Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Төр өөрөө боловсролын тэгш бус байдлыг бий болгосон

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хүсэлтийн дагуу нийслэл хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд өнөөдөр мэдээлэл хийжээ.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод цэцэрлэггүй 12, сургуульгүй 38 хороо байна. Хэрэв нийслэлд 61 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж чадвал сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг бүрэн шийдэж болохоор байгааг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэлдээ онцолжээ. Гэвч газрын асуудал хамгийн их хүндрэлтэй байгааг мөн дурдсан байна.

Тэрбээр ийнхүү мэдээлэл хийсэн тухайгаа фэйсбүүк дэх өөрийн цахим хуудастаа "Гэр хорооллын айлын хашааг үнэ тохиролцох гэж цаг алддаг, эцэст нь хөрөнгө оруулалт буцаан татагддаг. Барилгын ажил оройтож эхэлдэг. Эцэст нь хүүхэд хохирдог. Нийслэлийн орон сууцны корпорацаас тухайн айлтай шууд орон сууцаар тохироо хийх нь цаг алдахгүй гэдэг Х.Булгантуяа гишүүний саналыг судалж үзнэ.

Боловсролын байгууллагын удирдлага, засаглалыг сонгох тогтолцоог сайжруулахгүй бол орон нутгаас захирал эрхлэгч нарыг сонгодог нь улстөржилт бий болгох гол шалтгаан болж байна. Хэн нэг Засаг дарга, Иргэдийн хурлын даргын халаасны хүн захирал, эрхлэгч болдог гэсэн шүүмжлэл их байна.

Гишүүддээ өөрийнхөө тойргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийг шууд хардаг аппликэйшн хийж өгнө. Мөн газрын зураг дээр тухайн аймаг, хотын нутаг дэвсгэр, хороо, баг, дүүргийн газрын мэдээллийг харах боломжтой мэдээллийн сан бүхий программтай болно. Хаана ямар хүчин чадалтай сургууль, цэцэрлэг барих боломжтой вэ гэдгээ шууд хардаг болгоно.

Сургууль, цэцэрлэгийн ачаалал адилгүй, боловсролын чанар, багшийн цалин хөлс, ур чадварын ялгаа яагаад гарсан бэ гэхээр төр өөрөө харилцан адилгүй санхүүжилтийн зөрүү гаргаж, энэ ялгааг гаргаж ирсэн буруутай. Төр өөрөө боловсролын тэгш биш байдлыг бий болгосон. Үүнийг боловсролын ерөнхий хууль тэргүүтэй дөрвөн хуулиараа засна.

КОВИД-19 цар тахалтай холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоолын дагуу оюутны сургалтын төлбөр, дотуур байрын төлөбөрийг хөнгөлөх талаар арга хэмжээ авч эхэлсэн. Энэ асуудлыг илүү тодорхой болгож мэдээлнэ.

Багш нараа хамгийн түрүүнд вакцинжуулах асуудлыг онцгойлон анхаарна" хэмээн бичжээ.