Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Гадаа ид хүйтэнд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг амны хаалт, халуун хоол цай, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хангаж байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчид болон сонсогчдын хангамж, тулгамдаж буй асуудлын талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

- Хэчнээн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа вэ? 

- Монгол Улсын Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тогтоол гарсантай холбогдуулан нийслэл хотын хэмжээнд өдөрт 4,000 орчим алба хаагч иргэдийн явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Үүнээс 1,000 гаруй нь сонсогч байгаа. 

- Үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хангамж хэр байдаг бол?

- Алба хаагчид өвлийн хувцасны хангалтаа бүгд авсан. Хангалтын хувьд хэв журам, зам дээр үүрэг гүйцэтгэдэг албан хаагчдад өвлийн хувцсыг хоёр жил тутамд иж бүрнээр нь өгдөг. Мөн үүрэг гүйцэтгэж албан хаагчдад амны хаалт, халуун хоол цай, дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг олгон ажиллаж байна. 

- Бэлэн байдлын үед үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажиллах цагийн зохицуулалтыг хэрхэн хийдэг вэ. Гадаа хүйтний эрч чангарч байгаа болохоор хүндрэлтэй байгаа зүйл нэлээн байгаа байх. Тийм үү? 

- Ойрын өдрүүдэд нийт нутгаар 37-40 хэм хүрч хүйтэрч байгааг Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Гадаа хүйтэн байгаа ч цагдаагийн алба хаагчид хичээж ажиллаж байна. Байгалийн давагдашгүй хүчийг бид яаж ч чадахгүй. Сүүлийн жилүүдэд цагдаагийн алба хаагчдын хувцас, хангамж сайжирсан. Харамсалтай нь, нэг сонсогч энэ сарын 3-ны өдөр гараа хайрчээ.

ДХИС нь тусдаа агентлаг манайхаас хангалт авдаггүй. Гэхдээ дахин хэлэхэд ирэх өдрүүдэд ч хүйтний эрч чангарна. Яг одоо ч гадаа ид тачигнаж байна. Иймд үед гудамжинд үүрэг гүйцэтгэж буй 4,000 гаруй цагдаагийн алба хаагч, сонсогч нараа ойлгож, хүндэтгээд, өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө гэрээсээ бүү гараарай гэж хүсье.

- Баярлалаа. 

Энэ сарын 3-ны өдөр үүрэг гүйцэтгэж байх үедээ гараа хайрсан сонсогчийн талаар албаны өөр эх сурвалжаас тодруулахад "Зам дээр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийн хөл дээгүүр машин гараад, тэр тухай дуудлага өгөхөөр утсаа гаргаад залгаж, ярих хооронд гар нь хайрагдсан байсан. Тэгээд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан” гэдгийг хэллээ.