Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр хэрэгжсэнээр Монголын экспорт, импортын дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөөг хангана

ikon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

(Туушин компаний дэд захирал Ням-Осорын Энхриймаатай хийсэн ярилцлага)

Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэдэг бол бүх гишүүн орны харилцан хүлээн зөвшөөрснөөр, бараа бүтээгдэхүүн улсын хил гаалиар орж гарах гадаад худалдааны урсгалыг техникийн болон горим журмын хувьд илүү хөнгөн хялбар болгох, ижил хэмнэлд жигдрүүлэх онцгой цогц арга хэмжээ юм.

Монгол Улсын Их Хурал одоогоос дөрвөн жилийн өмнө Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталсан билээ.  Хэлэлцээрт тусгаснаар, 2025 он гэхэд  Монгол Улс ДХБ-н өмнө авсан бүх үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлж дууссан байх шаардлагатай. Хэлэлцээр хэрэгжсэнээр, ажлын байр илүү нэмэгдэнэ, айл өрхийн орлого сайжирна, импортын бараа  илүү хямд өртөгтэй болно, экспорт импортын урсгал нэмэгдэнэ, гадаад худалдаа ил тод, уян хатан, шуурхай, шударга болно, Монгол Улсын гадаад руу дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөө хангагдана, өрсөлдөөн нэмэгдэнэ, бизнест тэгш боломж үүснэ, ингэснээр гадаад валютын нөөц ихсэнэ, эдийн засаг зөвхөн эрдэс баялгаас хараат биш уул уурхайн бус үндэсний үйлдвэрлэл, мэдлэг оюунд суурилсан эдийн засаг илүүтэй хөгжих зэрэг  монгол хүн бүр төдийгүй Монгол Улсын тогтвортой хөгжилд энэ гэрээ хэлэлцээр үнэ цэнэтэй болох нь харагдаж байгаа юм.

 
Хэрвээ ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр бүрэн хэрэгжвэл, монголын бүх үйлдвэрлэгчид хямд өртөг зардлаар хурдан шуурхай дэлхийн зах зээлд нэвтрэх боломж эдэлнэ.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг Монгол Улс соёрхон баталсны дөрөв дэх жилийн босгон дээр Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ) олон нийт, шийдвэр гаргагчид болон худалдаа эрхлэгчдэд зориулан, ДХБ-н худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэж юу вэ, яагаад Монгол Улс энэ хэлэлцээрт нэгдэж орсон, эндээс худалдаа эрхлэгчид чухам ямар үр ашиг  хүртэх юм бэ гэх зэрэг эл хэлэлцээрийн талаархи ойлголт мэдлэг мэдээллийг  нэмэгдүүлэх, танин мэдүүлэх тусгай цуврал мультимедиа зорилтот контентыг бэлтгэн хүргэж байгаа юм.

Өнөөдрийн  ярилцлага гадаад худалдааны транзит тээвэр, логистикийн бизнес эрхлэгчдийн алсын харааг хүргэнэ. Монгол Улс нэгдэн орсон олон улсын худалдааны гэрээ хэлэлцээрүүд болон тэдгээрийн хэрэгжилт гадаад худалдаа эрхлэгчдэд  хэрхэн нөлөөлж байгаа тухай өгүүлнэ. Өсөлт дэвшил, бэрхшээл сорилтын тухай бас онцолно. Гадаад худалдааны тээвэр, логистикийн бизнес эрхлэгчдэд  ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр бүрэн хэрэгжвэл ямар боломж авчрах вэ?

Эдгээр асуултын хариуг хараат бус сэтгүүлч Дэмчигийн Оюунчимэгийн Туушин компаний дэд захирал Ням-Осорын Энхриймаатай хийсэн “Нэг харьцах--Нэг” ярилцлагаас хүлээн авна уу.  

Та бүхэн ярилцлага уншсаны дараа санал бодлоо коммент бичих хэсэгт үлдээж болно.

Мөн энэ линк дээр дарж, ярилцлаганы видео хувилбарыг үзэх боломжтой. Түүнчлэн худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэж ер нь юу гэсэн ойлголт вэ, хэлэлцээрийн хэрэгжилт Монголд хэр  байгаа зэрэгтэй холбоотой бусад мэдээ мэдээлэлтэй танилцаарай.

