Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ахмадуудын олон жилийн хүлээлтийг биелүүлж орон сууцанд орууллаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 6
iKon.MN
Ахмадууд орон сууцтай боллоо

Орон сууц нэн шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цаашилбал Моргейжийн зээл авах нөхцөл бүрдээгүй залуу гэр бүлд дэмжпэг үзүүлэх зорилгоор “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэргжүүлж байгаа.

300 айлын орон сууцны 138-ыг нь өндөр настангуудад өгөх бөгөөд өнөөдөр эхний ээлжийн ахмадуудад эзэмших эрхийн гарчилгээг нь гардуулав

Хөтөлбөрийг ЗДТГ, НЗАА, ИТХ хамтран хэрэгжүүлсэн бөгөөд эхний ээлжийн 300 айлын орон сууцыг өнөөдөр ашиглалтад орууллаа.

Энэхүү 300 айлын орон сууцны 138-ыг нь өндөр настангуудад өгөх бөгөөд өнөөдөр эхний ээлжийн ахмадуудад эзэмших эрхийн гарчилгээг нь гардуулав.

Байрны тухайд, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Бэрэн” групп Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд барьсан25.8-37.3 м.кв-ын сонголттой. Ингэхдээ оршин суугчид нь ОНӨААТҮГ-тай түрээсийн гэрээ байгуулж, нэг м.кв-ыг нь 3000 төгрөгөөр тооцох гэнэ.

Өөрөөр хэлбэл, ахмадууд маань сардаа 77-110 мянган төгрөгийн түрээс төлнө. Түүн дээр цахилгаан, цэвэр бохир ус, халаалт  гээд нэмбэл 110-170 мянга болох аж.

 

Эхний ээлжийн орон сууцанд орж байгаа ахмадуудын хувьд маш олон жилийн өмнө өргөдлөө өгсөн, өөрийн гэсэн орон гэргүй ахмадууд юм байна.

Нийслэлийн хэмжээнд 1995-2012 онд албан ёсоор орон сууцны өргөдөл гаргасан 8200 гаруй иргэн байгаа бөгөөд эдгээрийг шуурхай шийдвэрлэх нэг гарц нь “Ахмадын орон сууц” хөтөлбөр гэж нийслэлийн удирдлагууд хэлж байлаа.

Захирагчийн ажлын албанаас томилогдсон мэргэжилтнүүд 5000 орчим өргөдөлтэй танилцаж, шалгуур хангасан 128 өндөр настны жагсаалтыг гаргасан байна. Хэдийгээр орон сууц хүссэн олон өргөдөл байгаа ч дийлэнх нь өмнө нь улсаас байр авч байсан, өөрийн нэр дээр байр, хашаа байшинтай, хэдхэн сарын өмнө өмчлөлийн байраа хүүхэддээ шилжүүлсэн гээд журмын үзүүлэлтийг хангахгүй байх тохиолдол нилээдгүй гарчээ.

Харин “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, түрээсийн орон сууцанд орох иргэдэд дараах зургаан шалгуурыг хангасан байх учиртай.

  • Улсаас орон сууц авч байгаагүй
  • Улаанбаатар хотын харъяат ба сүүлийн таван жил нийслэлд амьдарсан
  • Өрхийн орлого нь ашиглалтын болон түрээсийн зардлаа төлөх чадвартай
  • Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн болон ашиглалтын зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцааг төлөх чадвартай
  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, Монгол Улсын иргэн
  • Тэтгэвэр эсхүл халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй байх ба өөрийн өмчлөлийн газар, гэр, байшин болон автомашингүй байх ётой аж.

Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комиссыг ахладаг. 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хурлаар Улаанбаатар хотын ЗАА-наас журмын шалгуур хангасан гэж үзсэн 128 өндөр настны материалтай танилцаж эхний ээлжийн 300 айлын орон сууцанд ийнхүү оруулж байгаа аж.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргад Нийслэлийн Цагдаагийн газраас гаргасан хүсэлтийн дагуу зайлшгүй шаардлагатай 10 албан хаагчийг “Ахмадын орон сууц”-д оруулахаар болжээ.

Ахмадуудыг орон сууцаа хүлээн авах үеэр Баянгол дүүргийн иргэн ахмад настан Р.Төмөр гуйтай хуучиллаа. Тэрбээр энэ жил 74 настай бөгөөд түрээсийн байранд амьдардаг байжээ.

-Та орон сууцанд орох өргөдлөө хэзээ өгсөн бэ?

-Яг анх бол 1970-аад онд өгч байсан. Түүнээс хойш 40 гаран жил хөөцөлдөөд одоо л байранд орох гэж байна.

-Таны хувьд залуудаа ямар ажил хөдөлмөр эрхэлдэг байв. Хэчнээн жил ажиллав?

-Цагдаагийн байгууллагад 20 жил ажиллаад сүүлдээ худалдааны байгууллагад байж байгаад тэтгэвэртээ гарсан даа.

-Танд хэчнээн м.кв-тай байр өгсөн бэ. Сардаа хэдэн төгрөг төлнө гэнэ?

-Тэрийг мэдээгүй л сууна. Ямар ч байсан байр өгнө гэсэн. Тэгээд л ирчихээд байна даа.

-Шинэ сууцтайгаа танилцсан уу. Хэр санагдав?

-Тун дажгүй юм байна. Гадна тал нь бол их сайхан юм. Дотогшоо орж үзсэн, хэмжээ нь жижигдүүл юм билээ. Гэхдээ сайхан байр байна.

-Таны хувьд хэдүүлээ амьдрах вэ?

-Эмгэнтэйгээ л хамт амьдарна.