Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Гар утаснаасаа төрийн үйлчилгээг авдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг үндэстэн болох ёстой

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Салангид байгаа системүүдийг холбож байж цахим үндэстэн болно. Улсаараа өөрчлөх зорилтын төлөө хамтдаа алхах ёстой. Тухайлбал, эрүүл мэндийн салбарыг холбоно. Эрүүл мэндийн салбарт байгаа уламжлалт карт, түүн дээр гараар бичдэг байдлыг халах ёстой. Цахимаар дугаараа авдаг, бүх оношилгоо нь гадаадын аль нэг эмнэлэгт очиход хүчин төгөлдөр, Нэгдүгээр эмнэлэгт өгсөн шинжилгээ, оношилгоо нь Гуравдугаар эмнэлэгт ч хүчин төгөлдөх байх ёстой юм. Газрын харилцааг ч мөн цахимд холбоно. Гэрчилгээг цаасаар биш цахимаар, баганан кодоор олгох ёстой.

Гааль, шүүх, татвар цахимжсан. Үүн дээр Сангийн яамныхан сайн ажилласан. Улсын бүртгэлийг цахимжих хэрэгтэй. Яваандаа сонгуулийг цахимаар өгдөг, тухайн хүн өөрийгөө таниулж чадвал дуртай бүртгэл дээрээ цаг алдалгүй авдаг байх учиртай. Та шаардлагуудыг хангаж чадвал цагийн дотор хүссэн компаниа байгуулах боломжтой болно.

Зам тээвэр цахимжих ёстой. Баянзүрхийн товчоогоор гарахад модоор мөнгө авдгаа болих хэрэгтэй. Тэр нь түгжрэл үүсгэдэг. Мөнгө нь төрд эсвэл хувьд нь ордог нь ч тодорхойгүй. Шууд камераар уншаад гарах ёстой. Улаанбаатарт орон нутгийн дугаартай хэдэн машин явж байна, хэд нь нийслэлийн машин бэ, хэд нь хотын төвөөр хөдөлгөөнд оролцдог, хэд нь зах, худалдааны төвийн орчимд түгжирж байна вэ гэх мэтчилэнгээр их өгөгдлийг цуглуулж, түүнийг боловсруулж байж шийдэл гаргана.

Иргэний үнэмлэх захиалахад барагцаалбал нэг цаг 55 минут орно. Харин цахим шилжилт хийвэл 5 минут л орно. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс иргэдээ стрессгүй, өглөө сэрдэг, идэвхтэй, өглөөний 07:30 цагт үндэстнээрээ гүйдэг, гар утаснаасаа төрийн үйлчилгээг авдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг үндэстэн болох ёстой" гэв.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ "100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимд шилжүүлэх зорилттойгоор ажиллаж байна. Эдгээр үйлчилгээг иргэд таван жилд дор хаяж нэг удаа ашигладаг гэсэн судалгаа гарсан. Ингэхэд хамгийн чухал зүйл нь мэдээллийн аюулгүй байдал юм. Үүнийг e-mongolia аппликэйшнд суурилан шийдэх юм. Тухайлбал, таны татварын тооцооллыг хийхийн тулд аль хэн байцаагч таны татварын мэдээллийг шалгаж байна хэмээн мэдээлэл очдог байх нь зүйтэй юм" гэлээ.

Шууд үзэх:

https://fb.watch/3shzR1ah1j/