Дэмчигийн Оюунчимэг: Гадаад худалдаанд ачаа тээврийн анхны зууч  Туушин компани Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө 30 жил хүчээ нэгтгэжээ. Гадаад худалдаанд тээвэр зуучийн байгууллага үүсэж бий болох санаа анх яаж төрсөн бэ?     

Ням-Осорын Энхриймаа: Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгон чөлөөт эдийн засгийн харилцаанд шилжсэнээр, гуравдагч хөршүүдтэй гадаад худалдаа хийж эхэлсэн үеийг зарим уншигчид санаж байгаа байх. Яг тэр үед өөрийн улсын гадаад худалдааны ачаа, барааны тээврийг эрхлэн зохион байгуулах мэргэжлийн байгууллагатай байх зайлшгүй шаардлага урган гарсан юм.

Ийнхүү 1990 оны 6 дугаар сард гадаад худалдааны ачаа тээврийн мэргэшсэн компани болох  улс хоорондын  тээврийн  зууч Туушин компани үүссэн түүхтэй.

Монгол улсад тээвэр зуучийн салбар болон өргөжин хөгжиж эдүгээ энэ салбарт тээвэр зуучийн 200 гаруй компани, гаалийн зуучийн 71  компани үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Ингээд харахад тээвэр зуучийн салбар маань өнөр өтгөн болж, өсөж дэвжиж байна.

Анхдагч байна гэдэг амаргүй, туршлага хуримтлагдахын хирээр олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар сайжирч, илүү санаа санаачлагаар баяжигдаж шинэ технологийн шийдэлд хүрдэг.   

Улс хоорондын тээвэр зуучлалын үйлчилгээ улам төрөлжиж гаалийн, агаарын, олон улсын авто тээврийн, төслийн тээврийн, өөрсдийн хөрөнгө оруулалтаар бүтээсэн терминал логистикийн төвийн үйлчилгээ, 1995 оноос FEDEX - олон улсын буухиа шуудангийн зэрэг жилээс жилд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэшсэн үйл ажиллагаатай болон өргөжсөөр ирлээ.  

Гадаад худалдааны “Нийлүүлэлтийн гинжин” хэлхээнд оролцогчдыг холбож өгдөг чухал хэрэгсэл бол тээвэр. Гадаад худалдаанд олон шинэ замнал нээж, ойр дөт замаар саадгүй, үр ашигтай тээвэр хийх, логистикийн шийдэл гаргаж өгөх нь тээвэр зуучлагчийн мэргэжлийн ур чадвараас маш ихээхэн хамаарна.  

Бид байгуулагдсан цагаасаа  салбартаа манлайлагч байж  Монгол улсын хөгжил дэвшилд зогсолтгүй хувь нэмрээ оруулсаар байна. Гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжсэн олон арван төслийн ачааны тээврийг амжилттай зохион байгуулж ирлээ. 1990 оноос  Монгол Улсад хэрэгжсэн бүх төсөл, хөтөлбөрийн ачаа тээвэрлэлтийн 90 гаруй хувийг Туушин дангаараа гүйцэтгэж ирсэн билээ.

Мөн Монгол Улсын валютын нөөцийг бүрдүүлэхэд онцгой чухал дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд хичээнгүйлэн анхаарч 1991 оноос хоёр хөрш орныхоо гадаад худалдааны тээврийг Монголын нутгаар  дамжуулсаны ачаар улсынхаа  валютын орлогыг жилээс жилд жинтэй өсгөж байна.

2005 оны 3 -р сард  Хятадын Хөх Хотоос Германы Дуйсбург руу Монголоор дамжуулан транзит чингэлэгийн галт тэрэгний анхны тээвэрлэлтийг зохион байгуулж, 9820 км замыг 14 хоногт багтаан аялуулсан нь Хятад Улс хэрэгжүүлж байгаа “Нэг бүс нэг зам” хөтөлбөрийн эх суурийг тавьсан гэж үзэж  болно.

Түүнчлэн 2008 онд “Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийг санаачилсан .

