Яруу найрагч Б.Аанаатай ярилцлаа. Тэрээр 2006 онд “Жаргал бэдэрсэн сэтгэл” номоо гаргаж байсан билээ.
Хэцүү нэртэд байхдаа бичсэн шүлгүүдээ эмхэтгэн ийн ном гаргасан нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байсан гэдэг. Тэгвэл саяхан тэрээр Жаргал бэдэрсэн сэтгэл” нэртэй цомог, шүлгийн номоо дахин хэвлүүлжээ.
-Цомгоо “Жаргал бэдэрсэн сэтгэл” хэмээн нэрлэжээ. Энэ нэрний утга их зүйлийг өгүүлэх байх?
-2006 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо ивээн тэтгэж, яг ийм нэртэй анхны номыг минь гаргаж байлаа. Би тэр үед эмэгтэйчүүдийн хорих ангид байсан юм. Тэгээд танай сонины редакци руу ярьж “Миний шүлгийг эмхэтгэж хүмүүст хүргэх хүн олж өгнө үү” гэсэн саналаа хэлсэн. Тэр хүслийг минь биелүүлж, анхны номыг минь гаргаж өгсөнд талаархдаг Тухайн оны наймдугаар сард хорихоос суллагдаж, номоо хүлээн аваад маш их баярлаж билээ.
-Ер нъ анхны ном гэдэг зохиолчдод хамгийн эрхэм нандин зүйл юм.Танд анхны номоо харахад юу бодогдож байв?
-“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат цагаан хадган дээр номыг минь тавиад надад өгч билээ. Би амьдралдаа тэгж баярлаж үзээгүй. Өөрийн гэсэн өмчтэй, хайрлан нандигнах зүйлтэй болсон мэт санагдаж байлаа. Тэр миний хэзээ, хаана ч хөдлөшгүй оюун санааны өмч юм. Магадгүй алдсан сэтгэлээ дэвтээж өдийг хүртэл явах урам зоригийг ном минь надад хайрласан.
-Тэр л урам зоригоор жигүүрлэн дараагийн уран бүтээл рүүгээ тэмүүлсэн болов уу?
-Ном гэдэг цагаан мөртэй. Намайг олон сайхан хүмүүстэй танилцуулсан. Энэ бүхэн миний ертөнцийг өөрчилж сайн сайхан бүхэнд уриалан дуудсан юм. Анхны ном минь 300 ширхэг хэвлэгдэж, ихэнх нь бэлгэнд яваад дууссан. Сүүлдээ гэртээ байсан ганц ширхэг номоо хулгайд алдсан. Тэгээд ээждээ байсан номыг аваад хадгалж байгаа.
-Та хэзээнээс шүлгээ бичив. Би тэр газарт байхдаа л бичиж эхэлсэн гэж ойлгоод байна?
-Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул. Гуравдугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн. Утга уран зохиолын сайхныг мэдрүүлсэн монгол хэлний багшдаа баярлаж явдаг. Осоржамаа гэдэг хүн байлаа. Яруу найрагт мөнхөд дурлах тэр хаалгыг нээж өгсөн. Багш минь Р.Чойномын гэргийтэй их ойр дотно байсан. Шүлэг яруу найргийн асар их мэдлэгтэй хүн байлаа. Би анхны номынхоо эх бэлтгэлийг гараараа бичээд явуулахад Ж.Мөнхбат “Би чиний шүлгээс нэг ч үг үсгийн алдаа олсонгүй. Монгол хэлдээ үнэхээр сайн юм” гэж байсан. Энэ бол монгол хэлний багшийн минь гавьяа юм даа.
-Шүлгийн санаа хэрхэн төрдөг вэ?
-Би амьдралдаа нэг л зүйлийг мөрдлөг болгож байна. Хүний тусыг мартахгүй, хүн шиг л амьдрахсан. Энэ бодол миний ертөнцөөс салшгүй. Ер нь энэ хорвоод сайхан сэтгэлээр хандсан зүйл ер бурууддаггүй юм билээ. Үүнийг маш сайн ойлгосон. Тэр сэтгэл, хүсэл бүхнээ шүлгээрээ илэрхийлэхийг хүсдэг. Хүн шиг бай, хүнд тусалж, хайрлаж, дурлахаас битгий хойш суу. Энэ бүхнийг дотоод сэтгэлдээ бодож явна.
-Та хамгийн сүүлд ямар шүлэг бичив?
