.

Ядуурал нэмэгдэж, тэгш бус байдал газар авлаа

Эдийн засгийн хямралын улмаас тус бүс нутагт ядуурал сүүлийн 20 жилд анх удаа буураагүй бөгөөд 32 сая хүн ядуурлаас гарах боломжоо алдаад байна.

Өвчин эмгэг, үүнээс үүдэлтэй зогсонги байдал, мөн түүнчлэн, нийгмийн халамж болон дижитал технологийн тэгш бус хүртээмжээс шалтгаалан тэгш бус байдал нэмэгдэв.

  • Материаллаг болон хүмүүн капиталын хорогдол нь ядуу хүмүүсийн хувьд илүүтэй хүнд ажиглагддаг. Зарим улс орнуудын хувьд, амьжиргааны түвшнээрээ хүн амын доод 40 хувьд хамаарах өрхүүдийн хүүхдүүдийг амьжиргааны түвшин дээгүүр 20 хувьд хамаарах өрхийн хүүхдүүдтэй харьцуулахад сурч боловсрох боломж нь 20 хувиар доогуур байна.
  • Эмэгтэйчүүд илүү их хүчирхийлэлд өртөж байна: БНАЛАУ-д судалгаанд оролцогчдын 25 хувь, Индонезид 83 хувь нь КОВИД-19-ийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл улам бүр дордсон гэж хариулжээ.
  • Томоохон компаниуд борлуулалтынхаа дөрөвний нэгийг алдсан бол бичил аж ахуйн нэгжүүд борлуулалтынхаа гуравны нэгийг алджээ. Жижиг аж ахуйн нэгжүүд цахим шинэ боломжуудын давуу талыг ашиглах боломж багатай байна.

Ялгаатай байдлаас сэргэлт рүү гурван өөр хурдаар

  • 2021 онд Хятад болон Вьетнамын өсөлт тус тус 8.1 ба 6.6 хувь байх төлөвтэй байна. Эдгээр улсуудын хувьд хямралын сөрөг нөлөө харьцангуй бага байсан тул КОВИД-19-өөс өмнөх үеийн төлөвтөө илүү хурдан шилжихээр байна.
  • Бүс нутгийн бусад улс орнуудын эдийн засаг дунджаар 4.4 орчим хувиар өсөх ба хямралын өмнөх үеийн өсөлтөөс 0.4 нэгж хувиар бага байх төлөвтэй байна. Хямралын гүн гүнзгий ул мөрөөс шалтгаалан КОВИД-19-ийн өмнөх үеийн төлөвтөө ойртох явц нь удааширч байна.
  • Жижиг улс орнуудын хувьд, ялангуяа аялал жуулчлалаас хамааралтай арлын эдийн засагтай орнуудад сэргэлт удааширч, шууд утгаараа цар тахалд бага нэрвэгдсэн хэдий ч, эдгээр улс орнуудын хагас нь сөрөг өсөлттэй байх төлөвтэй.

Сэргэлтэд нөлөөлөх гол хүчин зүйлс

Илүү хурдтай сэргэж буй улс орнууд:

  • Урт хугацаанд хөл хорио тогтоохын оронд, хатуу хөл хорионоос шинжилгээнд суурилсан илүү үр дүнтэй стратеги руу эрт шилжих замаар КОВИД-19-ийн халдварыг үр дүнтэйгээр тогтоон барьсан (вакцинжуулалт одоохондоо тус бүс нутгийн өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй байна),
  • Аялал жуулчлалын орлогоос хэт хамааралгүй байсны зэрэгцээ үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ялангуяа цахилгаан барааны худалдаа сэргэж буй давуу талыг ашигласан,
  • Засгийн газрууд нь бодлогын хангалттай орон зайтай байсан тул төсөв, мөнгөний томоохон дэмжлэг үзүүлж чадсан байна.

