Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замыг 3 жилийн дотор барина

ikon.mn
2013 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын 2013 оны 99 дүгээр тогтоолоор баталсан "Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл"-ийн концессын гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хурдны авто замын трасс, нарийвчилсан үнэлгээ, зураг төслийг батлахыг Эдийн засгийн хөгжил, Барилга хот, байгуулалт, Зам, тээвэр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд нарт даалгалаа.

Мөн "Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл"-ийн авто замын трассын дагуу концесс эзэмшигчид газар олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Концессын гэрээг "Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам" ХХК-тай байгуулахаар тогтсон байна. Тус компани хурдны замыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцлөөр өөрийн хөрөнгөөр барина. Авто замын барилгын ажлыг 3 жилийн дотор гүйцэтгэж, гэрээний дагуу 30 жилийн хугацаанд ашиглаад улсад хүлээлгэж өгнө.

Концесс эзэмшигч нь гэрээ байгуулагдсанаас хойш 9 сарын хугацаанд нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслөө холбогдох яамдаар батлуулж, санхүүжилтийн гэрээ байгуулах юм. Төслийн эхний ээлжийн нэг тэрбум ам.долларын санхүүжилтийг Монгол Улсын аль нэг арилжааны банкинд байршуулах, бусад дагалдах гэрээ байгуулсны дараа концессын гэрээ хүчин төгөлдөр болно. Авто замын трассын дагуух газрыг чөлөөлж өгөх ажлыг Засгийн газар хариуцах, харин үүнтэй холбогдон гарах зардлыг концесс эзэмшигч төлөх юм.

Товчхон:

  • Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозогийн 2013 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа. Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх, Европын Комиссын зүгээс хэрэгжүүлж буй "Хөгжлийн төлөөх элч" (Mission for growth) арга хэмжээг Монголд зохион байгуулах, Хөгжлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Европын холбооноос олгож буй Хөнгөлөлтийн ерөнхий схем (GSP+)-д Монгол Улс 2014 оноос үргэлжлүүлэн хамрагдах болсонтой холбогдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай экспортын бүтээгдэхүүн бий болгож Европын холбооны зах зээлд нийлүүлэх, дээд боловсролын нэгдсэн стандарт "Болоны конвенци"-д Монгол Улс хамрагдах боломжийг судлахзэрэг чиглэлээр хамтран ажиллахаар энэ үеэр тохиролцсон юм.
  • Өнгөрөгч 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд Шадар сайд Д.Тэрбишдагва ажиглагчаар оролцоод ирсэн. Гишүүн орнуудынхаа эдийн засгийн хамтын ажиллагааг голлон хэлэлцдэг энэ хуралдаанд Шадар сайд Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ "Худалдаа, хөрөнгө оруулалт болон транзит тээврийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой төслүүдэд оролцох сонирхолтой байна" гэж Монгол Улсын байр суурийг илэрхийлжээ. Хуралдааны үеэр мөн Узбекистан, Афганистан улсуудыын удирдлага, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев нартай уулзалт хийжээ. Хуралдааны мөрөөр Монголын талаас хэрэгжүүлэх ажлуудыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
  • Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг БШУ-ны сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхаар тогтлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дүгээр зарлигаараа ийм сан байгуулж ажиллах талаар Засгийн газарт чиглэл өгсөн байдаг. Засгийн газар 2012 оны 56 дугаар тогтоолоороо “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” баталж, 2013 оны 5 дугаар сард “Монгол судлалыг дэмжих сан” байгуулсан юм.