-“Хувьтавилан” гэдэг шүлэг бичлээ.Энэ шүлэгт “Сэтгэл минь өглөгтэй ч бас авлагатай” гэсэн мөр бий. Би шүлгээ их бодож бИчдэг.“Сэтгэл минь өглөгтэй” гэдэг мөр орж ирээд өчнөөн cap бодож байж шүлгээ гүйцээсэн. Анзаараад байхад сэтгэлдээ зовлонтой, шаналсан үедээ сайн бичээд байх шиг санагддаг. Нэг өдөрт таван шүлэг бичиж байсан үе бий. Сэтгэлийн шаналан надад онгод хайрладаг.
-Тэр газар мэдээж сэтгэлдээ шаналантай л байсан болов уу. Олон шүлэг бичсэн байх?
-Сэтгэл минь шаналахаасаа илүү би тэнд тайтгарч байлаа. Шүлгээсээ маш их эрч хүч авдаг байсан. Хэдэн бадаг шүлэг бичсэний дараа сэтгэл онгойх шиг болдог. Гэхдээ би тэр орчны тухай дахин яримааргүй байна. Одоо эрх чөлөөтэй нийгэмд сайхан амьдарна. Шүлгээ бичнэ. Гэхдээ би шүлгээ хэн нэгнээр тоолгох гэж бичдэггүй. Сайн, мууяруу найрагч байх нь надад огт хамаагүй. Хамгийн чухал нь хүн байх. Дотоод сэтгэлээ шүлгээрээ хүмүүс ойлгуулахыг л
хүснэ. Тэгж чадаж байвал яруу найрагч болсны утга учир юм болов уу.
-“Бөртөн бөртөн нулимсаар орчлонг аргадаж
Бүдрэн бүдрэн тэнцэхдээ сэтгэлээ дэмнэж өндийдөг
Бүсгүй миний сэтгэл мөнхийн цагаан суварга Бурхад таалж нүглээс ч харамласан цэцэг” энэ сайхан мөртүүд байна?
-Эмэгтэй хүний нулимс бол хамгийн үнэ цэнэтэй. Юу ч болоогүй байхад урсдаггүй. Энэ мөртүүд ерөөсөө л миний дотоод сэтгэл юм даа.
-Яруу найрагч бүхэн цээжний шүлэгтэй байдаг. Энэ шүлэг үү?
-Үгүй дээ. Би “ Ганцхан удаа дурлахсан ” шүлэгтээ дэндүү хайртай. Хүмүүсийг өдөр бүр дурладаг байгаасай гэж боддог. Хүнд аз жаргал инээд баясал сэтгэлийн хөг гээд бүх л зүйлийг авчирдаг. Тэгэхээр .дурлалаас битгий татгалзаарай гэж хүмүүст хэлэхийг хүсч байна.
-Дурлал гэдэг залуу насны зүйл шиг санагддаг. Гэтэл та бүх хүнд уриалж байна уу?
-Дурлалд нас хүйс, ядуу хоосон гээд бүх зүйлийн хязгаар байдаггүй. Зүрх сэтгэлтэй бүх л хүнд зориулагдсан байх. Сэтгэлийн хөг айзам. Магадгүй дурлалын шаналангаар би шүлэг бичдэг байж болно. Миний жинхэнэ нэрийг Ариунзаяа гэдэг. Аанаа нэрийг олон жилийн өмнө надад дурлаж, надтай хайраа хуваалцаж байсан нэгэн залуу өгч байлаа. Одоо ч би энэ нэрэндээ хайртай. Дурлалаас ургасан бүх л зүйл сайхан юм шүү.
-Одоо гадаа цас хаялаад л хүн бүхэн яаран сандран алхаад өвөл болжээ. Энэ цаг үед танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Цас орох гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг байна. /Тэрээр цонхоор харав/ Хүглэгэр мэдрэмж төрлөө. Гараад алхмаар. Сэтгэл дэнслээд байна. Хаварт хүмүүс их дуртай байдаг. Надад бол тэгж санагддаггүй. Гэхдээ өглөө бүхний нарыг харж байгаадаа өөрийгөө их азтай гэж боддог.
-Та шүлгийн номоо хараагүйчүүдэд зориулан товгор үсэгтэй хэвлүүлжээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Би хараагүй хүмүүсийг өрөвддөг. Гарын мэдрэмж,чихний сонсголоороо энэ хорвоод амьдарч байна. Тэд нарыг харахгүй, уул усыг харж сэтгэлийн баясал хайрлаж чаддаггүй. Тэгээд 6и номоо тэдэнд зориулан
хэвлүүлсэн хэрэг. Миний дотоод ертөнцийг чихээрээ сонсч, гараараа мэдрээсэй гэж хүсч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!