Бодлогын тэргүүлэх чиглэл

КОВИД-19-ийг тогтоон барихад чиглэсэн үйл ажиллагаа

  • Вакцины одоо байгаа нөөц болон хуваарилалтыг харахад 2021 оны эцэс гэхэд аж үйлдвэржсэн орнууд нийт хүн амынхаа 80-аас дээш хувийг, харин хөгжиж буй улс орнууд 55 орчим хувийг вакцинжуулалтад хамруулахаар байна. Үүний зэрэгцээ илүү хурдтай халдварладаг, дархлааг дарангуйлах боломжтой вирусийн шинэ хувилбарууд (VOC) хүлээгдэж буй үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй.
  • Индонез, Филиппин зэрэг COVID-19-ийг хяналтдаа авч чадаагүй улс орнуудад вакцинжуулалтыг түргэвчлэх нь нэн чухал байна. Харин, COVID-19-ийг бүрэн арилгахаар зорьж хяналтдаа авч буй Хятад, Вьетнам зэрэг улс орнуудын хувьд, хүн амаа вакцинжуулах илүү оновчтой стратеги боловсруулах орон зай бий.
  • Вакцинжуулалт нь ихэнх улс оронд вирусийн халдварыг бүрэн таслан зогсооход хангалтгүй тул Засгийн газрууд вакцины үр нөлөө, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор эмийн бус бусад арга хэмжээ, ялангуяа шинжилгээ авах, хавьтлыг тодорхойлох, тусгаарлах арга хэмжээгээ илүү сайжруулах нь зүйтэй. 

Маргаашийн тогтворгүй байдлыг бий болгохгүйгээр өнөөдрийн сэргэлтийг дэмжих нь

  • Төсвийн бодлого нь тусламж, сэргэлт болон өсөлтийг дэмжих гэсэн гуравласан үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн  олон улс оронд улсаас олгож буй дэмжлэг нь иргэд, ААН-үүдийн орлогын алдагдлыг бүрэн нөхөхөд хүрэлцэхгүй, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн санхүүжилт нь дотоод эрэлтийн уналтыг нөхөхгүй байгаа бөгөөд төсвийн хөрөнгө оруулалт нь эдийн засгийг сэргээх арга хэмжээнд чухал хүчин зүйл болж чадахгүй байна. Үүний зэрэгцээ, Засгийн газрууд ДНБ-ийхээ бараг 10 хувьтай тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлж буй тул улсын өр ДНБ-ий 7 хувьтай тэнцэх хэмжээгээр өсөөд байна.
  • Бүс нутгийн улс орнуудын Засгийн газрууд зардлаа илүү үр ашигтай болгох боломжтой. Жишээлбэл,  хямралын үед орлого нь буураагүй өрх болон компаниуд алдагдалд орсон өрх, компаниудын нэгэн адил тусламж авах боломжтой байна. Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага сайтай улс орнуудад төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж даруй 4 дахин өндөр байдаг.
  • Засгийн газрууд зардлаа танах, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхээс илүүтэй ирээдүйд сахилга, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг итгэл төгс хийх боломжтой. Тэд мөн, үрэлгэн, регрессив зардлыг бууруулах үүрэг хүлээж болно.  Шатахууны татаас нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн томоохон улс орнуудын ДНБ-ий 0.25-1.3 хувьтай дүйцдэг.
  • Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудад зээлийн бодит хүү нь эерэг, заавал байлгах нөөцийн шаардлага харьцангуй өндөр, инфляцын түвшин доогуур байгаа тул эдийн засгийг сэргээхэд мөнгөний бодлогыг эдгээр улс орнууд үргэлжлүүлэн ашиглах боломжтой. 

