Эрүүл мэндийн яамны алхах шинжээч Д.Нарангэрэл "Эдгэрсэн хүмүүсээс эргэж коронавирусийн халдвар авсан тохиолдол гарсан эсэх болон агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих боломжтой эсэх" талаар сэтгүүлчийн асуултад хариулав.
Тэрбээр “Манай улсад коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс эргээд халдвар авсан тохиолдол гараагүй. Харин АНУ, Их Британи, БНСУ зэрэг улсад эдгэрсэн ч эргээд халдвар авсан гэх мэдээлэл бий.
Гэхдээ тухайн хүмүүс коронавирусийн мутацид орсон хэлбэрээр нь дахин өвчилсөн эсвэл хуучин өвчилсөн вирус нь архаг хэлбэрт шилжээд дархлаа нь сулрангуут дахин гарсан гэдгийг судалж байгаа.
Яг одоогоор нарийн судалгааны материал гараагүй” гэсэн юм.
Түүнчлэн эдгэрсэн хүмүүс сайн дураараа коронавирус илрүүлэх шинжилгээ өгсөөр байгаа аж.
Харин агааржуулалтаар халдвар дамжих эсэх тухайд хэлэхдээ “Энэ бол дэлхий нийтэд яригдаж буй асуудал. Сингапур, Хонг Конгт нийтийн байранд халдвар тархсан нь агааржуулалтын хоолойгоор дамжсан байх магадлалтай гэсэн судалгаа бий.
Гэхдээ яг дамжсан гэдгийг эцсийн байдлаар тогтоогдоогүй. Зөвхөн агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан.
Манай улсад нийтийн байр, нэг орцны хүмүүс халдвар авсан тохиолдол хэд хэд гараад буй. Үүнд НЭМҮТ-ийн Орчны алба тандалт, судалгаа хийж байгаа юм" гэв.
Видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!