Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болдбаатар: Үүрэг гүйцэтгэх хугацаанд ДХИС-ийн сонсогчдоос хөлдсөн, бэртэл гэмтэл авсан хүн байхгүй

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүх нийтийн бэлэн байдлын үед үүрэг гүйцэтгэж буй Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын эрүүл мэнд, ямар зохицуулалтаар ажиллуулж байгаа талаар тус сургуулийн Тэргүүн дэд захирал, доктор (Ph.D) цагдаагийн хурандаа Б.Болдбаатараас тодрууллаа.

-Дотоод хэргийн их сургуулийн хичнээн сонсогч хөл хорионы энэ үеэр үүрэг гүйцэтгэж байна вэ?

-2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2,200 багш, албан хаагч, сонсогч үүрэг гүйцэтгэж байсан. Харин бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан арванхоёрдугаар сараас 1,430 багш, албан хаагч, сонсогч нийслэлийн зургаан дүүрэгт эргүүлд гарч, Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа.

Дотоод хэргийн их сургуулийн захирлын шийдвэрээр цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд оролцож, эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй сонсогчдыг дулаан хувцасаар ханган, өдөр тутам халуун хоол, цай, аарц өгөх, амны хаалт олгох, биеийн эсэргүүцлийг сайжруулах, дархлааг дэмжих зорилгоор витамин, гар ариутгагч зэргээр хангаж байна. Сонсогчдыг орой эргүүлээс буухад гэрт нь нэгдсэн журмаар автобусааар хүргэх үйлчилгээг Нийтийн тээврийн газар, Цагдаагийн ерөнхий газрын авто баазтай хамтран зохион байгуулан ажиллаж байна.  

-Үүрэг гүйцэтгэж байсан сонсогчийн гар хайрагдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан байсан.  Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Маршал тауны хойд талын уулзварт үүрэг гүйцэтгэж байсан Хилийн албаны сургуулийн 444 дүгээр дамжааны сонсогч шаардлага тавих үед иргэн Ц.С хөл дээгүүр нь дайран гарсан. Уг иргэнийг албадан зогсоож, ХУД-ийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн, сонсогчийг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр түргэн дуудах үед утсаар ярих 2-3 минут зарцуулсан. Энэ үед баруун гарын эрхий хуруу хайрагдсан байсан. Ингээд тухайн сонсогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн. Одоо үүргээ хэвийн  гүйцэтгэж байгаа.

Тэрнээс үүрэг гүйцэтгэх хугацаанд Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдоос хөлдсөн, бэртэл гэмтэл авсан нэг ч хүн байхгүй. 

-Сонсогч нар ямар зохицуулалтаар үүрэг гүйцэтгэж байгаа вэ. Оройны ээлжээс буусан сонсогчдын  аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж байна вэ?

-Сонсогчид хоёр ээлжээр буюу өглөө 08:00-15:00, үдээс хойш 15:00-22:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэдэг.  Эмэгтэй сонсогчид өглөөний ээлжинд үүрэг гүйцэтгэдэг юм. Сонсогчдын 60 гаруй  хувь нь Баянзүрх дүүрэгт амьдардаг гэсэн судалгаа бий.

Бүх хүнийг гэрт нь ойр ажиллуулах боломжгүй. Гэвч  нэг, хоёрдугаар курсийн эмэгтэй сонсогчдыгаль болох  гэрт нь ойр байдлаар үүрэг гүйцэтгүүлж байна. Ээлжээс буухдаа цагдаагийн алба хаагчдын автомашинд дайгдах, автобус баазаас унаа гаргаж үйлчлэх зэргээр байнгын хараа хяналт, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна.