Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хотод хорио цээрийн дэглэмийг чангаруулахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос улсад сүүлийн дөрвөн өдөр дараалан коронавирусийн халдварын 200-аас дээш тооны шинэ тохиолдол бүртгэгдсэн тул нийслэл Сөүл орчимд Пүрэв гарагаас эхлэн хорио цээрийн дэглэмийг чангаруулахаар болжээ.

Үүнээс өмнө тус улсад өдөртөө дунджаар 100 орчим тохиолдол бүртгэгддэг байв.

Энэ долоо хоногийн Пүрэв гарагаас эхлэн Сөүл орчимд 100-аас дээш хүн цугларсан арга хэмжээнүүдийг хориглож, спортын уралдаан тэмцээний үзэгчдийн суудлын дүүргэлтийг 30 хувиар хязгаарлаж, клуб, баар зэрэг эрсдэл өндөртэй газруудад үйлчлүүлэгчдийн хооронд илүү хол зай бариулах арга хэмжээ авахаар болж байна.

Сүүлийн хэд хоногт Сөүл хотын оффис, эмнэлэг зэрэг газруудад хэд хэдэн халдварын жижиг голомт илэрсэн юм.

Нийслэл Сөүл хот болон түүний ойр орчмын бүс нутагт Өмнөд Солонгосын 52 сая хүн амын бараг тал хувь нь оршин суудаг.

Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тус улсын ерөнхий сайд Чун Ши Кюн “Манай цар тахалтай хийж буй тэмцэлд ноцтой хямрал тулгараад байна. Дэглэмийг чангаруулах нь бидний өдөр тутмын амьдралд төвөг чирэгдэл үүсгэх ч ингэхгүй бол илүү том аюул учруулахыг бид бүгд туршлагаасаа ойлгож байгаа” гэж мэдэгджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост 230 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь есдүгээр сарын эхэн үеэс хойших нэг өдрийн хамгийн олон тохиолдол болсон байна.

Үүнээс 202 нь дотоод халдварын тохиолдлууд байсан ба үүний 68 хувь нийслэл Сөүлд бүртгэгджээ.

Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын нийт 28,998 тохиолдол бүртгэгдэж, 494 өвчтөн нас бараад байна.

 

Эх сурвалж: Reuters