Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болд-Эрдэнэ: МУИС-ийг айдас, дарангуйлал дор удирдаж байна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

МУИС-д бүтцийн өөрчлөлт хийж, бүрэлдэхүүн 10 сургуулийг татан буулгах тухай яриа хоёр сарын өмнөөс гарсан. Энэ бүхнийг эсэргүүцсэн багш, оюутнууд гарын үсэг хүртэл цуглуулсан бөгөөд асуудал ч түрхэн зуур хамжаад байгаа.

Удирдлагын зүгээс гаргаж байгаа шийдвэр нь ямар ч ил тод байдалгүй, нууц далд, хуулиар дарангуйлсан, айдсын дарангуйллаар удирдсан байдалтай байгаа

Тэгвэл өнөөдөр МУИС-ийн багш нар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн мэдээлэл хийлээ

“Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн нэг талыг барьсан буюу А.Галтбаяр захирлын талын мэдээлэл тархсан бөгөөд МУИС гэж болохгүй, бүтэхгүй нь дэндсэн газар гэх ойлголтыг нийгэмд цацлаа” хэмээн  МУИС-ийн харьяа НШУС-ийн сургалтын албаны дарга, доктор Б.Болд-Эрдэнэ хэлж байна. Тиймээс сургуулийн шинэчлэлийн асуудалтай холбогдуулан багш нар түр хороо байгуулжээ.

Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр хийж байгаа мэдээллийн гол зорилго?

-Өнгөрсөн хугацаанд МУИС-ийн талаар зөвхөн нэг талын байр суурьтай мэдээлэл цацагдлаа. Нөгөөтэйгүүр МУИС-д Ардчиллын үнэт зүйлс алдагджээ.

Сургуулийн захирал А.Галтбаяр болон Удирдах зөвлөл нь Эрдмийн зөвлөлд ил тод мэдээлэхгүйгээр асуудлыг шийдэж байна. Удирдлагын зүгээс гаргаж байгаа шийдвэр нь ямар ч ил тод байдалгүй, нууц далд, хуулиар дарангуйлсан, айдсын дарангуйллаар удирдсан байдалтай байгаа. Ажилчидад “Чамайг халахгүй учир ямар нэгэн зүйл хэлж, ярьж болохгүй. Хэлбэл хална, солино” гэсэн дарангуйллыг хийж байна.

-МУИС-ийн дөрвөн багшийн нэг нь дарга, тиймээс шинэчлэл хийх хэрэгтэй. Хийснээр 600-700 сая төгрөг хэмнэх боломжтой гэсэн мэдээлэл бий. Энэ асуудалд таны байр суурь ямар байна вэ?

МУИС-ийн харьяа НШУС-ийн сургалтын албаны дарга, доктор Б.Болд-Эрдэнэ

-Үнэндээ дарга биш шүү дээ. 86 сургууль тэнхмийн эрхлэгчтэй. Тэнхмийн эрхлэгч сард 30 мянган төгрөгийн л нэмэгдэлтэй. Тэр хүнд эдийн засгийн, санхүүгийн, захиргааны ямар ч эрх мэдэл байхгүй. 600-700 сая төгрөг хэмнэнэ гэж яриад байгаа энэ бол ор үндэсгүй зүйл. Бид бодож үзлээ сайндаа л 120 орчим сая төгрөг хэмнэнэ. Гэлээ гэхдээ түүнээс илүү хэмжээний асуудалтай тулгарна. 

инэчиллийг танай сургуулийн бүх багш нар эсэргүүцэж байгаа юу?

-Дийлэнх нь эсэргүүцэж байгаа. Өнөөдөр 10 сургуулийг нэг болголоо гээд сургалтын чанар сайжирахгүй. Үүнийг алсуур алгуурхан хийх хэрэгтэй.

-Ерөнхийлөгчид өргөх бичиг барих гэж байгаа гэв үү?

-МУИС-д Ардчиллын үнэт зарчим алдагдсантай холбогдуулан  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Боловсролын сайдад өргөх бичиг хүргүүлж байгаа. Түүнчлэн энэ сарын 12-ны 12.00 цагт МУИС-ийн нэгдүгээр байрны урд жагсаал зохион байгуулахаар хүсэлтээ холбогдох газар нь хүргүүлсэн гэв.

Түүний хэлсэнтэй МУИС-ийн ОУХС-ийн багш Д.Оюунсүрэн санал нийлж буйгаа илэрхийлсэн бөгөөд энэхүү шинэчлэл нь үйл ажиллагааны ил тод байдлыг бүрэн алдагдуулсан, багш, оюутан, ажилчдын оролцоог үл оошоож, МУИС-ийг “Ардчилалгүй МУИС” болгосон гэж байв.