Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шри Ланка улс нүүрний хаалтыг хориглож, исламын сургуулиудыг хаахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн далайн арал улс Шри Ланка үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс исламын шашны эсрэг томоохон арга хэмжээ авах болсноо өчигдөр зарлажээ.

Тухайлбал муслим эмэгтэйчүүдийн нүүр, биеэ халхалдаг өмсгөл буюу буркаг бүрэн хориглохоор болсон байна.

Шри Ланкын дотоод хэргийн сайд Сарат Верасекара өчигдөр болсон арга хэмжээний үеэр хэлэхдээ “Бурка нь манай үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлж байна. Олон жилийн өмнө бид маш олон муслим найзтай байсан. Тэр үед муслим эмэгтэйчүүд бурка огт өмсдөггүй байлаа. Харин саяхнаас ийм соёл дэлгэрсэн нь шашны экстремист үзэл нэмэгдсэний шинж юм. Тиймээс бид үүнийг хориглоно” гэжээ.

Үүнээс гадна Шри Ланка улсад оршдог 1,000 гаруй исламын шашны сургуулийг хаахаар бэлдэж байгааг сайд мэдэгдсэн юм.

Эдгээр сургуулиудыг тус улсын боловсролын хөтөлбөрийг дагадаггүй, голдуу араб хэл, коран судар заадаг гэж буруутгажээ.

Исламын шашныг хязгаарлах энэхүү шийдвэрийг удахгүй засгийн газрын хурлаар оруулж, батлуулахаар болсныг Сарат Верасекара мэдэгдсэн байна.

Шри Ланка улсын 22 сая хүн амын 70 гаруй хувь Буддын шашин шүтдэг бол 9 орчим хувь нь Исламын шашинтай юм.

Хүн амын 15 хувийг эзэлдэг үндэсний цөөнх болох тамилчууд хинду шашин шүтдэг байна.

Шри Ланка улсад 2019 оны дөрөвдүгээр сард террорист халдлага гарахад 260 гаруй хүн амиа алдаж байв. Исламын Улс бүлэглэлийг дэмжигч орон нутгийн хоёр экстремист байгууллага уг халдлагыг үйлдсэн байна. Тэд загалмайтны шашны улаан өндөгний баяраар олон хүн цугларсан католик шашны хоёр, протестант шашны нэг сүм болон гурван зочид буудалд бөмбөг дэлбэлж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press