Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүнсний бүтээгдэхүүнээр халдвар дамжих эрсдэл байгаа тул сайтар буцалгаж хэрэглэх шаардлагатай"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

ХӨСҮТ-ийн Тандалт, судлагааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Иргэн Д-ийн халдвар авсан ах нь хүнсний үйлдвэрт түгээлтээр ажилладаг байж болзошгүй гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор тухайн цехийн ажилчдыг тусгаарласан байна. Бидэнд хүнсээр халдвар дамжих аюулгүй гэх баталгаа бий юу?

А.Амбасэлмаа: -Иргэн Д-ийн төрсөн ах нь тусгаарлалтад байсан. Иргэн Д-ийн хоёр дахь хавьтлын хүмүүсийг мөн тусгаарлаж шинжилгээ авч байна. Халдварын эрсдэлийг тооцоход нарийн ажиллагаатай. Тэднээс одоогоор коронавирус илрээгүй. Түргэвчилсэн тестээр хариу нь сөрөг гараад явж байна.

Д.Нарангэрэл: -Ер нь хүнсний бүтээгдэхүүнээр коронавирусийн халдвар дамжих тохиолдол дэлхий дахинд гарч байгаа. Иймд иргэд мах зэрэг буцалгаж болох бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж идэх шаардлагатай. Мөн өндгийг савлагаанаас нь салгаж, бүлээн усаар угааж хэрэглэх, мөн түүхий ус хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Мөн жимс, ногоог арилгахын өмнө давс, содатай бүлээн уусмалаар угааж хэрэглэх бөгөөд мах, ногооны банданг тусад нь байлгах шаардлагатай.

Ташрамд хэлэхэд, албан байгууллагууд хаалганы бариулыг янз бүрийн халдваргүйтгэлийн уусмал шингээсэн маарлаар ороож байна. Ингэх нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлнэ.

-Нэг өвчтөнийг эмчлэхэд хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?

А.Амбасэлмаа: -Нэг хүнийг эмчлэх зардал хэд гэдгийг өнөөдөр хэлэхэд арай эрт байна. Гэхдээ дунджаар 600-700 мянган төгрөг гэж өмнө нь хэлж байсан. Өөрчлөгдөөгүй.

Одоогоор бүртгэгдээд буй 434 тохиолдлоос хүнд буюу амьсгалын аппаратанд орохоор болсон эсвэл эрчимт эмчилгээ шаардлагатай болсон хүний эзлэх хувь маш бага. Одоогоор хүнд, хөнгөн, хүндэвтэр явцтай өвчтөнүүд эмчлэгдэж байна.

-Өвчтөнүүдийн биеийн байдал ямар байгаа вэ?

А.Амбасэлмаа: -Коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсээс хоёр хүний биеийн байдал хүнд байна. Үүнээс Сэлэнгэ аймгаас ирсэн нэг хүнд хүний биеийн байдал тогтворжсон. Хэвтэж буй өвчтөнүүдийн хувьд стресс дарамт, сэтгэл санааны хүнд байдалд орсон зүйл байхгүй.

Бид одоогоор ойрын болон хоёр дахь хавьтлуудыг шинжилж байна. Өдрөөс өдөрт хавьтлуудын тоо нэмэгдэж байна.

Удахгүй бид халдварын эх уурхайг зарлана. Ерөнхийдөө эхний таамаглалууд гарчихсан, хийгдэж байгаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/904614583406439

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.