Коронавирусийн халдвар дотоодод тарж, хүнд цаг үеийг даван туулж буй энэ үед ард иргэд чин сэтгэлийн хандив тусламжийг улс орондоо үзүүлсээр байна.
Үүний нэг жишээ бол өчигдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын мянгат малчин Х.Хашчулуун гэр бүлийн хүний хамт Улаанбаатар хотыг зорин ирж, ХӨСҮТ-ийн эмч ажилчдад 100 ямааны гулууз махыг дотор гэдэс, цувдайтай нь авчирч өгсөн үйл явдал байв. Бид Х.Хашчулуун болон түүний гэргийтэй утсаар холбогдож сэтгэгдлээс нь хуваалцлаа.
- Сайн байна уу. Хүнд цаг үед хол газраас зорин ирж хандив өгсөн явдалд эмч нар талархаж байгаа байх. Хандив өгөх шийдвэрээ хэрхэн гаргасан талаараа хуваалцахгүй юу?
Нөхөр: Сайн байна уу, баярлалаа. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хоёрдугаар багийн мянгат малчин, аймгийн алдарт уяач Х.Хашчулуун байна. Хөдөөгийн бид чинь байнга зурагтаар мэдээгээ үздэг. Халдварын талаарх мэдээг үзэж байхдаа ХӨСҮТ-ийнхнийг хараад, сэтгэл эмзэглэсэн юм. Тэгээд гэр бүлийн хүнтэйгээ ярилцаад 100 ямаа өгөх шийдвэр гаргасан. Улаанбаатарт очоод, яаж хэрхэн өгөхөө мэдэхгүй байсан болохоор багийн засаг дарга н.Бямбачулуун, сумын засаг дарга н.Бямбасүрэн хоёрт уламжилсан. Тэд маань ч ХӨСҮТ рүү холбож өгөөд намайг Д.Нямхүү захиралтай яриулсан.
Би 100 ямаа хандивлах гэж байгаа тухайгаа хэлээд амьдаар нь авах уу гээд захирлаас асуусан. Тэгсэн Д.Нямхүү захирал баярласнаа хэлээд бид ажил ихтэй байгаа та хэд маань нядлаад аваад ирвэл их сайн байна гэсэн. Тэгээд бид Төмөрбулаг сумандаа нядалгаа хийж, хоёр машинд ачаад Улаанбаатар хотод ирсэн. Махаа гэдэс цувдайтай нь бүгдийг нь өчигдөр ХӨСҮТ-д хүлээлгэн өгөөд сэтгэл өндөр байна.
Эхнэр: Намайг Д.Мөнхзул гэдэг. Хөвсгөл аймгийн Чандмань өндөр сумын гаралтай ба Төмөрбулаг сумын бэр болоод 18 жил болжээ. Манайх ам бүл гурвуулаа, ганц хүү маань 12 дугаар ангид сурдаг. Залуу туслах малчин авч ажиллуулдаг бөгөөд жилдээ 50 малын туслалцаа өгдөг юм. Манай хадам аав Хөвсгөл аймгийн алдарт уяач Ж.Хөрөнгөө, хадам ээж Б.Норовсамбуу гээд сайн малчин хүмүүс байсан. Миний аавыг Ц.Дамбий, ээжийг маань Ц.Сосор гэдэг нутаг усандаа нэр хүндтэй, удам судар сайтай сайхан хүмүүс байсан. Энэ хүмүүсийг дурсахгүй байхын аргагүй билээ.
Бид Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд алдаршсан Эрчим омгийн ямааг өсгөн үржүүлж нийт 1,400 ямаатай болсноос 100-г нь ХӨСҮТ-д хандивлаж байгаа юм.
- Өчигдөр хандиваа өгчихөөд Д.Нямхүү эмчтэй уулзсан уу?
Нөхөр: Тэгсэн. Өрөөндөө хүлээж аваад маш их баярлаж байгаагаа хэлсэн. Хамтдаа зураг ч авхуулсан. Ажилчид нь бас холоос мэндлээд л баярлалаа гэдгээ илэрхийлж байна лээ.
- Хөвсгөл аймагт өвөлжилт хэр байна вэ?
Эхнэр: Манай аймагт өвөлжилт өнтэй сайхан байна. Цас, зуд багатай мал намраараа тарган цатгалан байна.
- Хэзээ нутаг буцах уу?
Эхнэр: Бид уржигдар хот руу гараад хонон өнжин 1,000 гаруй км яваад өчигдөр ирсэн. ХӨСҮТ-д хандиваа өгчихөөд одоо нутаг буцах гээд PCR шинжилгээнийхээ хариуг хүлээгээд сууж байна.
- Нийт ард түмэндээ хандаж хэлэх зүйл юу байна вэ?
Нөхөр: Ард түмэн минь халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, эрүүл энх байгаарай.
Эхнэр: Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэх монгол ардын зүйр үг бий. Тэр үгийг л бид хоёр их бодсон. Монгол Улс гэлтгүй дэлхий нийт цар тахлын өмнө хүчин мөхөстөж байгаа энэ цаг үед гэр бүлийнхээ зүгээс өчүүхэн ч гэсэн тус дэм болж байгаадаа маш их баяртай байна. Зардал мөнгөө гаргаад, хол замд ядарч ирсэн минь ХӨСҮТ-ийн ажилчдыг харсны дараа зовлон биш санагдсан. Бас өөрсдөөрөө бахархсан.
- Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!