 “Нэг бүс, нэг зам” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Туушин компани 2014 оноос хойш жил бүр чингэлгийн хурдан галт тэргийг Монголын нутгаар дамжуулан тээвэрлэж байгаа. Монголын нутгаар дамжуулан тээвэрлэгдэх ачааны урсгалыг нэмэгдүүлэхэд тогтмол  анхаарч, Манжуур, Казахстанаар дамжиж буй ачаанаас аль болох илүү их хэмжээгээр өөрийн нутгаар дамжуулж, тээвэрлэх зорилго тээн ажиллаж байна. 

Өнгөрсөн 30 жилд төмөр замын болон авто тээврийн транзит ачаа тээвэрлэлтээс Монгол Улсдаа  200 гаруй сая ам.долларын орлого оруулсан байдаг.

Энэ бүгдээс тээвэр зуучийн үндэсний Туушин компани чухам яагаад гадаад худалдааны харилцаанд оролцож ирсэн харагдаж байгаа байх. 

Дэмчигийн Оюунчимэг: Далайд гарцгүй, 2 том гүрний дунд орших Монгол Улсын нийгмийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөж, цагаан морин жилийн хувьсгалтай зэрэгцэж Туушин хөрш орнууд төдийгүй гуравдагч улс орнуудтай  гадаад худалдаа эрхэлж эхэлсэн ерээд он онцгой түүхэн үе төдийгүй ороо бусгаа байсан цаг. 1997 онд  Дэлхийн Худалдааны Байгууллагад (ДХБ)  манай улс нэгдсэн нь, та бүхний бизнест хэрхэн нөлөөлсөн бэ ?  

Ням-Осорын Энхриймаа: ДХБ-ын гол үүрэг функц нь тус байгууллагын гишүүн улс дагаж мөрдөх эрх зүйн орчныг бүрдүүлэх, дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөөг хангах, худалдааг саад тотгоргүй явуулахад дэмжлэг үзүүлдэг бөгөөд , харин гадаад худалдаанд оролцогч  улс бүр  ДХБ-аас гаргасан тэдгээр гэрээ хэлэлцээрийг дагаж мөрдөх үүрэгтэй байдаг. 

ДХБ-д Монгол Улс 23 жилийн өмнө элсэн орсоноос хойш далайд гарцгүй манай орны гадаад худалдааг саадгүй явуулахад гааль, тээвэр логистикийн салбарт олон чухал  асуудал шийдвэрлэгдэж , маш их бодлогын дэмжлэг үзүүлсэнд бид талархууштай. Жишээ нь, GATT- Тариф, Худапдааны Ерөнхий Хэлэлцээрийн хүрээнд л гэхэд, ялангуяа далайд гарцгүй улсын хувьд худалдааны тариф, квотуудыг  хөнгөвчилсөн.

Монгол Улсад  “Гаалийн Уялдуулсан Кодын Систем”,  “Нэг цонхны систем цахим үйлчилгээ”,  “Цаасгүй худалдаа ” зэрэг хил гаалийн  олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажил амжилттай хэрэгжиж ирлээ.   

Мөн агаарын тээвэрт “ATA Carnet” болон авто тээвэрт “TIR Carnet”  амжилттай нэвтэрсэнээр  улс хоорондын гаалийн бүрдүүлэлт хялбарчлагдаж, олон улсын авто тээвэр тун сайн хөгжиж байна. Импорт, экспортын бүтэн болон цуглуулбар ачаа, Монголын нутгаар дамжин өнгөрөх олон улсын шуудан тээвэр гээд авто тээврээр тээвэрлэгдэх ачааны хэмжээ эрс өсөж байгаа. Харьцуулсан зарим тоо харъя. 

2010 онд  Монгол Улсад авто тээврээр тээвэрлэгдсэн ачааны хэмжээ 12.6 сая тн

2014 онд : 23.5  сая тн буюу 1,9 дахин өсжээ. 2019 онд: 40.8 сая тн болж  даруй 3,2 дахин  өссөн.  Цаашид ч энэ тоо өснө.

Эндээс  ДХБ-д Монгол Улс элсэж орсоноор, гадаад худалдаа эрхлэгчдийн цаг хугацааг хэмнэх, экспортын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж би  хэлэх байна. Иймд зөвхөн Туушин компани гэлтгүй гадаад худалдааны харилцаанд оролцогч бүх талд бодит үр дүнгээ өгсөөр ирсэн.

