Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарим хүмүүст шагнал гардууллаа. Онцолбол, УДЭТ-ийн ерөнхий найруулагч, үзэгчдийн танил болсон "Драмын дөрөв" хамтлагийн ахлагч Н.Наранбаатарт Төрийн соёрхол хүртээлээ.
Тэрбээр “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Шөнө амталсан нулимс”, “Парисын Дарь эхийн сүм”, зэрэг жүжгээр театрын урлагийн шинэ илэрхийлэл, шинэлэг дэг тавилтыг бий болгож, Монголын орчин үеийн найруулах урлагийн үндэсний онцлогийг тодоор харуулсан шилдэг бүтээл туурвисан юм.
Түүний хувьд МУСТА, Алтан гадас одонгоор шагнуулж байсан бол одоо Төрийн соёрхолт найруулагч боллоо.
Мөн инженер Н.Нацагнямд “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” бүтээлээр нь Төрийн соёрхол хүртээлээ.
Н.Нацагнямын бүтээл нь олон тэрбум долларын инновацийн импортыг дотооддоо хямд өртгөөр зохион бүтээх боломжийг бататгасан. Монголын өнөөгийн зарим зардал ихтэй импортын эдийн засгийн тогтолцоог өөрчилж, үйлдвэрлэгч экспортлогч эдийн засгийн тогтолцоо бий болоход түлхэц үзүүлнэ хэмээн дүгнэгдсэн байна.
Шагналыг Ерөнхийлөгч өнөөдөр морь цаг буюу 11.40 цагт Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд гардуулсан юм.
Ерөнхийлөгч “Ингээд 2013 оны Төрийн соёрхол хүртсэн хоёр залуудаа баяр хүргэе. Энэ бол хүний хийсэн бүтээлд олгодог шагнал юм. Н.Нацагнямд Төрийн соёрхол хүртээж буй нь онцлогтой. Учир нь шинэ техник технологи нэвтрүүлэх ажил Монголд үнэхээр чухал байгаа. Энэ чухал ажлыг хийж буй залуучууд, хамт олон цөөнгүй бий. Манайд шинэ техник технологи, компьютерийн програм хангамжийг зөвхөн гадаадад хийдэг, монголчууд чадахгүй гэсэн ойлголт байдаг. Монголчууд үүнийг хийж чадна. Оюуны бүтээлийг шударга, зөв зүйтэй үнэлдэг болсон цагт Монгол Улсын хөгжил эрчимжиж, зөв чигт урагшлах учиртай.
Иймээс юм хийж бүтээж буй, техник сэтгэлгээтэй залуусыг төлөөлүүлэн Н.Нацагнямыг шагнаж байгаа юм. Цаашид улам их зүйлийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ салбарт ажиллаж буй нийт залуусаа урамшуулж энэхүү шагналыг олгож буй юм.
Н.Наранбаатарын хувьд бас их онцлогтой. Нийгмийн сэтгэлзүй, оюун санааг хөтөлж явахад манай урлагийнхан онцгой хувь нэмэр оруулдаг. Н.Наранбаатар нь энэ салбарт эрчимтэй, үр дүнтэй ажиллаж нийтийн таашаалд хүрсэн уран бүтээл олныг туурвиж олны хүртээл болгож чадсан. Өнөөдөр бол түүхэн өдөр. Хийж бүтээх, сэтгэн бодох эрх чөлөөг ард түмэнд олгосон, хувьсгал эхэлсэн өдөр энэ хоёр залуу маань Төрийн соёрхол хүртлээ. Өнгөрсөн 24 жилийн турш монголчууд бид хийж бүтээж чаддагаа харуулж, бидний төлөөлөл болсон энэ сайхан залуус шагнал хүртлээ.
Цаашид Монголын олон залуус та бүхнээс үлгэр жишээ аван урамшиж, их үйлсийг хийж бүтээгээсэй. Өөрсдийн хөгжил, сайн сайхан амьдралаа өөрийн гараар цогцлоон бүтээе гэж уриалж байна. Та бүхний цаашдын ажил үйлсэд улам их амжилтыг хүсэн ерөөе” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!