Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэд батлагдсан COVID-19-ийн тохиолдлын хавьтал болох Дарханы 67 хүүхдийг тогтоож, шинжилгээ авч эхэлжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сэлэнгэ аймгийн 74 настай иргэн Ц-ийн хоёр удаагийн шинжилгээгээр Ковид-19-ийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн.

Тус иргэний хавьтал болох хоёр хүнээс мөн халдвар илэрсэн талаар өнөөдөр ЭМЯ мэдээллээ. Тодруулбал, нэгдүгээр хавьтал болох бэр, 8 настай ачаас авсан шинжилгээ эерэг гарсан байна.

 
Гэрэл зургийн эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Тэд энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Сэлэнгээс Дархан-Уул аймагт ирж, Дарханы томоохон таван худалдааны төвөөр үйлчлүүлсэн талаар аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал ТВ-5 телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 

Ингэхдээ нэг худалдааны төвд 20-30 минут саатсанаас гадна "Оргил" худалдааны төвийн тоглоомын төвд хүүхдээ 2 цаг тоглуулсныг Дархан-Уул аймгийн Онцгой комисс цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран камерын шүүлтээр нарийн тогтоожээ.

Тухайн үед тоглоомын төвд нийт 67 хүүхэд тоглосныг мөн тогтоож, шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн байна.

Мөн Дархан-Уул аймгийн төв замын хөдөлгөөнийг бүрэн хааж, худалдааны төвүүдийг өнөөдөр мэргэжлийн байгууллагуудаар ариутгуулахаар болжээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.