Дэмчигийн Оюунчимэг: Дэлхийн Худалдааны Байгууллага яагаад Монгол Улсад Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм бол?

Ням-Осорын Энхриймаа: Тээвэр зуучийн салбарт 30 жил туулсан түүхээс харахад далайд гарцгүй, хөгжиж буй орны хувьд дэлхийн тээврийн зах зээлтэй өрсөлдөнө гэдэг тийм ч амаргүй. Бэрхшээл саад одоо ч тулгарч  байна. Үүнийг дараах баримт жишээнээс харж болно.

1. Хөгжингүй орнуудтай харьцуулахад дотооддоо тээвэр зуучийн хууль эрх зүйн орчинг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Үүнд : Манайх  “төмөр замын тээврийн тухай хууль”-гүй улс.  Мөн “тээвэр зуучийн үйлчилгээний ерөнхий нөхцөл “ буюу “Freight forwarders trading condition” зэрэг нь одоо ч  батлагдаагүй хүлээлттэй байгаа шүү дээ. Харин Монголын Тээвэр Зуучийн Нэгдсэн Холбоо энэ асуудал дээр идэвхи санаачлагатай  ажиллаж байгааг энд хэлэх хэрэгтэй.

2. Хоёр хөрш  Орос, Хятадын нутгаар дамжин тээвэрлэгдэж байгаа бараа таваарт саад чирэгдэл зөндөө их байна.

Монголын төмөр замаар тээвэрлэгдэж  байгаа ачаа жилээс жилд өсөлттэй. Та бүхэн сүүлийн 3 жилийн өсөлтийг хар л даа. 2017:  22,8 сая тн,  2018:  25,8 сая тн,     

2019:  28,1 сая тн , 2020 : 29,03 сая тн  ачаа тээвэрлэгджээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монголын нутгаар дамжин өнгөрөх транзит галт тэрэгний хэмжээ маш сайн нэмэгдэж байна.

Гэтэл Наушки, Эрээний төмөр замын  өртөөдийн  нэвтрүүлэх хүчин чадал муу, техник шинэчлэлт хийгдээгүй, яг хуучнаараа байгаа учраас  ачаалал ихтэй үед вагон, чингэлгийн сул зогсолт үүсэж байна. Ялангуяа Замын Үүд болон Эрээн өртөөдийн вагон дамжуулах үйл явцад технологийн шинэчлэл даруй хийх ёстой. Бараа эргэлт хурдацтай өсөж ачаалал ихсэх үед Хятадын нутгаар дамжин өнгөрч буй Монголын ачааны тээвэрлэлтийн хугацаа уртасаж, чингэлгийн түрээс нэмэгдсэнээс, барааны өртөгт шууд нөлөөлж, үнэ өсөх хүндрэл үүсэж байна.       

Авто тээврийн хувьд ч ялгаагүй. Хиагт боомтын хилийн нэвтрүүлэх хүчин чадал муу, техник шинэчлэлт хийгдээгүй, бахь байдгаараа байгаа учраас  бас хүлээлт дараалал ихтэй, хил гаалийн байгууллагын үйлчилгээ чирэгдэлтэй байгаа  нь цаг хугацаа, барааны урсгал, өртөг зардалд шууд нөлөөлж байна.      

3. Хятадын Тяньжин боомтоор дамжин Монголд ирж байгаа импортын шинэ автомашинууд, будаг гэх мэт UN DG class code 8,9 гэсэн харьцангуй бага аюулын зэрэг бүхий ачааг  нэвтрүүлэхгүй байгаагаас автомашинуудыг  илүү холоос,  өөр боомтоос (Qingdao боомтоос ), химийн будаг, баллонтой газ зэргийг Оросын Владивостокоор тээвэрлэн авчирч байгаа учраас,тээвэрлэлтийн хугацаа, барааны үнэ бас л өсөж байна. Тээвэрлэлтэд эргэлт, цаг хугацаа ямар их чухал билээ.

