Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Болормаа: Эрүүл амьдралын хэв маяг сахих нь урьдчилан сэргийлэхээс гадна эрүүл байх гол нөхцөл болдог

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

“Интермед” эмнэлгийн зүрх судасны эмч Э.Болормаатай ярилцлаа.

-Зүрхний өвчин яг ямар шинж тэмдгээр илэрдэг вэ. Зүүн гар даагдахгүй өвдвөл зүрх өвдсөний шинж гэдэг. Энэ нь зөв үү?

-Зүрхний  өвчин нь зүрхний судасны нарийсал, зүрхний булчингийн эмгэг, зүрхний хавхлагын өөрчлөлт, зүрхний хэм алдагдал гэх мэт олон эмгэгээс бүрддэг. Зүрхний аль хэсгийг хамаарснаас шалтгаалж шинж тэмдгүүд нь өөр байдаг ч дийлэнхдээ зүрх орчимд цээжээр өвдөх, амьсгал давчидах, толгой эргэх, зүрх дэлсэх, хөлөөр хавагнах шинжүүдээр илэрдэг. Жишээ нь, бидний зүрхний ишеми гэж нэрлээд байдаг өвчний үед зүрхний  титэм судас нарийсч   зүрхний булчинд очиж байгаа цусан хангамж дутагдсанаас болоод зүрх өвдөх мэдрэмж төрдөг. Хүн болгонд харилцан адилгүй. Өвчүүний ард базаж дарах, нухах, эвгүй оргих, тэр нь хоолой боох мэт дамжиж өвдөх, зүүн мөр ба гар руу бадайрах, унжиж өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Чихрийн шижин өвчтэй, настай хүмүүст эдгээр шинжүүд бүдэг илэрдэг тул хугацаа алдаж буруу оношлогдох эрсдэл нэмэгддэг. Дотор муухайрах, пэлбэгнэх, бие сулрах, эсвэл хоёр далны хооронд эвгүй оргих шинж байдлаар илэрч болно. Зүрхний шигдээс болж болзошгүй гол шинж тэмдэг гэвэл цээжээр хүчтэй өвдөх толгой эргэж амьсгал давхцах, хүйтэн хөлс гарах. Тэр өвдөлтөөсөө болоод хүн цээжээ гараараа дардаг. Бүр хөдлөхөөсөө айж, үхэх гэж байгаа мэдрэмж төрдөг.

-Хөл хавантдаг нь бас зүрхний өвчний шинж гэдэг?

-Хөлийн эдэд шингэн хуримтлагдсанаас болж хөл хавагнадаг. Зүрхний дутагдалын үед зүрх агших үйл ажиллагаагаа хангалттай хэмжээгээр хийж чадахгүй байгаа үед доод мөчдийн цусны эргэлтийн зогсонгишил тэгж илэрдэг. Гэхдээ зөвхөн зүрхний өвчний шинж тэмдэг гэж ойлгож болохгүй. Венийн судасны өөрчлөлт, тунгалагийн ситемийн болон бөөрний өвчин гэх зэрэг олон өвчний үед  хөл хавагнаж болдог.

-Зүрхний өвчин улам ихсээд байна гэдэг. Жилд тэдээр нэмэгдэж байна гэсэн тоо байдаг уу?

-Монгол улсад 2019 оны байдлаар  халдварын бус гаралтай өвчнүүдийн дунд зүрх судасны өвчлөл нь амьсгалын болон хоол боловсруулах замын өвчний дараа гуравдугаарт жагсаж байна. Харин нас баралтаараа нэгдүгээрт байна. Зарим судалгаанаас харахад, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл 30 насанд 50 хувь нэмэгддэг гэж үздэг. Энэ нь амьдралын хэв маягтай холбоотой. Яг ажил, амьдрал гээд санаа зовоод эхэлдэг үе байгаа биз. Тийм учраас гадаадын орнуудад хүмүүс йог, бясалгал маш их хийдэг. Стресстэй холбоотой сэтгэцийн эмгэгүүд үүсдэг, энэ нь зүрх судасны өвчин үүсэхэд нөлөөлдөг учраас хүмүүс стрессээс ангижрах аргаа л хайж байна гэсэн үг. 

