Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Зүрх, судасны өвчний үед эмийн болон мэс заслын тусламж үйлчилгээний зардлын 70-85%-ийг ЭМД-аар хөнгөлж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ээлжит хэвлэлийн хурлаар Зүрх, судасны өвчлөлийн үед эрүүл мэндийн байгууллагаас эмийн болон мэс заслын тусламж үйлчилгээ авсан тохиолдолд нийт зардлын 70-85 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж, хөнгөлдөг талаар мэдээлэл өглөө.

Энэ тухай УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий “Найман хүний бүрэлдэхүүнтэй манай төв улсын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц төв учраас маш их ачаалалтай байдаг.

Бид өдөр бүр амбулаториор тусламж үйлчилгээ үзүүлж, үзлэг хийхээс гадна төлөвлөгдсөн бүх мэс заслыг хийн ажилладаг.

Зүрхний хэм алдагдалтай холбоотой

  • Зүрхний цохилтын тоо олшрох
  • Зүрхний цохилтын тоо унаж буюу цөөрөх гэсэн үндсэн хоёр чиглэлд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь ихэвчлэн яаралтай тусламжид тооцогддог юм. Ийм үед тусгай суулгацыг зүрхэнд нь суулгах мэс засал хийх шаардлагатай.

Мөн зүрхний дутагдал бүхий оноштой эмчлүүлэгч нарт зүрхний ажиллагааг дэмжих, зүрх гэнэт зогсохоос сэргийлэх тусгай зориулалтын суулгац тавьж өгдөг.

2012-2014 онд жилд дунджаар 20-60 хүн зүрхний хэм алдагдлын амь тэнссэн үеийн яаралтай тусламж буюу зүрхний Pacemaker суулгах эмчилгээ хийлгэсэн судалгаа бий.

Тухайн үед тус эмчилгээний 11-15 сая төгрөгийн зардлыг иргэн өөрөө төлдөг байсан. Өөрөөр хэлбэл, амь тэнссэн үеийн нөхцөлд тийм хэмжээний мөнгийг шууд гаргаад төлөхөд маш хүнд учраас ийм эмчилгээ хийлгэх хүний тоо цөөхөн байсан юм.

Дараа нь гурван сайдын хамтарсан тушаалаар хамтарсан төлбөрт тогтолцоо руу шилжсэн үеэс жилд хийгдэх мэс заслын тоо 100-150 болж өссөн бөгөөд иргэнээс гарах зардал 3-4 сая төгрөг болж буурсан.

Хамгийн сүүлд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн "Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 03 дугаар тогтоол гарч, ЭМДС-аас уг эмчилгээний 70-85 хувийг төлдөг болсноос хойш тухайн эмчилгээ хийлгэх иргэн ойролцоогоор 1.5 сая төгрөг төлөхөөр болсон юм.

​Ингэснээр зүрхний хэм алдагдлын улмаас тусгай суулгац суулгах эмчилгээ, үйлчилгээг авах иргэдийн тоо нэмэгдэж, 200-250 болох хандлага ажиглагдаж байна.

Өөрөөр хэлбэл, зүрхний хэм алдагдлын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай бүх иргэнд уг эмчилгээг хийх бүрэн боломж бүрдсэн.

Түүнээс гадна, уг эмчилгээний зардлыг төрөөс 100 хувь даах бүлгийн иргэд бий. Тэдгээр иргэн энэ тусламж үйлчилгээг огт төлбөргүйгээр авч байгааг хэлье.

Дээрх тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш одоогийн байдлаар суулгац эмчилгээг 72 иргэнд хийгээд байна. Мөн электорфизиологийн оношилгоо, аблаци буюу түлэх эмчилгээг 80 орчим хүн хийлгэсэн.

Тухайн эмчилгээнүүдийн дундаж үнэлгээ нь 10-15 сая төгрөг байдаг бөгөөд уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн гэсэн үг” гэв.

Мөн тэрбээр “Гаднын улс оронд зүрхний хэм алдагдалтай холбоотой эмчилгээний зардал өндөр байдаг.

Тухайлбал, ХБНГУ-д зөвхөн Pacemaker суулгах эмчилгээний зардал 10 мянган евро, электорфизиологийн оношилгоо, аблаци буюу түлэх эмчилгээний зардал зүрхний хэм алдагдлын төрлөөс хамаарч 30 мянган доллар хүртэл хэлбэлздэг.

Харин манай иргэд энэхүү эрүүл мэндийн тусламжийг эх орондоо ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Нөгөө талаар энэ төрлийн мэс заслын тоо олширч байгаатай холбоотойгоор туршлагатай эмч мэргэжилтнүүд ихсэж байна.

Өмнө нь иргэд эмчилгээний зардлаа төлснийхөө дараа тодорхой хувийг төрөөс ямар нэг байдлаар буцааж авах гэж олон материал бүрдүүлдэг байсан.

Харин одоо тийм байдал бүрэн арилсан. Тодруулбал, хэрвээ тухайн иргэн ЭМД төлдөг бол ямар нэг бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүйгээр шууд дээрх тусламж үйлчилгээг авах боломжтой  болсон” гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/eruul.mendiin.daatgal/videos/394624245326926