4.Хятадын нутгаар Тяньжин боомтоор дамжин гуравдагч улс руу гаргах Монголын махны экспортын нэр төрөлд хязгаар тогтоодог. Энэ нь Монголын махны экспорт өсөж хөгжихөд их саад болж байна.

Гуравдагч улсаас Монгол руу дамжин  ирэх амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнд (тахиа, гахай,гахайн өөх зэрэг)  Хятадын Хорио Цээрийн Албанаас дамжин өнгөрүүлэх зөвшөөрөл олгох процесс маш удаан. Үндсэндээ  2-3 сар болж  байх жишээтэй.

5. Хятадын Эрээн боомтоор Монгол руу орох, гарах, дамжин тээвэрлэгдэж буй  бүх ачаа барааны үнийн дүнгээс 1,5% -ийг “Эрээн хотыг хөгжүүлэх татвар”  гэж авдаг. Гэтэл  Хятадын бусад боомтууд болох Манжуур, Хоргос, Алашанкоугаар гарах ачаанаас ийм татвар авдаггүй. Импортоор Монголд ирэх ачаанд бол энэ татвар нь гаалийн үйлчилгээний өртөгт шингэсэн байдаг. Монгол руу орох Хятадын экспортын бараа Эрээн боомтоор гарах тохиолдол бүрт энэ татварыг авдаг гээд бодоод үз дээ. Энэ бүхнээс  гадаад худалдаа хөнгөвчлөгдөхгүй, дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөөг яагаад бизнес эрхлэгчид  эдэлж чадахгүй  байгааг та харж байгаа байх.  

Энэ асуудалд  ДХБ-ын “ Худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрийн 1-р Хэсэг”-т  хийх ажлын хүрээнд Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хороо анхаарлаа онцгой хандуулж, Монголын худалдаа эрхлэгчдэд яаралтай шийдэж өгөөсэй. Түүнчлэн, яагаад чухам Дэлхийн Худалдааны Байгууллага худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрээр дамжуулж Монгол Улсын экспорт, импортыг дэмжих, худалдааг шуурхай, шударга болгох, нэн ялангуяа транзит тээвэр, дамжуулан өнгөрүүлэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд  харилцан итгэлцэл, хамтын хариуцлага бий болгож хялбаршуулах, уялдуулах гээд зориод байгаа нь ойлгомжтой  байна.

Дэмчигийн Оюунчимэг: 2025 он гэхэд  Монгол Улс ДХБ-д өгсөн үүрэг амлалтаа 100% биелүүлсэн байх ёстой. Хэлэлцээрийн хэрэгжилт хангах, салбар дундын зохицуулалт хийх үүрэгтэй Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хороог байгуулсан. Хороогоор дамжуулж, засгийн газарт, бодлогын хувьд ямар 3 зөвлөмжийг өгөх вэ?

Ням-Осорын Энхриймаа: 2017 онд УИХ-аар соёрхон батлагдсан  ДХБ-ын  худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь  ГАТТ ын Дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөөний тухай V заалтыг илүү боловсронгуй болгох, тэдгээрийг ДХБ –ын гишүүн улсууд заавал дагаж мөрдөх үүрэгтэй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хийгдсэн хэлэлцээр. Энэ хэлэлцээрийн ач холбогдолыг би дараах 3 зүйлээр тодорхойлъё.

Нэг. Гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, ялангуяа далайд гарцгүй улсын экспортын бараа далайн боомт бүхий улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх эрх чөлөөг хэрэгжүүлэх,

Хоёр. Экспорт , импортын тээвэрлэлтэд зарцуулах хугацааг богиносгох , 

Гурав. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь  бүрэн хэрэгжсэнээр гадаад худалдааны зардал 13,2% - 15.5% -иар буурна гэсэн тооцоог бодитой болох .

