2021/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
21:00
S29
20°
22:00
S29
18°
23:00
S29
17°
00:00
S29
16°
01:00
S29
16°
02:00
S31
15°
03:00
S29
14°
04:00
S29
13°
05:00
S30
13°
06:00
S30
14°
07:00
S30
15°
08:00
S30
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Бэгзсүрэн: Сансрын юм ярилаа гэж зэмлэсэн ч урагшилна

ikon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг

Монголын залуус хоёр дахь хиймэл дагуулаа хөөргөхөөр ажиллаж байна.

Энэ бол Монголдоо, зөвхөн монгол залуус бүтээж буй "ТЭМҮҮЛЭЛ" хиймэл дагуул. Тиймээс "Тэмүүлэл” ярилцлагын зочноор МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн судлаач, Хоккайдо их сургуулийн доктор Т.Бэгзсүрэнг урьж сансрын технологи, хиймэл дагуулын хөгжил, хэрэглээний талаар ярилцлаа.

Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулав. МоСТХ, ШУА-ийн ООГХ, “Васт” продакшн хамтран ажиллаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/Vast.content/posts/185464600004598

 -Ер нь олон улсын үйл амьдралын мэдээллийн төвд сансар, одон орон судлалын сэдэв жин дарж байна. Дэлхийн улс орнууд, хувийн хэвшлийн томоохон компаниуд яагаад энэ салбарыг илүү сонирхож эхлэв гэдгээс ярилцлагаа эхэлье.

-Энэ бол хэрэглээтэй холбоотой. Сансарт ажиллаж байгаа технологиуд хүний амьдралын зайлшгүй хэрэглээтэй салшгүй холбоотой болж ирлээ. Дэлхийг ажиглах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт өргөн ашиглаж байна.

Нөгөө талаас уламжлалт хиймэл дагуулууд нэг бүр нь өөрийн гэсэн пуужингаар хөөрөөд өөрийн хурдтайгаа харьцангуй орбитыг олж тойрог замд ордог байсан. Харин орчин үеийн жижиг хиймэл дагуулууд энэ загварыг өөрчилж, зөөвөрлөгч пуужингаар Олон Улсын Сансрын станцад олноороо хүргэгдэн тусгай тоноглосон гараар нам тойрог замд ордог шинэ технологи хэрэглэх болсон. Хөөргөх зардал хямдарсан нь хувийн компаниуд энэ бизнест оролцох боломжийг олгосон.

-Хиймэд дагуул бидний мэдэх өөр ямар ямар хэрэглээтэй холбогдож байна вэ?

-Хиймэл дагуулуудыг үүрэг чиглэлээр нь ангилж үзвэл. Харилцаа холбооны, байршил тогтоох, дэлхийг ажиглах, шинжлэх ухааны туршилтын гээд ангилж болно. Нэг жишээ ярихад Филиппин улсад далайн хар шуурганы улмаас үүрэн холбооны гар утасны бүх сүлжээ унаж, шугам сүлжээ тасарч холбоо барих боломжгүй болоход зөвхөн сансрын харилцаа холбоо ажиллаж байх жишээтэй.  Эндээс сансрын харилцаа холбоо нь ямар их ач холбогдолтойг ойлгож болно. Мөн сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар телевизийн олон суваг үзэж байна.

Хот байгуулалт, хөдөө аж ахуйн салбарт өргөн ашиглаж эхэлсэн. Нэг тодорхой жишээ ярихад хүний нүдээр харахад яг адилхан нов ногоон хоёр ургамал байлаа гэхэд сансрын хиймэл дагуулаас авсан зургаар аль хэсэг нь өвчилсөн, ус, бусад эрдэс бодис бордоогоор дутагдсан нь мэдэгддэг байх жишээтэй.

Та бидний сайн мэддэг байршил тогтоодог GPS. Бид GPS ашиглан аль улсын ямар хотод, цаашлаад ямар дүүрэгт, ямар нэртэй газар яваагаа мэдэж болдог. Мөн хөдөө хээр төөрөхгүй явахад хамгийн тохиромжтой хэрэглээ бол GPS болоод байна. GPS-ийг ашиглан цаг мэдэж болдог. Байршил тогтоодог сансрын хиймэл дагуул нь нано секундын нарийвчлалтай атомын цагийг өөрөө дээрээ суурилуулсан байдаг. Миний хувьд Японы Хоккайдо их сургуульд суралцаж төгссөн чиглэл бол хиймэл дагуулын камертай холбогддог. Манай багийн хувьд өөр өөр чиглэлээр суралцаж ирсэн байдаг. Жишээ нь доктор Эрдэнэбаатар баттерейны чиглэлээр, Төртогтох төв процессор, удирдлагын чиглэлээр, миний хувьд хиймэл дагуул дээрх мэдрэгч камеруудыг хэрхэн хийх, ямар мэдээлэл авах вэ гэдгийг судалж төгссөн.

