Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар сард гадаадаас 1,920 иргэнээ авчрах 12 удаагийн нислэгийн ХУВААРЬ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаадад байгаа иргэдээ авчрах тусгай үүргийн нислэгийн хуваарийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг танилцуулав.

Тэрбээр “УОК-оос өчигдөр гадаадаас ирсэн бүх иргэнийг 10 хоног тусгаарлах байранд байлгаж, нийтдээ 14 хоног тусгаарлах ёстой шаардлагыг харгалзан үлдсэн 4 хоног гэрээр нь тусгаарлан ажиглах шийдвэр гаргасан.

Тусгаарлах хоногийг ийнхүү бууруулсан тул иргэдээ авчрах нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломж гарлаа. Тиймээс энэ сард ч нэмэлт нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.

Өмнө нь энэ сард нийтдээ дөрвөн удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байсан бол дахин хоёр нислэг нэмэлтээр нисгэхээр болсон.

Тодруулбал,

  • Хоёрдугаар сарын 19-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд,
  • Хоёрдугаар сарын 24-ний өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлд,
  • Хоёрдугаар сарын 26-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд,
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр Алматы-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэсэн үг.

Хүннү-Эйр компани энэ сарын 27-нд Казахстан руу Монгол Улсын хөлбөмбөгийн болон жүдо бөхийн тамирчдын бэлтгэл сургуулилалт хийх боломжийг нь олгох үүднээс нислэг хийхээр болсон. Уг онгоц буцаж ирэхдээ тус улсаас 85 орчим иргэнийг эх орондоо авчрах боломжийг хангаж байгаа.

Харин гуравдугаар сард нийт 12 удаагийн нислэгээр 1,920 иргэнээ авчирна.

Дэлгэрэнгүй танилцуулбал,

  • Гуравдугаар сарын 2, 3, 12, 24, 28, 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд,
  • Гуравдугаар сарын 11, 15, 25-ны өдрүүдэд Токио-Улаанбаатар чиглэлд,
  • Гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Франкфурт-Улаанбаатар чиглэлд,
  • Гуравдугаар сарын 5-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Гуравдугаар сард БНСУ-руу үйлдэх дээрх зургаан удаагийн нислэгийн хоёр нь зөвхөн транзит зорчигчдыг татаж авах зорилготойг онцлоё.

Учир нь тус улсад цар тахлын нөхцөл байдлаар харьцангуй намжсан. Гэхдээ мэдээж эрсдэл бий. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, Сөүл хотоор дамжиж транзит нислэгээр эх орондоо ирэх иргэдийг БНСУ-аас ирэх иргэдтэй холихгүй байх зарчмыг баримтална.

Мөн Япон улсад зарласан онц байдал ирэх сарын 7-ны өдөр цуцлагдаж буй. Үүнтэй холбоотойгоор Япон улсад зорчих визтэй иргэдийг тусгай үүргийн нислэгүүдээр хүргэж өгөх боломжтой болсон" гэв.

"Ирэх сард 30 иргэний нислэгийн тийз, тусгаарлах байрны зардлыг гаргуулах тохиролцоонд хүрсэн"​

Үргэлжлүүлэн "Гадаадаас иргэд тусгаарлах байраа хүсвэл өөрөө сонгох боломжтой болсон.

Түүнээс гадна өнгөрсөн хугацаанд ГХЯ болон НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 800 орчим Монгол иргэнд 3.16 тэрбум төгрөгийг тийз, тусгаарлах байрны зардалд тусламж болгон олгоод байгаа.

Ирэх сард ч 30 иргэний нислэгийн тийз, тусгаарлах байрны зардлыг гаргуулахаар тохиролцоонд хүрсэн.

Энэхүү дэмжлэгийг Их Британийн Засгийн газар, НҮБ-ын COVID-19-ийн эсрэг тусгай сангаас хандивласан хөрөнгөөс иргэдэд олгож байгаа" гэв.

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/272518090983281