Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

А.Азжаргал: "Өлгийтэй" байсан стартапууд маань одоо хөлд орчихсон явж байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 10
Сурталчилгаа

Монгол Улсад гарааны бизнес эрхлэгчид улам бүр нэмэгдэж, улс орны эдийн засгийг тэлэх, төрөлжүүлж хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. Гарааны бизнес эрхлэгчдэд бизнесээ тогтворжуулж, зах зээлд гарч ирэхэд нь туслах тулгуур хүчин зүйл нь найдвартай, тав тухтай оффисын байр байдаг. Харин гарын арван хуруунд тоологддог хамтын оффисын төвийн хамгийн том нь, басхүү хамгийн боломжийн үнэтэй нь “Моффис” гэдгийг гарааны бизнес эрхлэгчид санал нэгтэйгээр хэлж байна. Ингээд Моффис хамтын оффисын төвийг хариуцан ажилладаг, Мобиком Корпорацийн Инновац хариуцсан менежер А.Азжаргалтай ярилцсанаа хүргэе.

 

Юуны өмнө саяхан болж өнгөрсөн “Forbes Property awards 2020 арга хэмжээнээс “Архитектурын Шилдэг Интерьертэй Оффис” шагнал хүртсэнд баяр хүргэе.

Баярлалаа. Яг үнэндээ маш гэнэтийн явдал болсон шүү. Арга хэмжээ болохоос хоёр хоногийн өмнө урилга авсан юм. Гэтэл маргааш нь буюу нэгхэн хоногийн өмнө шагнал авч байгаагаа мэдсэн. Үл хөдлөхийн салбарын том том компаниуд дунд манайхыг онцолж сонгоод, бүр шилдэг хэмээн өргөмжилсөнд туйлын их баяртай байна.

Ярилцлага өрнүүлэх гээд “Моффис”-ыг багахан судалж үзлээ. Танайх бусад хамтын оффисын төвтэй харьцуулахад сошиал хуудаснуудаа идэвхтэй хөтөлдөг юм билээ. Тэр дундаа дотор нь байгаа хүмүүсээ түлхүү танилцуулж байгаа нь ажиглагдсан.

Бид өөрсдийн хийж байгаа ажлуудаа яаж танилцуулж, тайлагнах вэ гэж бодож байгаад контентоор дамжуулж хүмүүст хүргэе гэдэг санаа гаргасан юм. Удалгүй “Humans of Moffice” контентыг хийж эхэлсэн. Одоо энэ контентын маань 27, 28 дугаар гарчихсан байна. Мөн Posted.mn-тэй хамтраад LEVEL UP буланг нээсэн юм. Анх энэ буланд сард нэг удаа контент оруулж байсан ч, дээр нь нэмэлтээр өөрсдийн хийсэн контентуудаа илүү албан ёсны болгож оруулдаг болсон.

 

Танайд байгаа стартапуудын тухай мэдээллийг та бүхний сошиал сувгууддаа хийсэн эдгээр контентоор дамжуулаад олж мэдсэн, эргэн холбогдож хамтран ажилласан гэдэг ч юм уу тийм гоё эргэх холбоо, нөлөөлөл бий болгосон тохиолдол бий юу?

Байлгүй яахав. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, Hello baby гээд апликейшныхан маань “Амгалан” амаржих төвтэй хамтран ажиллахаар болсон. Тэр нь яг манай хийсэн контентоор дамжуулж олж мэдээд, дараа нь ICT EXPO дээр хоёрхон цаг байх хугацаанд нь ирж уулзаад, улмаар хамтран ажиллахаар болсон юм.

Цар тахлаас шалтгаалаад зарим төрлийн бизнесүүд зогсолтод орж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон шүү дээ. Моффист байгаа стартапуудын хувьд энэ нөхцөл байдал хэр нөлөөлсөн бэ?

Манайхны хувьд дандаа шинэ бизнес эхлүүлж байсан. Тэгэхээр яг тэр үед стартапууд маань цаг хугацаа их зарцуулагддаг хөгжүүлэлтийн ажилдаа төвлөрч, өөр бусад зүйлд сатаарахгүй байх боломж нь бүрдэж өгсөн гэхэд болно. Дараа нь ковид ч гайгүй зөөлрөөд, манайхан бүтээгдэхүүнүүдээ танилцуулаад эхэлсэн. Цар тахлын үед Моффисын зүгээс түрээсийн төлбөрөө 50 хувь, зарим сард 100 хувь хүртэл хөнгөлсөн. Ер нь урт хугацааны гэрээтэй газрууд маань тодорхой хэмжээний хөнгөлөлттэй байдаг.