Хүмүүс сансрын технологи ярихаар бүх зүйлийг нь мэддэг хүн байна гэж ойлгож болох юм. Бодит байдал дээр энэ технологи маш олон салбар болж хөгжсөн. Тэгэхээр миний хувьд өөрийнхөө хариуцсан хэсгийг л маш мэднэ гэсэн үг. Бид багаар ажилладаг.

-Сансрын хиймэл дагуулын мэдээллийг манай улсын хувьд хэр өргөн ашиглаж байна вэ?

-Ний нуугүй хэлэхэд өргөн ашиглаж чадахгүй байна. Миний хувьд саяхан Улсын онцгой комиссынхонтой хамтран ажиллаж судалгаа тооцоон дээр жаахан суусан. Онцгой байдлын салбарт сансрын хиймэл дагуулын зураглал хийх тал дээр тодорхой төвшинд сайн ажиллаж байна. МУИС-ийн газар зүйн танхимын эрдэмтэн судлаачид орон зайн мэдээллийн систем дээр мөн бас сайн ажиллаж байна. Гэхдээ сансрын технологи өндөр хөгжсөн улс орнууд шиг шинжлэх ухааны үндэслэлтэй амьдрал дээр хэрэгжүүлж хараахан чадаагүй байна. Тухайлбал, Япончууд загас агнахдаа сансрын хиймэл дагуулын зураг ашиглаж байна. Сансрын дэвшилтэд камераар нэг удаа хараад хаана явааг нь мэдээд амдаж очоод барих жишээтэй. Халим болон бусад том загаснуудыг ч гэсэн хаана явааг нь мэдэх боломжтой. Монголчууд ч гэсэн удахгүй сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар адуу малаа хаана явааг нь мэдэх боломжийг бүрдүүлэх байх гэж найдаж байна.

-Онцгой байдлын салбарт цаг уурын болон давагдашгүй хүчин зүйлсийн аюулыг цаг алдалгүй мэдэх хэмжээнд ашиглаж чадаж байна уу?

-Халдварт өвчний нөхцөл байдлыг тандан судлах, хэсэгчилсэн хөл хорих гээд зураглал гаргахад олон улсын төвшинд ашиглаж байна. Харин Дорнод аймагт хээрийн түймэр гарлаа, Дорноговь аймагт хүчтэй шороон шуурга боллоо гэх мэдээллүүдийг цаг алдахгүй шууд авч байна уу гэвэл бас үгүй. Олон улсад үнэгүй ашиглах боломжтой сансрын хиймэл дагуулын мэдээлэл ашиглаад зарим зүйлийг мэдэж болно. Тухайлбал, сая Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн улмаас нуурын мөсөнд томоохон ан цав үүссэн эсэхийг сансрын хиймэл дагуулын тусламжтай олж мэдэж болж байна.

Харин ирээдүйд бид өөрсдөө шинэ технологи хөгжүүлснээр Оюу толгойн ил уурхайн олборлолт ямар хэмжээнд байна, хэдэн машин баяжмал экспортод гарч байна вэ, Таван толгойн бүлэг орд дээр хэдэн м2 газар хөрс хуулав, өдөрт хэдэн машин нүүрс ачив гэх зэрэг мэдээллийг өдөр тутам авч болно. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг өдөр болгон тогтсон цагуудад авч архив үүсгэж болж байна. Энэ бүхнийг ашиглах хэрэгтэй. Үүнийг ашиглахын тулд газар дээр тухайн мэдээллүүдийг авах дэд бүтцийг бий болгох шаардлагатай.

-Монголчууд бид хэдийгээр өөрийн гэсэн хиймэл дагуулгүй ч гэсэн таны саяны хэлдэг боломжуудыг ашиглах боломжтой гэсэн үг үү?

