Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Академич Д.Цэрэнсодном: Бид эрвийх, дэрвийхээрээ хичээж монгол бичигтээ шамдан суралцах цаг нэгэнт болжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос Монгол Улс хос бичигт шилжинэ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч бүх нийтээрээ үндэсний бичгээ сурахад уриалж, өөрөө хичээл заан олон нийтэд хүргэж эхлээд байгаа билээ.

Бид Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны доктор, профессор, Академич Д.Цэрэнсодномтой монгол бичгээ сурч эзэмших арга барилын талаар ярилцлага өрнүүллээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч бүх насныханд зориулсан үндэсний бичгийн хичээл зааж байна. Төрийн тэргүүний энэ санаачилгыг Та хэрхэн хүлээж авч байна вэ?

-Чихэнд чимэгтэй сайхан мэдээ сонсогдож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлаад монгол бичигт суралцах, олон түмэндээ монгол бичгээ яаж, хэрхэн сурах  талаар өөрийн биеэр үлгэрлэж байгаад хэл бичгийн мэргэжлийн хүний хувьд сэтгэлд таатай, талархалтай байна. 

Миний хувьд ажил хэргийн шинж чанартай тодорхой санал хэлье. Одоогоос арваад жилийн өмнө  Монгол Улс “Монгол хэлний тухай” хуультай болсон. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. “Монгол хэлний тухай” хуульд 2025 он гэхэд монголчууд хос бичигтэй болно гэж хуульчлаад заачихсан байгаа. Ийм учраас 2025 он хаяанд ирэх нь. Тиймээс бид хэн хүнгүй, эрвийх, дэрвийхээрээ хичээж монгол бичигтээ шамдан суралцах цаг нэгэнт болжээ. 

Монгол Улсад төрийн албан хаагч, төрийн нүүрийг тахалж явдаг, төрийн өмнөөс дуугардаг, төрийн өмнөөс цалин авдаг, ажил хийдэг 200-гаад мянган хүн байдаг юм байна шүү дээ. 2019 оны тоон үзүүлэлтээр 198 мянган хүн гэж байсан. Одоогоор 200-гаад мянган хүн гэж хэлж болно. Ийм учраас энэ 200-гаад мянган хүн юуны өмнө монгол бичгээ сайн сурах хэрэгтэй.

Эдгээр хүмүүсийг хошуучилж яваа хүмүүс бол Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан тэртээ тэргүй аль хэдийнэ энэ ажил руу орчихсон, эхэлчихсэн гэж би ойлгож байна. Ийм учраас энэ улсууд 200 мянган хүнээ хошуучилж, толгойлох хэрэгтэй. Тэргүүлж орох хэрэгтэй. Тэгж байж удирдлага нь болох учиртай. Энэ бол бидэнд ногдож байгаа албан ёсны үүрэг шүү. Үүнийг бид дээр дооргүй ухаарах хэрэгтэй байна. 

-Монгол бичгийг хурдан хугацаанд сурч эзэмших ямар арга барил байдаг бол? Таны зүгээс юу гэж зөвлөх вэ?

-Би монгол бичгийн мэргэжлийн хүний хувьд  санаачилга гараад  монгол бичгийг яаж сурах, яаж түргэвчлэх, яаж амар хялбар, түвэг багатай давах вэ гэдэг талаар ямар нэг хэмжээгээр арга зүйн зөвлөгөө өгч болно. Бидэнд тийм бэлэн материал гарт байж байна. “Айлаас эрэхээр авдраа уудал “гэдэг шиг авдраа уудлаад бэлдэх хэрэгтэй байна. Байгаа юмаа зүгээр дараад байж болохгүй, ашиглах хэрэгтэй. 

Бидэнд монгол бичгийн тодорхой хичээл, дүрэм бий. Түүнийг заах, хөтлөх боловсон хүчин манайд байгаа. Тиймээс тус бүрд нь багш нар, зөвлөх хүн гаргаж өгч болно. УИХ, Засгийн газар улмаар дүүрэг, аймгийн ЗДТГ гээд зохион байгуулалттай хаяагаа тэлэх хэрэгтэй. Төрийн албан хаагчдад тодорхой ажил хэргийн шинж чанартай даалгавар өгөх хэрэгтэй. Төрийн албан хаагч, төрд хүчээ өргөж байгаа л юм бол монгол төрийн дотоод шастираа судлах хэрэгтэй. Монгол бичгээ сурна, “Монголын нууц товчоо”-гоо судална гэсэн үг. “Нэг сумаар хоёр туулай” гэдэг шиг. Ийм ажил хэргийн шинж чанартай санал хэлэх байна. Төрд алба хашиж байгаа хүмүүс эрх биш үүнийг ухаарах хэрэгтэй. 

Хамгийн гол нь хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс аливаа юмыг  болно гэж ярьж суудаг цаг биш. Одоо хийдэг цаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд монгол бичгийг хурдавчлан сурах, боловсронгуй болгох талаар зарлиг гаргасан. Энэ бол яах аргагүй цаг үеэ олсон сайхан ажил. Гэхдээ бидэнд нэг дутагдал байна. Монгол Улсад өдий төдий хууль гаргаад үйлдвэрлээд байдаг. Гэсэн ч гаргасан хуулиа биелүүлдэггүй. Биелүүлэхгүй хууль үйлдвэрлэх юм бол УИХ-ын гишүүд гүйлгээгүй “товар” үйлдвэрлэсэнтэй адил болно шүү. Энийг би бас хариуцлагатай хэлье. Ийм учраас та бүхэн хийсэн юмандаа эзэн болох хэрэгтэй. Хуулийнхаа араас явах хэрэгтэй. 

Ингээд ард түмэндээ, хүүхэд, залуучууддаа хэлэхэд та бүхэн үндэснийхээ монгол бичгийг суралцахад шантрах, цуцах хэрэггүй. Та бүхний цусан дотор монгол бичгийн амь, амьдрал гүйж яваа шүү. Ийм учраас сурахад төвөгшөөх хэрэггүй. Монгол бичгээ, үндэсний бичгээ хэдий чинээ сайн сурч чадна, төдий чинээ бид монгол хүн гэж хэлэх эрхтэй, зүрхтэй байх болно. Тиймээс та бүхнээ монгол бичигтээ шамдан суралцахыг уриалж байна. Монгол бичгээ сурах санал, санаачилга тавьж байгаад юуны өмнө талархаж байна. Та бүхэндээ амжилт хүсье.