Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

31 мянга хүртэлх хүн коронавирусийн халдвар авахад эмч, ажилтны нөөц хангалттай гэж тооцжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын хэмжээнд халдварын чиглэлээр мэргэшсэн хэчнээн эмч байдаг болон эмнэлгүүд бэлэн байдлаа хэрхэн хангасан тухай мэргэжилтнүүд мэдээлэл өглөө. 

"Байдал хүндэрвэл тэтгэврийн болон өөр байгууллагад ажиллаж буй эмч нараа дайчлан ажиллуулна"

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Монгол  Улсад 57,000 гаруй эмч, эмнэлгийн ажилтан бий. Үүнээс нарийн мэргэжлийн тархвар судлаач 120 гаруй, эрчимт эмчилгээний эмч 100 гаруй байдаг. Мөн бүр нарийн мэргэжил эзэмшсэн халдвартын эмч 80 орчим байдаг.

Гэсэн ч эмч, ажилтны нөөц одоогоор хүрэлцээтэй бөгөөд 31 мянган хүн халдвар авахад нөөц хангалттай гэж үзэж буй.

Харин цаашид халдвар нэмэгдэж, байдал хүндэрвэл тэтгэвэрт байгаа болон өөр байгууллагад ажиллаж байгаа эмч нараа дайчлан ажиллуулах төлөвлөгөөг ЭМЯ-ны хүний нөөцийн хэлтсээс гаргачихсан байгаа" гэв.

"Эрүүл мэндийн байгууллагын бүх эмч, мэргэжилтнүүд коронавируст халдварыг эмчлэх боломжтой"

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдварын хамгийн оргил үед эмнэлэгт хэдэн хүн хэвтүүлэх болон хөнгөн, хүнд зэрэг өвчтөн хэд болох вэ гэдгийг математик аргачлалаар тооцоолсон. Түүнийхээ дагуу эмчийн хүрэлцээний тооцооллоо ч хийсэн.

Коронавирусийн халдварыг заавал халдвартын эмч эмчлэхгүй. Бусад дотрын, эрчимт эмчилгээний эмч нараас эхлээд өрх, сумын эмч нарыг ч бид сургалтад хамруулж, энэ чиглэлээр сургасан. Тиймээс эрүүл мэндийн байгууллагын бүх эмч, мэргэжилтнүүд коронавирусийн халдварыг эмчлэх боломжтой гэж үзэж байна.

Ер нь эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал сайжирч байгаа.

Тухайлбал, хоёр хоногийн өмнө Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвартай өвчтөн хэвтсэн. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг бүх өвчтөнөө нэг, нэгээр нь авах зохион байгуулалтад орсон учраас халдварыг цааш тархаагаагүй. Тус иргэнийг одоогоор ХӨСҮТ-рүү татсан байна.

Халдвар бүх нийтийг хамарвал яах талаар хариу арга хэмжээний талаарх нарийн төлөвлөгөөг гаргасан учраас энэ чиглэлээр бүх эмнэлгүүд бэлтгэлээ хангаж буй" хэмээн ярив.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/259383149090626

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.