Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Төрхүү: Нийслэлд усны хэрэглээ мэдэгдэхүйцээр НЭМЭГДЭЭГҮЙ

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Ус сувгийн удирдах газар хоногт дунджаар 145,000-155,000 шоо метр усыг долоон эх үүсвэрээс олборлон Улаанбаатар хотын хэрэглэгчдийг унд, ахуйн шаардлага хангасан усаар хангадаг. Түүнчлэн 160,000-170,000 шоо метр бохир усыг төв цэвэрлэх байгууламж руу татан зайлуулдаг байна. 

Засгийн газраас зарим өрх, ААН-ийн усны төлбөрийг ирэх оны долдугаар сар хүртэл чөлөөлсөнтэй холбоотойгоор усны хэрэглээ нэмэгдсэн эсэхийг УСУГ-ын дарга Ц.Төрхүүгээс тодруулахад "Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор усны хэрэглээ мэдэгдэхүйц байдлаар нэмэгдээгүй. Өнгөрсөн хоногт 145,800 шоо метр ус олборлож, түгээсэн нь энгийн үетэй харьцуулахад үл ялиг нэмэгдсэн дүн. Төв цэвэрлэх байгууламжийн хувьд өчигдөр 174,000 шоо метр ус хүлээн авсан байгаа нь мөн л энгийн үетэй ойролцоо үзүүлэлт.

Манай байгууллагын хувьд усны зөв зохистой хэрэглээг сурталчлах ажлыг тасралтгүй зохион байгуулдаг бөгөөд иргэд маань цэвэр усаа ухамсартай ашигладаг. Уламжлал талаасаа ч усыг чандмань эрдэнэ хэмээн дээдэлдэг нь хэрэглээн дээр харагддаг. 

УСУГ 2020 оны гуравдугаар сарын 21-нээс хойш Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж /арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 14-н хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт/ байна. Манай ажилчид нийслэлчүүдийг ундны цэвэр усаар хангахаар 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Цоргоноос тань ус гарч, бохир ус зайлуулагдаж, худаг устай байгаа л бол манай ажилчид ажилласаар л байна гэсэн үг" хэмээн тайлбарлалаа.

Олборлосон усыг ариутгаж, стандартад нийцүүлэн лабораторид шинжлээд хэрэглэгчдэд нийлүүлдэг бөгөөд нийт усны,

  • 17.2 хувийг үйлдвэр, ААН
  • 5 хувийг төрийн байгууллагууд /сургууль цэцэрлэг гэх мэт/
  • 77.8 хувийг айл өрх /орон сууц болон гэр хорооллын/ хэрэглэдэг.
 

"Гэр хорооллын өрхүүдийг усаар хангадаг 700 гаруй худаг байгаа. Тэдгээрийн 350-д нь 54 машинаар ус зөөвөрлөж хүргэдэг бол бусад худагт шугамаар ус нийлүүлдэг. Ус олборлохоос эхлээд түгээх, бохир усыг цэвэрлэх үйл явцыг камерын системээр давхар хянаж, шаардлагатай зохицуулалтыг хийнэ хэмээн УСУГ-ын Хяналт, удирдлагын төвийн дарга П.Болдбаатар танилцууллаа.

Долоон эх үүсвэрээс олборлосон усыг үндсэн хоёр чиглэл буюу хотын урд, хойд хэсгээр түгээх бөгөөд дамжуулах станц дээрх усны хэмжээг тогтмол хянаж, усны хэмжээ багассан тохиолдолд даралтыг нэмэгдүүлэхээр УСУГ-ын Хяналт, удирдлагын төвөөс зохицуулалтыг хийдэг байна. 

Усыг газрын гүнээс олборлоод шугам сүлжээгээр дамжуулаад, насос станцаар татан хэрэглэгчдэд хүргэхэд гарсан зардлыг худалдаж буй үнэд шингээхийг зорьдог. Гэвч ус бол Монгол Улсын Үндсэн хуулиар хүний амьд явах баталгааны суурь нөхцөл гэдэг утгаараа усны үнэ тарифт зардлыг нь бүрэн шингээх нөхцөл бүрдээгүй.

Ус хэрэглэгчид очих хүртэл бүх зардлыг шингээнэ гэвэл нэлээд өндөр тоо гарна. Жишээлбэл, гэр хорооллын ус түгээх байр буюу худагт 1 литр ус хүргэх зардал 13 төгрөг болдог ч усыг 1-2 төгрөгөөр зарж байгаа юм.