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 1-р хэсгийн 6-р зүйлд Экспорт, импорт болон торгууль, эсвэл үүнтэй холбоотойгоор ногдуулах төлбөр,хураамжийн асуудлыг зохицуулах дүрэм журам, 10-р зүйлд Барааг экспортлох, импортлох, дамжуулан өнгөрүүлэхтэй холбоотой дүрэм журмууд, 11-р зүйлд Дамжин өнгөрөх эрх чөлөө гэсэн заалтууд дээр тээвэр зуучийн салбарынхантай илүү нягт, ил тод, ажил хэрэгч хамтран ажиллах хэрэгтэй байгаа юм. Чин үнэндээ Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрээр олгогдсон эрх чөлөөгөө бид бүрэн эдэлж чадахгүй, үр ашгийг нь бүрэн амсахгүй явсаар ирлээ шүү дээ.

Монгол Улс, НҮБ-ын “Далайн Эрх Зүйн Тухай Конвенциийг”  1996 онд  УИХ-аар соёрхон баталсан нь далайд гарцгүй манай улсын хувьд олон улсын худалдаанд далайн  тээврийн үйл ажиллагааг хийх эрх зүйн орчины суурь болсон юм.Энэ Конвенцид дамжин өнгөрч  байгаа тээврийн хэрэгсэлд дамжуулагч улсын тээврийн хэрэгсэлд ногдуулдагаас илүү татвар хураамж авч болохгүй тухай заасан байдаг. 

Гэтэл бид энэ эрхээ бас л бүрэн ашиглаж чадахгүй байна.   

Дэмчигийн Оюунчимэг: Монгол Улсын гадаад худалдаанд импорт зонхилсон. Харин импортлогч орнуудаас ирж байгаа бараа бүтээгдэхүүн хурдан хугацаанд саадгүй нэвтэрч, хямд өртөгтэй  хэрэглэгчдэд ирэхийн тулд та бүхэн ямар арга хэмжээ авч байна вэ?

Ням-Осорын Энхриймаа:Туушин компани нь үүсэн байгуулагдсан цагаасаа Монгол Улсынхаа аж ахуйн нэгж, иргэдийн барааг бүрэн бүтэн, цаг хугацаанд нь хямд өртгөөр тээвэрлэн хүргэж ард иргэдийн амьжиргааны өртгийг хямдруулахад өөрсдийн зүгээс бүхий л боломжит арга хэмжээг авч ажиллаж ирсэн.

Үүний  нэг бодит жишээ нь гэвэл:  Европоос Монголд ирж байгаа ачаа нь далайгаар тээвэрлэгдэж 45-60 хоног болдог. Хүнсний бараа муудах эрсдэлээс сэргийлж, ОХУ болон Беларусаар дамжуулан төмөр замаар тээвэрлэдэг. Гэсэн хэдий ч Беларусь, ОХУ-ын нутагт ачаа алдагдах, гэмтэх, хураагдах, олон хоногоор саатах зэрэг явдал гардаг байсныг таслан зогсоох зорилгоор Герман, Чех, Польш, Беларусь, ОХУ-н тээвэр зуучийн компаниудтай хамтран “Монголын Буухиа” чингэлэг тээврийн хурдан галт тэргийг Беларусийн Брест өртөөнөөс Улаанбаатар хүртэл сар бүрийн 10, 20, 30-нд аялуулах ажлыг 2002 оны 3 дугаар сараас эхлэн  хэрэгжүүлсэн юм.

“Монголын Буухиа” чингэлэг тээврийн хурдан галт тэрэгний аялалыг  санаачилж, зохион байгуулснаар ачаа бараа саатах, замд алдагдах, гэмтэх зэрэг саад тотгор арилсан. Европын орнуудаас  импортоор орж ирж байгаа ачаа, бараа Брестээс Улаанбаатар хүрэх 6300 гаруй км замыг зөвхөн 12 хоногт туулан ирж байгаа нь  далайн тээврээс 4-5 дахин хурдан тээвэрлэгдэж, аж ахуйн нэгж, байгуулагуудын талархалыг хүлээсэн үйлчилгээ болж чадсан.

“Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ” уриатай Туушингийн   бүтээлч хамт олон өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад гадаад худалдаа эрхлэгчид, нийт хэрэглэгчиддээ импортын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлхийн 5 тивээс өөрийн тээврийн сүлжээгээр нийт 5700 агенттай хамтран амжилттай зохион байгуулж цаг тухайд нь бүрэн бүтэн хүргэсэн байдаг.

Бид  үйл ажиллагаандаа чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг 2008 оноос нэвтрүүлснээр хэрэглэгчдийн шаардлага хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлсээр байна.

