Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ор сураггүй алга болсон 16 настай иргэнийг онц хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй хэрэгт төрсөн ахыг нь сэжигтнээр татжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр буюу 11 дүгээр сарын 23-ны 21 цаг 45 минутад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж, 6 цагийн дотор гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг илрүүлсэн байна.

Тухайн хэргийн газарт 2004 онд төрсөн 16 настай эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон.

Амь хохирогчийг түүний ээж энэ сарын 3-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагад бүртгүүлж байжээ.

Талийгаачийг онц харгис хэрцгий аргаар хөнөөж гэмт хэргийн ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг гудамжинд орхисон байж болзошгүй юм. Уг хэрэгт амь хохирогчийн төрсөн ах болох 2002 онд төрсөн 18 настай “Г” холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 Хүнийг алах, мөн 10.1-ийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр гэх зүйл заалтаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.