Өсөлт, эсхүл ядууст хор хөнөөл учруулахгүйгээр ногоон хөгжлийн зарчмыг хэрэгжүүлэх

  • Тус бүс нутаг нь хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэхэд гол нөлөө үзүүлдэг бөгөөд 2000 оноос хойших хугацаанд ялгаруулалт даруй 3 дахин нэмэгдэж, дэлхийн нийт хүлэмжийн хийн бараг гуравны нэгийг бүрдүүлж байна. Бүс нутаг нь, үүний сацуу уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг ч амсаж байна. Гэхдээ, хүлэмжийн хийн ялгаруулалт багатай үйлдвэрлэл эрхлэхийн тулд хэрэглээ болон үйлдвэрлэлийн хэв маягаа ихээхэн өөрчлөх шаардлагатай тулгарна. Хятад улсын авч хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын гурван арга хэмжээ тус бүрийн нэг нь уур амьсгалд ээлтэй байгаа бол, Индонез болон Филиппин улсын хувьд таван арга хэмжээ тутмын нэг нь л гагцхүү уур амьсгалд ээлтэй байна.
  • Бодлого боловсруулагчид дараах арга хэрэгслийг хамтатган ашиглаж болно: (i) чулуужсан түлш болон эрчим хүчний татаасыг халах, (ii) нүүрстөрөгчийн үнийн тохиргоо хийх, (iii) инновац болон хүлэмжийн хий бага ялгаруулдаг дэд бүтцэд оруулах төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, (iv) эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, газар ашиглалт, хот төлөвлөлт зэрэг эдийн засгийн гол салбаруудад хүлэмжийн хий бага ялгаруулахад чиглэсэн бодлогын шинэчлэл хэрэгжүүлэх.
  • Хүлэмжийн хий бага ялгаруулдаг эдийн засагт шилжихдээ үүний зардлыг шударгаар хуваарилах алхмуудыг мөн хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээлбэл, нүүрстөрөгчийн тохиргоо хийгдсэн үнээс бий болсон орлогыг эдийн засагт эргүүлэн ашиглаж нүүрстөрөгчийг бууруулахад гаргасан зардалд татаас олгох, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулах, хөдөлмөр, хэрэглээ, ашгийн татвар зэрэг бусад гажуудлыг бууруулах боломжтой.

Олон улсын хамтын ажиллагааг үндэсний зоримог үйл ажиллагаатай уялдуулах

  • Вакцин болон шинжилгээний сорьц зэрэг эмийн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл, баталгаажуулалтын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, тэдгээрийн хуваарилалтыг хэрэгцээ шаардлагад нийцүүлэх КОВИД-19-ийг тогтоон барих, түүний шинэ хувилбаруудын тархалтыг бууруулахад тус дөхөм үзүүлнэ.
  • Зарим Засгийн газрууд өсөлтийг дэмжих хөшүүргийг дутуудуулах талтай байдаг тул төсвийн бодлогын тал дээр уялдаатай ажилласнаар дэлхийн хэмжээнд хамтын үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой.     
  • Хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагаанаас гадна олон улсын тусламж нь хөгжиж буй улс орнуудад өөрсдийн хязгаарлагдмал нөөц бололцооноос илүү лавтай уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахад нь тус дөхөм үзүүлэх болно.

Даян дэлхий нийтийн гурван бараа, үйлчилгээнд Хятад улсын оруулах хувь нэмэр

Шинжилгээний тоног төхөөрөмж, амны хаалт болон вакцины үйлдвэрлэл, экспортыг өргөжүүлэх замаар цар тахалд хяналт тавихад; хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсвийн хөшүүргээр дамжуулан дэлхийн эдийн засгийн сэргэлтэд; уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр илүү тууштай арга хэмжээ авах замаар ногоон ертөнцийг цогцлооход Хятад улс чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Аль ч тохиолдолд илүү аюулгүй ертөнцөд хилээ нээх; илүү тэнцвэртэй дотоодын өсөлтийг бий болгох; уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дотоодын сөрөг үр дагаврыг бууруулах нь Хятад улсад өөрт нь мөн өгөөжтэй байх болно.