2010 оныхтой харьцуулахад 2019 онд зүрхний ишеми буюу титэм судасны өвчин 2,4  хувиар багассан бол даралт ихсэлт 2,8 хувиар өссөн гэсэн мэдээлэл байна. Энэ тоо хүмүүс даралт ихсэх болон зүрх судасны өвчинд анхаарах хэрэгтэй болсныг харуулж байгаа юм. Ер нь бол дэлхий дахинд зүрх судасны өвчлөл тэргүүлэх байр эзэлж байдаг.

-Зүрхний өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйл нь нийгмийн амьдрал болоод байна аа даа?

-Амьдралын зохисгүй хэв маяг, байнгын суугаа байдалтай  хөдөлгөөний хомсдол, стресс, архи, тамхи зэрэг олон хүчин зүйлс нийгмийн түгээмэл үзэгдэл болоод байна. Эдгээр нь бүгд артерийн даралт ихдэлт, цусанд холестерол, сахар ихэсгэх  шалтгаан болж улмаар судас хатуурах, зүрхний шигдээс, тархинд харвалт болох эрсдэлийг үүсгэж байдаг. Мэдээж бас удмын шалтгаан байгаа. Хэрвээ гэр бүлд нь нас баралт эрэгтэй хүмүүст 55 наснаас, эмэгтэй хүмүүс 65 наснаас эрт тохиолдсон бол зүрх судасны өвчний эрсдэл өндөртэй гэж үздэг. Ийм хүмүүс даралтаа байнга үзэж, хэрвээ зүрхээр, цээжээр өвдөх шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж, цусан дахь өөх тосоо шалгуулах гэх мэтчилэн шинжилгээ хийлгэж үзүүлэх шаардлагатай.

Мөн гэр бүлд нь эрсдэл өндөртэй, удмын өгүүлэмжтэй, тарган, хөдөлгөөний хомсдолтой хүүхэд байвал цусан дахь өөх тосыг 9-11 нас, 18-20 насанд  үзүүлэхийг зөвлөдөг. Өсвөр насны бойжилтын үед өөх тосны солилцоо өөрчлөлттэй гардаг учраас үзэхийг зөвлөдөггүй. Хэрвээ энэ насандаа үзүүлж байгаагүй бол эрэгтэй хүн 25-30 насанд, эмэгтэй хүн 30-35 насанд урьдчилсан үзлэгт орох ёстой гэж үздэг.

-Сүүлийн үед зүрхний хэм алдагдал гэж их ярьдаг болсон байна?

-Хүний биеийг машинаар яривал мотор нь зүрх гэсэн үг. Хүн өөрийн зүрхний хэмжээг гараа атган зангидаж багцаалж болдог. Хүүхэд бол нэг атгасан гарын дайтай, насанд  хүрсэн хүнийх хоёр атгасан гартай ойролцоо хэмжээтэй байдаг гэж үздэг. Энэ булчинлаг эрхтэн маань таны эд эрхтэнийг цусаар хангахын тулд тасралтгүй агшиж, суларч ажиллаж байдаг. Хүний амьдралын туршид зүрх дундажаар 2,6 тэрбум удаа цохилдог гэсэн тоо байдаг. Зүрх өөрөөсөө цахилгаан импульс ялгаруулж түүнийгээ зүрхний хэсгүүдэд дамжуулснаар жигд хэмнэлээр агшиж байдаг. Энэ тогтолцоонд өөрчлөлт орохоор зүрхний хэм алдагдал үүсдэг. Эрүүл хүний зүрх тайван үед минутад ойролцоогоор 60-100 удаа цусаа шахаж, агшдаг. Зүрхний хэм алдагдал дотроо олон янз байдаг. Зүрхний энгийн цахилгаан бичлэг эсвэл 24 цагийн Холтер  бичлэг хийлгэж, шаардлагатай бол электрофизиологийн шинжилгээг хийж ямар төрлийн хэм алдагдал байгааг тогтоосны дараа, эмчилгээг хийдэг.

Зүрхний бүтцийн өөрчлөлтгүй үед ч хэм алдагдал илэрч болдог. Амьдралын зөв хэв маяг нь өөрчлөгдсөн, ялангуяа нийгмээс гаралтай стресс бухимдалтай, уур уцаартай удаан хугацаагаар явах, нойргүйдэлд орох, тамхи их хэмжээгээр татдаг хүмүүст зүрхний зүрхний хэм алдалт их тохиолддог. Ийм хүмүүс амьдралын хэв маягаа зөв болгохоор хэм алдагдал нь засардаг.

