Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Зээл гаргаж өгөх нэрийдлээр банкны эдийн засагчид хахууль авч байна гэх гомдол ирдэг ч банкууд үгүйсгэдэг"

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ипотекийн зээлийн хүүг 6% болгон бууруулах шийдвэр 2020 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Ийнхүү шинэ журам хэрэгжсэнээр өрхийн орлогын доод хэмжээ 900 мянган төгрөгт хүрч байвал орон сууцны 6%-ийн зээлд хамрагдах боломж бүрдсэн юм. 

Үүнээс гадна сард төлөх дүн 20%-аар буурч байгааг Монголбанк онцолсон.  

Монголбанк болон арилжааны банкны санхүүжилтийн хүрээнд 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хооронд банкууд нийт 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 1,362 өрхөд олгосон болохыг төв банкнаас мэдээлж байв.

Өнгөрсөн хугацаанд тус зээлд арванхоёрдугаар сард хамгийн олон хүн хамрагдсан байна. Тухайн сард 6%-ийн ипотекийн зээлийн 95 тэрбум төгрөгийн 1,200 гэрээ хийгджээ. 

Манай улсад жилд 15,000 мянган шинэ орон сууц ашиглалтад ордог бөгөөд үүнээс 12,000 нь ипотекийн зээлд хамрагдах жижиг талбайтай байдаг аж.

Сард 32 мянган орон сууцны нэр шилждэг. Үүний 15 мянга нь шинэ орон сууцад орж буй иргэд байгаагаас 10 мянга нь ипотекийн зээлээр байр авдаг талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн.

Арванхоёрдугаар сард ипотекийн зээлд хамрагдах 1,700 хүсэлт ирснээс 1,200-г нь шийдвэрлэсэн тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байв.

Засгийн газраас баталсан эдийн засгийг сэргээх 10 их наядын төгрөгийн төлөвлөгөөнөөс ипотекийн зээл олгоход 3 их наядыг нь олгохоор шийдвэрлээд байгаа юм. Уг зээл цаашид үргэлжлэх боломжтойг төв банкнаас мэдэгдээд буй.

Иргэд орон сууцны зээл авахад тулгардаг хамгийн хүндрэлтэй асуудал нь урьдчилгаа төлбөр юм. Барилгын компаниудын зүгээс ч борлуулалтыг сайжруулахын тулд урьдчилгаа төлбөр 30 хувийг бууруулах асуудлыг хөндсөөр ирсэн.

Гэхдээ энэ нь зээлдэгчийн сахилга батыг сулруулах, урт хугацаандаа эрсдэл үүсгэх магадлалтай. Иймд ойрын үед урьдчилгаа төлбөр нь 30 хувь хэвээрээ үргэлжилнэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлж байв.

Банкнаас иргэдэд олгох орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагаа нь энэ журам болон Монголбанкнаас баталсан орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу хэрэгжиж байгаа эсэхэд Монголбанк хяналт тавина. 

Орон сууцны үнэ хиймлээр өсгөх, авлига ашиг сонирхлын зөрчил үүсэх асуудалд хяналт тавина

Ипотекийн зээлийн асуудлаар БХБЯ-ны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд “2020 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийн хүүг 6% болгож өөрчилсөн.

2020 оны байдлаар 1,800 гаруй зээлдэгчид 120 тэрбум, он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар 30 гаруй тэрбумын санхүүжилт 370 орчим зээлдэгчид олгоод байна.

2016, 2017 онд ипотекийн зээлийн санхүүжилт 350-450 тэрбум төгрөг байсан. Коронавирусийн дараах эдийн засгийг дэмжих үүднээс жилд 600-700 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл гаргана гэсэн тооцоолол хийсэн. Дунджаар сард 50-60 тэрбумын зээл олгоно. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 20-30%-ийн өсөлттэй дүн юм.

Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийг хүртээмжтэй байдлаар явуулах тал дээр анхаарч ажиллаж байна" гэв. 

Ипотекийн зээлд хамрагдах иргэдээс банкуудын эдийн засагч хахууль авдаг эсэхэд хяналт тавьдаг тухайд “Монголбанк, Сангийн яам, БХБЯ-наас хамтарсан шалгалт хийх зохицуулалттай. Зээл гаргаж өгнө гэж банкны эдийн засагчид хахууль авч байна гэсэн гомдол манай яаманд ирдэг. Банкуудтай уулзахад ийм асуудал байхгүй гэдэг мэдээллийг өгдөг.

Орон сууцны үнэ хиймлээр өсгөх, авлига ашиг сонирхлын зөрчил үүсэх асуудалд хяналт тавьж, санал боловсруулж байна” гэдгийг БХБЯ-ны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд хэллээ.

Харин зээл хүсэгч иргэдийн бүрдүүлэх материалд уян хатан хандаж болох эсэх талаар тэрбээр “Ипотекийн зээлийг 2008 онд журамласан байдаг. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 онд баталсан журамд ипотекийн зээлд хамрагдах иргэд ямар материал бүрдүүлэх талаар тусгасан. Энэ дагуу иргэд холбогдох материалаа бүрдүүлээд худалдаж авах орон сууцаа сонгоод банкандаа очиж шийдүүлэх зохицуулалттай” гэв.

Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж байгаа учир иргэдийн зээл хүсэлт шийдвэрлэгдэхгүй удах тохиолдол гарахгүй гэсэн мэдээллийг салбарын яамнаас өгч байна.

Барилга, хот байгуулалтын яамнаас 2021 онд зах зээлд нийлүүлэгдэх орон сууцны судалгааг хийж байгаа бөгөөд худалдах орон сууцны мэдээллийг цахим сангаас харах боломжийг нээхээр ажиллаж байгаа аж.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмаас иргэдийн мэдвэл зохих онцлох заалтыг хүргэе. 

  • Урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй, зээлийн үнэлгээний харьцаа 70 хувиас дээшгүй,
  • Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2 -аас ихгүй,
  • Зээл хүсэгч өөрийн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөлд байгаа орон сууцыг барьцаа болгон орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авч, зээлээр худалдан авах шинэ орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж болно.
  • Банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй. Үүнд хамтран зээлдэгч хамаарна, 
  • Монголбанк орон сууцны ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийн хүсэлтийг энэ журмын 3.3-т заасан баримт бичиг хүлээн авснаас хойш ажлын 3-5 өдрийн дотор шийдвэрлэнэ

Уг журмыг бүрэн эхээр нь ЭНДээс, харин Ипотекийн зээлийн 6%-ийн журамтай ЭНД дарж танилцана уу.