Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй, хоёр их наяд төгрөгийн зээлийн үйлчилгээ гуравдугаар сарын 10-наас эхэлнэ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөөний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны төлөөллөөс хамтарч хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/430297841366619

Ажлын байрыг дэмжих хүрээндэх хоёр их наяд төгрөгийн зээлийн үйлчилгээ маргаашаас эхлэхэд бэлэн болжээ. 

Өөрөөр хэлбэл, ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээл маргаашаас албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан: Хоёрдугаар сарын 10-нд Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогт төлөвлөгөөг танилцуулсан.

Энэ хүрээнд маргаашаас хэрэгжиж эхлэх иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг дэмжих, гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй, шаардлагатай бол төрөөс 60 хувь хүртэл батлан даалт гаргах боломжтой зээлийг танилцуулж байна.

Уг зээлийн үйлчилгээг нэвтрүүлэхээр багагүй цаг зарцуулсан. Арилжааны банкуудын сул эх үүсвэрүүдийг дайчлах замаар эдийн засгаа идэвхжүүлэх боломжуудыг судалж, хүүгийн хөнгөлөлтийг Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан зээлдэгчдэд олгох замаар нийт хоёр их наядын ажлын байрыг дэмжих зорилготой зээл гаргах асуудлыг эцэслэж, банкуудтай үзэглэлээ. Үүнд төв банк нэлээд үүрэгтэй, хяналт тавьж байгаа оролцож байгаа.

Зээлдэгчдэд төрөөс тавьж байгаа нэг л шаардлага бий. Энэ нь НӨАТ төлөгч байгаач гэж байгаа юм. Хэрэв бүртгүүлж амжаагүй бол өнөөдөртөө бүртгүүлэх хэрэгтэй.

Энэхүү төлөвлөгөөг танилцуулснаас хойш банкууд дээр багагүй хүсэлт хуримтлагдсан байсан. Нэгэнт ирсэн хүсэлтүүд дээр дахин боловсруулалт хийгээд зээлийг олгож эхэлнэ.

Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, энэ зээлийн үйлчилгээнд иргэд хамрагдана. Бичил, өрхийн бизнес эрхэлдэг иргэд хамрагдана. Өмнө нь төрөөс хэрэгжүүлсэн эдийн засгийг эрчимжүүлэх зорилготой зээлүүдээс иргэд хоцроод байдаг байсан бол энэ удаад иргэдийг түлхүү хамруулна. Ялангуяа КОВИД 19-ийн халдварын үед хөл хоригдсон, захууд дээр ажилладаг иргэдээ хамруулъя гэж шийдсэн.

Түүнчлэн уг зээлд хэрэглээний зээл орохгүйг анхааруулъя. Зөвхөн бизнес эрхэлдэг, орлого олдог, өрхөө тэжээдэг, ажлын байр бий болгодог, цалинжуулдаг иргэдэд олгох юм.  

Энэ зах зээл дээр ажилладаг хэд хэдэн банканд судалгаа хийсэн. Ингэхэд иргэдийн зээлийн 80-90 хувь нь 50 сая хүртэл төгрөгийн бизнесийн зээл байдаг юм байна. Тиймээс иргэдэд 50 сая төгрөг хүртэл, гурван хувийн хүүтэй, зөрүү долоон хувийг төрөөс олгох замаар 20-25 мянган иргэнд нийт 500-600 тэрбум төгрөгийн зээл олгох тооцоо судалгаа гарсан.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд 500 сая хүртэл төгрөгийн зээл авах боломжтой. Шаардлагатай бол зээлийн 60 хүртэл хувьд нь төрөөс батлан даалт гаргуулж болно. НӨАТ төлөгч байх шаардлага зөвхөн аж ахуйн нэгжид хамаатай.

Бид төсөв дээрээ 4.1 их наядын ачаалал авч байж ковидийн халдварыг даван туулж байна. Үүнд маш олон хөнгөлөлт болон хүүхдийн мөнгө орж байгаа.  Тиймээс цаашид төсөв дээр нэмж ачаалал авах боломжгүй болж байна.  Тэгвэл энэ удаад танилцуулж байгаа хөтөлбөр нь 20 дахин бага ачаалал авч байж, 2-3 их наяд төгрөгийн эдийн засгийн идэвхжүүлэлт хийж байна. Үүнд огцом нэмэгдэх мөнгөний нийлүүлэлт, инфляцыг өдөөх сөрөг зүйл гарахгүй.  Өөрөөр хэлбэл, банкны өөрийнх нь эх үүсвэрээр эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийнэ.

Мөн аж ахуйн нэгжүүдийн өмнө нь авсан 20 сая хүртэл зээлүүдэд дахин санхүүжилт хийж, гурван хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх боломжийн олгож байгаа. 

Энэ удаагийн төрөөс хэрэгжүүлж байгаа зээлийн үйлчилгээнд хийж байгаа нэг том өөрчлөлт нь хяналт шалгалт. Банкуудаар дамжина гэдэг өөрөө маш том хяналтад орж байна гэсэн үг. Зээл олгодог, эрсдэл тооцдог мэргэжлийн байгууллагуудаар энэхүү зээлийн үйлчилгээ дамжиж байгаа нь хяналт шалгалтыг бий болгож байгаа юм.

Зээлийг авснаас хойш зориулалтын бусаар ашиглах, дамжуулан хүүлэх гэх мэтээр ашиглах юм бол шийтгэл ногдуулна. Хэрэв зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдвол гурван хувийн хүүтэй зээлээр шууд тухайн банкны арилжааны зээл рүү шилжинэ. Арилжааны зээл нь 16-гаас дээш хувийн хүүтэй байдаг. Өмнө нь төлсөн хүүгийн дэмжлэгийг төр шууд банкнаас суутгаж авна. Банк өөрөө харилцагчтайгаа учраа олно.

Монголбанкы ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төв банкны зүгээс Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөнд тодорхой гурван хэсэгт хамтарч ажиллана.

  1. Репо санхүүжилт /хэрэгжиж байгаа/
  2. Ипотекийн зээл /10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд хэмжээгээ 2 дахин нэмэгдүүлж оролцохоор төлөвлөсөн. 2021 онд 700-гаад тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоор төлөвлөсөн. Хэрэгжиж байгаа /
  3. Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй, хоёр их наяд төгрөгийн зээл /банканд тодорхой эх үүсвэрүүд цугласан. Маргаашаас хэрэгжиж эхэлнэ/

2020онд зээл олголт 6 хувиар буурч, 17 их наяд төгрөг болсон. Эдийн засагт санхүүжилт дутагдсан тул эдийн засаг 5.3 хувиар агшсан. Иймд зээл олголтыг өсгөх шаардлага үүссэн. Иймд 10 их наядын төлөвлөгөөг бид дэмжин ажиллаж байна. Маргаашаас олгож эхлэх зээлийн эрэлт өндөр байна. Нийт ээлийн багцын 70 хувийг заавал шинэ зээлд олгоно. Харин 30 хувийг өмнөх зээлдэгчдэд олгож болно" гэв.