Бизнес үйлчилгээндээ орчин үеийн шинэлэг техник, технологийг байнга нэвтрүүлэхийг чармайн ажиллаж байгаагийн нэг жишээ бол  замд яваа ачааг гар утасны апликэйшний тусламжтайгаар харж хянаж байгаа. 

 
Монгол Улс 1997 онд Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн орноор элсэн орсон.

Дэмчигийн Оюунчимэг: Дэлхийн Банкны судалгаагаар дундаж хил нэвтрэх хугацаа манай улсын хувьд 160 гаруй цаг зарцуулж байна гэжээ. Худалдаанд маш хангалтгүй үзүүлэлт шүү. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн гол үр өгөөж бизнес эрхлэгчдэд бол хил нэвтрэх цаг хугацааг богиносгох, хүнд суртал, давхцал чирэгдэл арилгах, худалдааны эргэлт нэмэгдүүлэх, илүү ашигтай ажиллах. Ялангуяа  транзит тээвэртэй холбоотой эл элэлцээрийн үр өгөөжийг хүртэхийн тулд талууд яаж ажиллах ёстой вэ?

Ням-Осорын Энхриймаа: Туушин компани болон Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо нь  Зам Тээврийн Хөгжлийн Яамтай сайн  хамтран ажиллаж байгаа. Ялангуяа Далайн Захиргааны Газартай бид гурван жилийн өмнөөс нягт түншилж эхэлсэн. Ажил урагшилж байна. 2018 онд бид хамтран Эрээн хотод Хятад Улсын төр, хувийн хэвшилийнхэн болон  CIFA- Хятадын Тээвэр Зуучлагчдын Холбоотой уулзалт хийж зарим нэг асуудлыг шийдэж чадсан. Шийдэгдээгүй үлдсэн  асуудлууд ч байгаа.

Ялангуяа Хятадын Тяньжин боомтоор Монголын экспорт, импортын ачаа саадгүй зорчиход учирч байгаа дээр дурьдсан саад тотгорыг арилгах тал дээр Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хороо , Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо, ЗТХЯ-ны Далайн Захиргааны Газартай хамтран худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн  1-р хэсгийн  заалтын дагуу  тээвэр зуучийн байгууллагуудад өдөр тутам тулгарч буй хүндрэл бэрхшээл, асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн шийдвэрлэх арга замын талаар ярилцаасай гэж хүсэж байна.

Засгийн газар, Гаалийн Ерөнхий Газраас бизнес эрхлэгчдийн төслийн ачаа барааг тодорхой нөхцлөөр гааль болон НӨАТ-с  хөнгөлж өгвөл бизнес эрхлэгчид тэр дундаа ЖДҮ эрхлэгчдийн хувьд их том дэмжлэг болно гэж боддог. МҮХАҮТанхим энэ асуудал дээр анхаарал хандуулж бодитой ажил эхлүүлээд явж байгаа. Цаашид Засгийн Газарт хандах, бодлогын өмгөөлөлийг хэрэгжүүлэх , шаардах ажлаа улам эрчтэй хөгжүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.   

 ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрээс үр ашиг хүртэх бүх талууд нягт уялдаатай, нээлттэй, хурдтай ажиллахыг уриалж байна.


 

Энэ ярилцлага нь, ”ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр--Монголд" медиа нөлөөллийн ажлын нэг хэсэг болно. Медиа нөлөөллийн ажлыг Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ)  ивээн тэтгэв. ТРАМ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд  хувь нэмрээ оруулахад оршино. Төслийг  Монголын Гадаад Харилцааны Яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран хэрэгжүүлж байна. Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн талаар илүү их мэдээлэл хүсвэл энд дарж үзнэ үү.

Энэ контент Европын Холбооны санхүүгийн дэмжлэгээр бүтсэн болно. Контентын агуулгыг зөвхөн  GOPA  бүрэн хариуцах ба Европын Холбооны үзэл санааг ямар нэгэн байдлаар тусгаагүй болно.

 

Мульти-- медиа нөлөөллийн ажлын загвар зохиож,

хэрэгжүүлэгч Maxima Media www.maxima.mn