Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: НОСК орон сууцны санхүүжилтээ шийдэж чадахгүй хариуцлага бас хугацаа алдсан учраас өөрөө хариуцах хэрэгтэй

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг Сангийн яам, Монголбанкнаас дэлгэрэнгүй танилцуулах үеэр сэтгүүлчдийн асуусан цаг үеийн зарим асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө. 

- Зээл олголт багадаагүй гэж бодож байна. Энэ удаагийн зээлийг арилжааны банкаар дамжуулахаар байгаа. Барьцаа хөрөнгөгүй ААН-үүдэд зээлийг яаж хүртээх вэ?

- Зээл өнгөрсөн онд багадсан. 2020 онд нийт банкны системээр дамжиж гардаг зээл 15 хувиар буюу гурван их наяд төгрөгөөр багассан. Тэр хэмжээгээр зах зээлд хүлээлт үүсчихсэн. Орон зай нь дутагдаж байна гэсэн үг. Энэ удаа зээл олгохдоо хүртээмжтэй байх, зөв хүндээ очих боломжтой болгох үүднээс мэргэжлийн газраар дамжуулж олгох бодлогын шийдвэр гарсан.

Зээлээ зориулалтын бусаар ашиглахыг банкууд маш амархан илрүүлнэ. Банк мөнгөний урсгалыг хянах дэд бүтэц нэг үеэ бодвол маш сайжирсан. Мөн төв банк болон Засгийн газраас давхар хяналт тавиад явна. Зориулалтын бусаар ашигласан байвал Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээ нь зогсох, хөнгөлөлт авсан хүүг нь эргүүлж төлүүлэх зэрэг банкан дээр ч мөн эрсдэл давхар учрах гэрээний зохицуулалт хийгдсэн. 

- Төсөвт тодотгол хийх үү?

- Тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна. Энэ нь өөрөө Төсвийн тухай хуулиараа нөхцөл нь тодорхой болсон байх шаардлагатай бөгөөд одоо төсвийн тодотголыг ярих эрт байна. Төсвийн орлого хоёрдугаар сард 100%-аас бага зэрэг давсан үзүүлэлттэй гарлаа. Эдийн засгийн хөдөлгөөн идэвхжихийн хэрээр орлого хэвийн байдалдаа ирж байна. Төсвийн хөрөнгө оруулалт дээр одоогоор эрсдэл үүсээгүй. 

- НОСК-аас төрийн албан хаагчдад олгосон орон сууцны санхүүжилтийг Сангийн яамнаас олгох уу? 

- НОСК-аас өнгөрсөн жил КОВИД-ын эсрэг эрсдэлтэй нөхцөлд нүүр тулж ажилласан төрийн албан хаагчдад орон сууцыг нь биет байдлаар олгочихоод санхүүжилтийг нь хүлээж байгаа юм билээ. Уг нь өнгөрсөн жил бүх бондоо гаргаж, арилжаалаад тухайн ондоо буюу 2020 ондоо багтаад мөнгөө өгөлцсөн байх ёстой.

Сангийн яам, Засгийн газар хүүгийн хөнгөлөлтийн зөрүүг нь төсөвлөчихсөн байсан. Гэтэл одоо болохоор үүнийг зориуд улс төржүүлээд Сангийн яамны гадна хүмүүс жагсаагаад байна. Сангийн яам үүнд мөнгө өгөхгүй шүү дээ. Мөнгө ч төсөвлөөгүй.

2020 онд НОСК, Монголбанк хоёрын хооронд арилжаа нь явагдаад, санхүүжилт нь гараад, төсөвт сууснаар хүүгийн хөнгөлөлтийг нь өгөх ёстой байсан. НОСК өөрөө гаргаж чадахгүй хариуцлага бас хугацаа алдсан. Төсвөөс 100 гаруй тэрбум төгрөгийн мөнгө өгөх ямар ч боломжгүй. НОСК өөрөө хариуцах хэрэгтэй.