Мөн энэ хугацаанд үндэсний төлбөрийн шийдэл Монпэй-н хөгжүүлэлтийн хүрээнд хэд хэдэн ажлууд дээр хамтрагч ажилласан. Тэгэхээр манайд байгаа стартапуудад тийм ч их хүчтэй нөлөөлөөгүй гэж бодож байна.

 

Моффисыг Мобикомын инновацын төв гэж хэлж болно шүү дээ. Мобикомын зүгээс Моффис дээр байгаа стартапуудад ямар нэгэн байдлаар туслалцаа үзүүлдэг үү?

Мобиком Корпорацийн хувьд тал талын экспертүүдээс бүрдсэн том компани. Санхүү, хууль, маркетинг, борлуулалт, хэрэглэгчийн үйлчилгээ гээд тал бүрийн мэдээллийг хүргэх чадвартай. Манай стартапуудаас сард нэг удаа хүсэлт гаргаж, бид тухайн хүссэн чиглэлээр нь сургалт зөвлөгөө авах уулзалтыг зохион байгуулдаг юм. Мөн Мобиком Корпорацийн бусад аж ахуй нэгж байгууллага, төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа нийгмийн хариуцлагын, нөлөөллийн ажлуудад Моффис дээр байгаа стартапууд маань хамтран ажиллаж байна. ЦЕГ-аас Мобиком Корпорацитай хамтран хэрэгжүүлэх гэж буй архины эсрэг аяны маркетингийн идэвхжүүлэлтийн ажлыг манай Line Agency хариуцан ажиллахаар болсон.

 

Моффисын хувьд бид зардал багатай ажилладаг. Дотоод интерьер маань олон хүнд таалагддаг учраас рекламны зураг авалт хийх хүсэлтүүд нэлээдгүй ирдэг. Тэр бүрд бид талбайн түрээс аваад байдаггүй. Жишээ нь, нэг хамтрагч байгууллага маань Моффис дээр бүтэн өдрийн зураг авалт хийгээд, түүнийхээ хариуд бидэнд маш гоё tour видео хийж өгсөн. Тэр видео маань хүмүүст маш их хүрсэн гэдэг ч юм уу, иймэрхүү байдлаар л бие биедээ харилцан ашигтай, уялдаа холбоотой ажилласаар ирсэн.

Энэ салбарт ажиллах эхэлснээс хойш даруй нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Анх үүнийг эхлүүлэхдээ тодорхой төлөвлөгөө гаргаж байсан болов уу. Харин одоо нэг жилийн дараа харахад тэрхүү төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлага гарсан уу?

Стартап гэдэг бол шинэ төрсөн хүүхэд л гэсэн үг шүү дээ. Бид анх үйл ажиллагаагаа эхлэхдээ “Монголд төдийгүй дэлхийд гарах стартапуудыг өлгийдөн авна аа” гэж байсан. Одоо жилийн хугацаа өнгөрч байна гэхээр өлгийтэй хүүхдүүд маань хөлд орчхоод байна. (инээв) Тэд маань эхнээсээ бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулаад, танигдаад эхэлсэн.

Бидний хувьд эхний нэг жил суралцах нэг жил байлаа. Мобиком Корпорацийн хувьд энэ салбарын ойлголт, төсөөлөл багатай. Гарааны бизнес гэж юу юм, энэ дотор бүрдэж байгаа коммунити юу хийдэг, яадаг ийдэг, яаж чиглүүлэх ёстой гээд юу ч мэдэхгүй байсан. Ингээд бүтэн жилийн хугацаанд бид сураад, суралцахынхаа хажуугаар коммунитигээ өөрсдөө босгож, build хийлээ. Одоо Моффис маань Монголдоо цорын ганц “Корпорацийн хурдасгуур хөтөлбөр”-тэй болж байгаа юм. Бид Мобиком Корпорацийнхаа 25 жилийн бизнесийн түүх, ёс зүй, энэ хугацаанд цуглуулсан бүхий л зүйлийг яг одоо гарааны бизнес дээр тренд болж байгаа subject-уудтай нэгтгээд, өөрсдийн гэсэн ондоошил, ялгарлыг үүсгэсэн хурдасгуур программтай болж байгаа юм. Түүнийгээ 2021 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлнэ. Цаашдаа бид хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтад бэлдэх, хөрөнгө оруулалт татах ажлуудыг нэлээн хийж эхлэх болов уу.

