Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг батлан даалтад гаргажээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс ногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэрийг 2020 оны 10 дугаар сарын 29-нд гаргасан тухай мэдээлж байсан.

Гэхдээ шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм. Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарыг батлан даалтад гаргасан тухай эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.