-Тийм. Юм бүхнийг үнэтэй ашиглана гэвэл хэцүү, бас үнэгүй ашиглаад байх нь зохимжгүй. Гол нь бид ямар боломжууд байгааг мэдэж байх ёстой. Энэ л чухал. Дээр дурдсан хөдөө аж ахуйн салбарт дэлхийг ажиглах хиймэл дагуулын мэдээг өргөн ашиглах боломжтой гэж. Саяхан Үндэсний телевизээр нэг мэдээ гарч байсан. Сэлэнгэ аймагт нэг тариаланч сансрын хиймэл дагуулын зургаас өөрийн талбайд үр тариа хэрхэн ургаж байгааг тодорхой хугацаанд хянаад шаардлагатай газар нь бордоо хийх, услах зэргээр тордоод нийт талбайгаас авах ургацынхаа хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэн тухай ярьж байсан. Бид өөрийн гэсэн хиймэл дагуулгүй юм чинь сансраас юм хүртэхгүй гэсэн бодлоор хандах хэрэггүй.

Монголчууд сансрын технологийн чиглэлээр 1970-аад оноос хүний нөөцөө бэлтгэж эхэлсэн. 1981 онд Монгол хүн сансарт ниссэн. Харин 1990-ээд оноос нэг хэсэг тасарч байгаад одоо шинэ үеийн залуучууд бэлтгэгдэж ирээд байна. Бид өөрсдийн гэсэн хиймэл дагуулыг сансарт хөөргөнө. Мэдээж цаг хугацаа, хөрөнгө мөнгө, судалгаа шинжилгээний асар их ажил бий. Бид хийж хөөргөхгүй юм бол бидний дараагийн үеийн хөгжил мөн л удааширна. Дараа үедээ гишгэх шатыг нь бэлдэх үүднээс заавал энэ ажлыг гүйцэтгэх үүрэгтэй гэж бодож байгаа.

 

-Монголын сансрын технологийн инженерийн багийн залуус Япон улсад сурч ажиллаж байхдаа Япон, Филиппин, Вьетнам зэрэг улсын хиймэл дагуул дээр ажиллаж байсан туршлага бий. Одоо эх орондоо хэрхэн баг болж ажиллаж байна?

Хиймэл дагуулыг хөөргөхөд маш олон системүүд ажиллаж байдаг. Хамгийн наад зах нь залгагдах тэжээл байхгүй тул нараар өөрийгөө цэнэглэдэг байх ёстой. Сансарт агаар байхгүй, даралт байхгүй, наран талдаа хэт халуун, наргүй талдаа маш хүйтэн байдаг. Энэ нөхцөлд хиймэл дагуул буюу электроник систем ажиллуулна гэдэг гайхамшиг. Судалгаа, тооцоолол, тест зэрэг гээд нарийн ажил маш их. Зөвхөн зураг авах үүрэгтэй хиймэл дагуул байлаа гэхэд ганцхан камер байх юм шиг ойлгож болохгүй. Системийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд маш олон дагалдах төхөөрөмжүүд ажиллана. Тийм учраас олон талаас нь судалсан хүмүүс нэгдэж баг болох нь зүйн хэрэг. Одоогоор докторын зэргээ өөр өөр чиглэлээр хамгаалсан дөрвөн хүн байна. Магистрын зэргээ хамгаалсан таван хүн бий. Бакалаврын төвшинд суралцаад төгсөх гэж байгаа залуучуудаа оруулан тооцвол 10 гаруй хүн байна.

Монголчууд “Цаас чичихээс нааш цоорохгүй, хүнийг хэлэхээс нааш ойлгохгүй” гэж ярьдаг. Тэрэнтэй адил манай улс нэг зүйлээр цоорч гарч дэлхийг байлдан дагуулах хэрэгтэй байна. Тодорхой газар, талбарт маш хүчтэй дайралт хийж жим гаргая, тэр жимийг дагаж монголын олон залуус мэргэжилтнүүд яваасай, жимийг зам болгож өргөжүүлээсэй гэж л бодож хичээж байна. Хиймэл дагуулыг хийх нь зөвхөн сансар судлалын мэргэжилтнүүдийн хийх ажил биш. Био-технологи, хими, физик, электроник, механикийн мэргэжилтнүүд хамтарна. Энэ олон хүмүүсийг нэгдсэн бодлогоор хангаж ажиллах менежментийн баг ажиллах шаардлагатай, хөрөнгө мөнгөө олохын тулд тодорхой хэмжээний PR хийх хүмүүс ч хэрэгтэй болно.