Хүмүүс аливаа зүйлийг нэг үгээр илэрхийлэхийг их хүсдэг шүү дээ. Тэгвэл таны хувьд Моффисыг нэг үгээр илэрхийлбэл?

Манай дээр байгаа хүмүүс, стартапууд бүгд эрх дураараа, чөлөөтэй, аз жаргалтай байдаг. Энд байгаа нэг ч хүн ямар нэг дарамт шахалт, ажлын стресс бухимдал, хоорондоо үл ойлголцох зэрэг сөрөг зүйл байхгүй. Моффис бол гоё, эерэг. Моффис бол аз жаргал. Хүмүүсийн хэлдгээр Моффис бол хайр юм. (инээв)

 

Хувь хүний тань зүгээс яривал та төслийн менежер хүн. Төслийн менежер хүн гэдэг нэг төслөөс нөгөө төслийн хооронд ажилладаг шүү дээ. Тэгвэл таны дараагийн төсөл юу байх вэ? Одоо ямар төсөл руу ханцуй шамлан орохыг хүсэж байна?

Миний хувьд хардверын инженер хүн шүү дээ. Мэргэжлээрээ ажиллаж, сурч, компани дотроо хөрвөн ажиллаж байгаад төслийн менежер болчихсон. Болох болохдоо барилга интерьерийн хоёр ч төсөл дээр ажилласан байхгүй юу. Төсөл дээрээ ажиллаж байгаад өөрөө үргэлжлүүлэн үйл ажиллагааг нь авч явахаар болж томилогдоод, өөрийнхөө хэмжээнд үйл ажиллагааг нь жигдрүүлээд, цаашид өргөжихөд бэлэн болгочихсон явж байна. Хэрвээ цаашид өөр төсөл хийе гэх юм бол би хувьдаа creative салбарт хүч үзмээр санагддаг. Кино багт орж ажилладаг ч юм уу, концерт зохион байгуулдаг ч юм уу, интертайнмент, продакшн маягийн төслүүд дээр ажиллаж үзмээр санагдаад байгаа. Мөрөөдөх юм бол 10000 хүний том тоглолт зохион байгуулж үзмээр байна.

Сүүлд Моффис Монгол Японы төвтэй хамтраад төслийн уралдаан зарласан байсан. Энэ төслийн талаар сонирхуулбал?

Энэ бол маш том гоё төсөл. Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Монгол-Японы Хүний Нөөцийн хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлж буй “MonJa StartUp Accelerator Programm” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь цар тахлын үеийг даван туулах, эдийн засгийг сэргээх ач холбогдолтой, шинэлэг бизнес санааг шалгаруулах зорилготой юм. Шалгарсан стартапууд 30 мянган ам.долларын хөрөнгө оруулалт авна. Энэ нь стартап ч гэлтгүй бизнес эрхлэгчдэд маш их мөнгө шүү дээ. Стартапууд маань тун идэвхтэй оролцож байгаад баяртай байна. Одоо тэдэнтэй үзэж тарна даа. (инээв)

Цаг гарган ярилцаж, төслийнхөө талаар, цаашдын зорилго, басхүү өөрийн мөрөөдлийнхөө талаар хуваалцсан танд баярлалаа. Таны болон Моффисын бүхий л гишүүдэд, энэ гоё коммунитиг хамтдаа босгосон хүн бүхэнд цаашдын ажилд нь амжилт хүсье. Баярлалаа.

Биднийг зорин ирж ярилцсанд баярлалаа. Халуун дотно, эерэг харилцаа ундарч байдаг манай оффисоор зочлохыг хүссэн хүн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байна гэдгийг хэлмээр байна.

 

Та Моффисын сошиал хаягуудаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай!

     

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.