Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын чуулганаар 2021 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы цахим хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=1045979779156159

Төсвийн байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийжээ. Ингэхдээ нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсвийн төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүдийг тусгахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7-д заасны дагуу Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлээгүй. Төсвийн тэвчиж болох зардлуудыг танах, хойшлуулах замаар эх үүсвэр гарган нэн шаардлагатай санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр болон зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг тодорхой хувиар нэмэгдүүлэх өөрчлөлтийг тусгасан. Эдгээр өөрчлөлтүүд нь холбогдох хуульд заасан хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн байх, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлээгүй байх, мөн Төсвийн тухай хуулийн 6.2.6, 29.3, 29.4-т заасан шаардлагыг хангасан байхаар тусгасан шаардлагуудад нийцсэн өөрчлөлт болсон гэдгийг Байнгын хорооны танилцуулгад дурдсан байна.

Ийнхүү нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагыг 13 их наяд 951,6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 153,7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцжээ.

2021 оны төсвийн жилд Ирээдүйн өв санд 1 их наяд 180.1 тэрбум төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд 156.0 тэрбум төгрөг хуримтлуулахаар тооцсон байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд санхүүүжүүлэх төсөл, арга хэмжээний талаар ажлын хэсэг болон Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд нэмж тусгаснаар нийт 1100 төсөл, арга хэмжээг 1,390,921.0 сая төгрөгөөр санхүүжүүлж хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн “Барих- шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн 5 төсөл, арга хэмжээний эргэн төлөлтөд 266,268.7 сая төгрөг төлөхөөр тусгасан байна.

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед төсвийн ерөнхийлөн захирагч нарын төвлөрүүлэх орлого, зарцуулах зардал, орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого, орон нутагт улсын төсвөөс өгөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг зарчмын зөрүүтэй саналтай уялдуулан тооцоолол хийж, хуулийн дагуу холбогдох өөрчлөлтийг хийх эрх авсны дагуу олонхын дэмжпэг авсан саналуудыг бүрэн тусгах болон хуулийн төслийн зүйл, заалтын дугаар, төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа, эдийн засгийн ангилал, сайдын багц дахь өөрчлөлтүүдийг хийхдээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төвшинд барих зарчимд тулгуурлан тооцоолол хийж, холбогдох өөрчлөлтүүдийг тусган төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн гаргасан саналуудыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг үндэслэн залруулга хийж, төсөлд тусгасан байна.

Ингээд төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасан тул Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийг даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын чуулганы цахим хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дөх хэлэлцүүлгийг хийж, хуралдаан даргалагч хуулийн төслийг зүйл, заалт нэг бүрээр нь уншин сонсгож, төслийн зүйл, заалт бүрээр санал хурааалт явуулав.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл нь нийт 4 бүлэг, 22 зүйлтэй. Төслийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн хуулийн зорилтыг тодорхойлсон байна.

Төслийн  4 дүгээр зүйлд тусгасны дагуу Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 8,737,771.7 сая төгрөгөөр батлав. Харин төслийн 7 дугаар зүйлд Монгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 10.676.615.3 сая төгрөг байхаар батлагдлаа.

Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 1.390.921.0 сая төгрөгөөр санхүүжүүлэх, “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжуулсэн төсөл. арга хэмжээ, барилга байгууламжид улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд 266.268.7 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр батлав. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2021 оны төсвийн жилд 156,016.9 сая төгрөгийн хэмжээтэй, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2021 оны төсвийн жилд 1.180.143.1 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө тус тус хуримтлуулахаар шийдвэрлэв.

Тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2021 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээллэгийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,880,299.4 сая төгрөг, Засгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2021 оны төсвийн жилд 2,815,030.5 сая төгрөг байхаар батлагдав.

Монгол Улсын 2021 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт үзүүлэх санхүүгийн дэмжлэг 163.020.2 сая  төгрөг байх, харин төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 533.868.4 сая төгрөг байхаар тогтлоо. Мөн төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлага 220,701.8 сая төгрөгийн хэмжээтэй байхаар батлагдав.

Хуулийн төслийн Дөрөвдүгээр бүлэгт "Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоон хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар, “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалт”-ыг 3 дугаар хавсралтаар, “Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2021 онд сумын Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэг”-ийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталлаа.

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы цахим хуралдаанд оролцсон 68 гишүүний 59 нь буюу 86.8 хувь дэмжив. Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангуудын 2021 оны төсвийг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгадын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлийг явуулж, хуралдаан даргалагч хуулийн төслийг зүйл, заалт нэг бүрээр нь уншин танилцуулан нэгбүрчлэн санал хураалгаж батлуулав.

Нийгмийн даатгалын санд 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх нийт орлого 2,398,687.8 сая төгрөг, зарцуулах төсвийн нийт хэмжээ 2,594,280.5 сая төгрөг байх, түүнчлэн Нийгмийн даатгалын сангийн төсөвт 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчаас  эргэн төлөх төлбөрийн хэмжээг 103,736.0 сая төгрөг байхаар эцэслэн батлагдав. Уг хуулийн төслийг цахим хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.

Харин Эрүүл мэндийн даатгалын санд 2021 оны төсвийн жилд аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл, ажиллагчдаас төлөх шимтгэл, төсөвт байгууллагаас төлөх шимтгэл, улсын төсвөөс олгох шилжүүлэг, бусад даатгуулагчаас төлөх шимтгэл, бусад орлого зэргээр төсвийн ерөнхийлөн захирагчдаас төвлөрүүлэх орлогын нийт хэмжээг 951,266.5 сая төгрөг, төсвийн жилийн зарлагын нийт хэмжээ 1,210,703.3 сая төгрөг байх, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч 136,400.0 сая төгрөгийн хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлөхөөр баталлаа. Хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтад 68 гишүүн оролцож, 60 нь буюу 88.2 хувь нь дэмжсэн юм.

Ийнхүү Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал хуулийн хугацаанд нь эцэслэн баталж, баталсан хуулийн эцсийн найруулгыг сонссоноор чуулганы цахим хуралдаан өндөрлөв.