Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдөр хаалтаа хийлээ.
Харин 1990 оноос нийслэлийн хүн амын өсөлт хурдацтайгаар нэмэгдэж, хот өргөжин тэлж тэр хэрээр цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүй болж, бетон байгууламжууд ч элэгдэж муудан, техник технологийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан билээ. Лагийг байгалийн аргаар хатааж их хэмжээгээр хуримтлуулсны зэрэгцээ өдөр бүр түүхий лагийг ил задгай талбайд хатааж байсантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын төвд хүртэл эвгүй үнэр үнэртэх болсон.
Тиймээс Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоол гарч, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх ажлыг зохион байгуулж, 2020 онд амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Хэдийгээр Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж, хоргүйжүүлэх ажил хийж байгаа ч тодорхой хэмжээнд үнэр ялгаруулж байгаа нь өнөөдрийн арга хэмжээний илтгэлд дурдагдлаа.
Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламж руу стандартын бус химийн хүнд элементтэй бохирдол нийлүүлэгдэж байгаагаас энэ нь шалтгаалж байгааг мэргэжилтнүүд онцолсон. Тиймээс БХБЯ-аас Жайка Олон Улсын байгууллагатай хамтран ажиллаж бохирдлыг хянах хяналтын системтэй болох, бохирдлыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох талаар ажиллаж байгаа аж.
Хүнсний болон ахуйн үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламж байхгүйгээс шалтгаалан Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал буурахгүй хэвээр байгаа тул төслийг цаашид өргөжүүлж, үргэлжлүүлэх шаардлагатай гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдлээ.
Төслийн хаалтын ажиллагаанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газрын дарга О.Лхагвацэдэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Барилгын хөгжлийн төвийн Тэргүүн дэд захирал Б.Ганболд болон бусад холбогдох албаныхан оролцов.
Эх сурвалж: Барилгын хөгжлийн төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!