УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан коронавирусийн эсрэг вакцинд хэдэн төгрөг төсөвлөсөн талаар асуув.
Энэ асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах хариултыг өглөө.
Тэрбээр “Бид вакцинд зориулан 50.6 сая ам.долларын зээл хүссэн. Арваннэгдүгээр сарын 16-н буюу гурав хоногийн дараа Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр энэ зээл батлагдана. Нийт монголчуудынхаа 60 хувьд вакцин хийлгэнэ гэж тооцон захиалга өгсөн. Ингэхдээ ДЭМБ-аас баталсан вакциныг хийлгэнэ гэсэн байр суурьтай байгаа. Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөс энэ зээлийг баталсны дараа УИХ-д оруулж ирж хэлэлцүүлнэ” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!