Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс Япон улсын нийслэлийн ойр орчимд онц байдлын дэглэм тогтоож байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдвар хурдтай тархаж байгаатай холбогдуулан Япон улсын ерөнхий сайд Ёшихиде Сүга нийслэл Токио хот болон түүний ойр орчмын бүс нутагт Баасан гарагаас эхлэн онц байдал тогтоож байгааг өчигдөр зарлажээ.

“Нөхцөл байдал улам бүр ноцтой болж байна. Коронавирусийн хурдтай тархалт орон даяар өргөжвөл ард иргэдийн амьдрал ахуй, эдийн засагт том нөлөө үзүүлэх тул ийм арга хэмжээ авлаа” гэж Сүга мэдэгдсэн байна.

Өчигдөр буюу Пүрэв гарагт Токио хотод 2,447 халдварын шинэ тохиолдол нэмэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Лхагва гарагт энэ тоо 1,591 байсан юм.

Өчигдөр Япон улс даяар халдварын 7,000 гаруй шинэ тохиолдол нэмэгдсэн нь мөн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Токио хотын эмнэлгүүдийн орны багтаамж удахгүй дүүрэхээр байгааг тус улсын засгийн газрын цар тахал хариуцсан сайд Ясүтоши Нишимүра мэдэгдсэн юм.

Нэг сар орчим үргэлжлэх онц байдлын дэглэм нь дэлхийн бусад улс орнуудынхтай харьцуулбал сулд тооцогдоно. Тухайлбал онц чухал биш үйлчилгээний байгууллагууд, сургуулиудыг энэ үеэр хаахгүй юм.

Спортын уралдаан тэмцээнүүд 5,000 хүртэл буюу суудлынхаа багтаамжийн 50 хүртэл хувийг дүүргэх үзэгчтэй байна. Фитнес клубүүд, их дэлгүүрүүд, зугаа цэнгээний газрууд ажиллах цагаа богиносгохоор болжээ.

Токио хот болон түүний хөрш Канагава, Чиба, Сайтама мужуудын нутаг дэвсгэр дэх 150,000 орчим ресторан баарууд оройн 7:00 цагаас согтууруулах ундаагаар үйлчлэхээ зогсоож, үүнээс цагийн дараа хаалгаа барихаар болсон байна.

Компаниуд ажилтнуудаа аль болох гэрээс нь ажиллуулж, нийтийн тээврийн ачааллыг 70 хувиар бууруулах зорилт тавьжээ.

Киотогийн их сургуулийн гаргасан тооцоогоор онц байдал зарлахгүй бол хоёрдугаар сард Токио хотод өдөрт 3,500, гуравдугаар сард 7,000 орчим халдварын тохиолдол бүртгэгддэг болох гэнэ.

Онц байдлыг хамгийн богинодоо хоёр сарын хугацаатай тогтоосны үр дүнд вирусийн тархалтыг зогсоож чадна гэж тус сургуулийн судлаачид дүгнэжээ. Тиймээс Токио орчимд тогтоосон онц байдлын дэглэм сунгагдах магадлалтай байна. Онц байдал зарласан бүс нутагт Япон улсын 126 сая хүн амын 30 орчим хувь оршин суудаг юм.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Япон улсад халдварын 260,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 3,800 гаруй хүн нас баржээ.

 

Эх сурвалж: AFP