Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла компани $1.5 тэрбумаар биткоин худалдаж авсныг мэдээлсний дараа ханш нь огцом өсөв

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Илон Маскийн үүсгэн байгуулсан цахилгаан хөдөлгүүрт автомашины Тесла компани нэгдүгээр сард $1.5 тэрбумаар биткоин худалдаж авсан тухай мэдээ өчигдөр цацагдсаны дараа биткоины ханш 17 орчим хувиар өсөж, $44,220 хүрсэн байна.

Энэ мэдээг нийтлэгдэх үед нэг биткоины үнэ $46,700 орчимд хүрээд байв.

Тесла компани өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаггүй бэлэн мөнгөө өсгөх зорилгоор ийм арга хэмжээ авснаа тайлбарлажээ. Цаашдаа ч үргэлжлүүлэн дижитал хөрөнгө худалдаж авахаа мэдэгдсэн байна.

“Үүнээс гадна ойрын үед бид өөрийн бүтээгдэхүүнийг биткоиноор зарж эхлэх төлөвлөгөөтэй байна. Ингэхдээ хуулийн хүрээнд ажиллаж, хязгаарлагдмал хүрээнд эхлэх болно” гэж Тесла компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

Теслагийн энэ шийдвэр криптовалютын салбарт эргэлт авчрах чухал нөлөөтэй гэж зарим шинжээчид үзэж байгаа бол зарим нь тус компанийг томоохон эрсдэл хийж буйг анхааруулжээ.

Тухайлбал Market.com-ийн зах зээлийн ахлах шинжээч Нэйл Уилсон “Биткоин бол маш их тогтворгүй ханштай хөрөнгө. Тесла том эрсдэл үүрч байна. Энэ шийдвэр нь зарим хуучинсаг хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж магадгүй юм” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: BBC