-Сансрын хиймэл дагуул хөөргөх нь асар их өртөгтэй ажил. Хөөргөснөөр дараа нь ямар ашиг хүртэх юм бэ гэж олон хүн асуух байх. Хөрөнгө оруулагчид ч гэсэн ингэж л асууна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-“Мазаалай” хиймэл дагуул нь сургалт хийж хүний нөөц бэлтгэх, шинжлэх ухааны туршилт хийх гэсэн үүрэгтэй байсан, үүргээ биелүүлсэн. Одоо бид дахиад сургалт судалгааны чиглэлийн хиймэл дагуулыг монголоосоо хөөргөх судалгааг хийж байна. Энэ туршилт амжилттай болбол Монголд бааз суурь ажиллаж байгааг харуулна. Ингээд дууссаны дараа түүнийгээ томруулах, үүрэг даалгаврыг өөрчлөх, сайжруулах ажлууд хийнэ. Ер нь хиймэл дагуулыг хэмжээгээр ангилбал 10 хүртэл кг жинтэйг нь нано-хиймэл дагуул, 10-100 кг жинтэйг нь микро-хиймэл дагуул гээд цааш явна. Бидний дараагийн зорилт нь тодорхой үүрэг чиглэлтэй, хэрэглээнд  микро-хиймэл дагуулыг хөөргөх явдал. Энэ нөхцөлд эдийн засгийн үр ашгийг нь хүртэх боломжтой. Бидэнд асар том хүчин чадалтай нүсэр хиймэл дагуул шаардлагагүй, өртөг ч өндөртэй. Ойролцоогоор 50 кг жинтэй, урт болон өргөн нь 50 см хэмжээтэй байх нь үйлдлийн хувьд хамгийн үр ашигтай гэж тооцдог.

-Америк, Хятад, Хонг Конгоос эхлээд олон орны хувийн хэвшил сансрын технологид хөрөнгө оруулаад эхэлсэн. Бизнес эрхлэгчид хэзээ ч ашиггүй зүйлд хөрөнгө оруулахгүй гээд бодохоор?  

-Эдийн засгийн хувьд үр ашигтай гэдэг нь батлагдсан учраас л хүмүүс энэ салбарыг сонирхож эхэлсэн хэрэг. Сүүлийн үед ганц том хиймэл дагуул хөөргөхөөсөө илүү олон жижиг хиймэл дагуул хөөргөхийг илүүд үздэг болсон. Том хиймэл дагуулаас олон мэдээлэл авч болох ч гэсэн хурднаасаа хамаараад хүссэн байрлал дээр очих нь удаан. Тэгэхээр хүссэн үедээ хүссэн мэдээллээ авч чадахгүй байх талтай. Харин олон жижиг хиймэл дагуул хөөргөх нь хүссэн зураг мэдээллээ хүссэн цаг хугацаандаа авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Өртөг ч багатай тусна.

Нэг жишээ ярихад 2014 онд Японы Хоккайдо их сургуулийн профессор Юкихиро Такахаши багш “50 ширхэг микро-хиймэл дагуул хөөргөе. Үйлдлийн систем, хүчин чадал нь бүгд ижил байна. Тэгээд хугацааны зөрүүтэй хөөргөж тойрог замд оруулбал дэлхийн аль ч газрын зургийг авах боломж бүрдэнэ. Энэ 50 хиймэл дагуулыг Япон улс дангаараа хийхгүй, азийн бусад улсуудтай хамтран хэрэгжүүлнэ” гэж байлаа.  Газар дээрх дэд бүтэц буюу мэдээлэл хүлээн авах станцуудаа төсөлд оролцсон улс бүрдээ байгуулах санааг хэлж байсан. Энэ санаа маш их таалагдсан учир Бельги биш Японы Хоккайдо их сургуулийг зорих болсон юм.

-Монголчууд энэ нэгдэлд орж чадсан уу. Юкихиро Такахаши багшийн яриа өнөөдөр хэр биеллээ олж байна?

-Манай улс Азийн микро-хиймэл дагуул консорциумд байдаг. Гэсэн ч манай улс одоогоор энд нэгдэн хиймэл дагуулаа хөөргөж чадаагүй л байна. Би дээр хэлсэн 10 кг дээш жинтэй хиймэл дагуулын өртөг өндөр. Хоёрдугаарт хүн нөөцийн хувьд одоо л баг бүрдэж байна. Энэ төсөлд нэгдсэн азийн улс орнууд 5-6 хиймэл дагуул хөөргөөд ажиллуулж байна. 

-Сансрын технологиор суралцсан залуучууд эх орондоо эргэн ирж, баг болж ажиллаад энэ салбарын хөгжлийн шанг татах гээд зүтгэж байгааг харахад их сайхан байна. Таны хувьд эх орондоо ирээд хагас жилийн хугацааг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд юу амжуулав?

-Миний хувьд Япон улсад гурван жил суралцаж төгсөөд судалгааны ажил хийж байгаад эх орондоо ирсэн. Мэдээж ирсэн шалтгаан маань эх орондоо энэ салбарыг хөгжүүлье, дэлхийн хөгжлөөс тасраад хоцорчихгүйн тулд ямар нэгэн зүйл хийгээд явж байсан нь дээр гэдэг үүднээс манай багийн залуучууд тал талаас цуглаж байна. Бид бага багаар урагшаа алхаж байна. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр “Тэмүүлэл” хиймэл дагуул хөөргөх хугацаа хойшилсон.

Миний хувьд мөрөөдөл маань хэвээрээ, зорилго чиглэл маань хэвээрээ байна. Юм бүхэн санаснаар болохгүй шүү гэдгийг алхам тутамдаа мэдэрч байгаа. Намайг энэ салбарт сургах гэж манай гэр бүл, улс орноос багагүй их мөнгө зарцуулсан учраас надад ухрах зам байхгүй. Сурч мэдсэн зүйлээ эх орондоо, энэ салбарт зориулах нь миний эрхэм үүрэг гэж боддог. Зарим хүмүүс “чи сансрын юм ярилаа” гэх маягаар егөөдөж л байдаг юм.    

-Та бүхний хувьд сурч ирээд шууд ажиллах байгууллага бэлэн байв уу. Ер нь ямар асуудлууд тулгарч байна вэ?

-Монгол улсад гадаадын их дээд сургуульд сураад, төгсөөд ирсэн хүмүүст бодит дэмжлэг бага байна. Ядаж ажилд ортол нь сурсан хугацааны нийгмийн даатгалыг нөхөж төлөх,төгсөөд ирсэн мэргэжилтнүүдээ ажлын байранд зуучлах зэрэг үйлчилгээ шаардлагатай юм шиг санагдсан. Миний хувьд МУИС-д ажиллаж байгаад явсан. Буцаад яг өөрийн хүссэн чиглэлээрээ ажиллах боломж хараахан нээгдээгүй байна. Гэхдээ удахгүй шийдэгдэх байх.

Таны хөндөж байгаа асуудал зөв. Эрдэмтэн судлаачдынхаа нийгмийн баталгааг хангаж чадахгүйгээр энэ салбарын хөгжил урагш явах боломжгүй. Тиймээс ядаж нэг хэсэг нь төслөөс цалинжаад явах боломжтой ч дийлэнх олонх нь их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж амьдралдаа тус дэм болох ёстой биз дээ.

Монгол улс тусгаар тогтносон улс мөн л юм бол энэ салбарын эрдэмтэн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь зүй ёсны хэрэг. Бид дэлхийд тэргүүлээд явахгүй ч гэсэн энэ салбарт юу болоод байгаа, ямар технологи ашиглаад байгааг судалж мэдэх л хэрэгтэй. Эдийн засгийн хувьд байнгын хэрэглэгч улс байх нь илүү өртгөөр тухайн үйлчилгээг авна гэсэн үг. Тиймээс өөрсдийн гэсэн зүйлтэй байх нь яваандаа нөгөө валютын гарах урсгалыг бууруулна.

Монголчууд их ухаалаг ард түмэн. Ижил төвшний эдийн засагтай хөгжиж байгаа улс орнуудтай харьцуулахад хүн амын бичиг үсгийн боловсрол өндөр, салбар бүрд эрдэмтэн судлаачид байдаг. Цаашид шинжлэх ухаанд шимтэн суралцдаг хүүхэд залуучуудаа нэмэгдүүлэхэд, аливаа зүйлд шинжлэх ухаанчаар ханддаг байхад  өнөөдрийн идэр үеийн залуучуудын оролцоо чухал. Үүнд бүгдээрээ хичээж идэвх зүтгэлтэй байя уриалъя.

-Баярлалаа.

 

Сэтгүүлч Б.Даваадулам

x