Зүрхний цохилт олшроход нөлөөлдөг хүчин зүйлс байдаг. Хүний бие үрэвсэл ихтэй байх үед, эсвэл хэт их халуурах, цус багадалттай байх, бамбайн даавруудын өөрчлөлтийн үед зүрхний цохилт олширч болно. Мөн эрдсийн дутагдалд орох, биед шингэн дутагдах зэрэгт зүрхний цохилт олширно.

Зүрх гэнэт хурдан хурдан цохилж эхлээд, гэнэт зогсох мэт болох, зүрх орчим пэлбэгнэх, юмнаас түгшээд яараад байх мэт, толгой эргэх ухаан балартах гээд олон янзын шинжүүдээр зүрхний хэм алдагдал мэдрэгдэж болдог. Ялангуяа настай хүмүүст зүрхний хэм удаашрах хэм алдалт гэж байдаг. Иймэрхүү шинжүүд давтагдаад байвал заавал зүрхний эмчид үзүүлж оношлох шаардлагатай.

-Зүрх яагаад өөхөлдөг юм бэ?

-Зүрх болон зүрхний гадуурх үнхэлцэг хальсны хооронд зүрхний гадна давхаргын өөх гэж байдаг. Энэ өөх нь хэвийн үед зүрхийг хамгаалж, хэвийн ажиллахад нь тусалж байдаг. Таргалалт, бодисын солилцооны өөрчлөлтөөс болж зүрхний гадна давхарга  өөхөлдөг. Мөн удамшлын гаралтай цусанд өөх тос ихсэлт гэж байдаг. Тэр өвчний  үед бас зүрхний өөхлөлт нэмэгддэг. Энэ өөхлөлт нэмэгдэх нь зүрхний титэм судасны өвчинтэй шууд холбоотой болох нь олон судалгаагаар илэрсэн байдаг. Тэгэхээр товчхондоо бол зүрхний шигдээсээр өвдөхгүй эрүүл байя гэж бодвол хүн гэдсээрээ таргалахгүйгээр жингээ хэвийн байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эрүүл амьдралын хэв маягийг барих ёстой. Монголчуудад, ер нь хүмүүст нийтлэг түгээмэл алдаа байдаг. Бие нь өвдөөд ирэхээр зөвхөн эм уугаад зүгээр болчих юм шиг боддог. Эмүүд дотроо олон янз шүү дээ. Ер нь эм гэдэг бол химийн бодис, биеэс бүрэн гадагшлахад тодорхой хугацаа шаарддаг. Элэг бөөрний  асуудалтай, өөр олон төрлийн эм уудаг хүнд бол эмийн гаж нөлөө, харилцан үйлчлэлээс болоод тус болохоос илүү гай болох ч тохиолдлууд байдаг. Тэгэхээр химийн бодис хэрэглэж үзэхээсээ өмнө яагаад өвдөх болов гэдэгтээ анхаарах хэрэгтэй. Зарим хүн зүрхээ л үзүүлье, зүрхийг минь л эмчлээд өгчих гэж орж ирдэг. Тэгэхээр нь бусад эрхтэн тогтолцооны өвчин байна уу гэдгийг заавал асууж тодруулна. Чихрийн шижин, бөөрний архаг дутагдал, хоолойн ангина, үе мөчний, дархлааны зэрэг маш олон өвчний үед  зүрхний өвчин үүсч бас хүндэрч болно. Хоорондоо дандаа уялдаатай. Хүний бие бол нэгэн бүхэл цогц бүтээл гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

-Үйлдвэржилт, нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор хөдөлгөөний хомсдолд орж, таргалалт маш их болсон. Ялангуяа бага насны хүүхдүүдэд. Энэ мөн л зүрхэнд нөлөөлнө биз?

-Таргалалт бол дэлхий дахинд эрүүл мэндийн маш том асуудал болсоор байгаа. 1980 оноос хойш гэхэд л таргалалтын тоо дэлхийн хэмжээнд гурав дахин ихэссэн гэсэн тоо баримт  байдаг. Таргалалтаас болж чихрийн шижин өвчин, өөх тосны солилцооны өөрчлөлт, артерийн даралт ихсэлт, нойрон дунд амьсгал түгжрэх гэх мэт маш олон эмгэг үүсдэг. Эдгээр нь бүгд эцэстээ зүрх судасны өвчлөлд хүргэдэг. Таргалалт, хөдөлгөөний дутагдал нь жирэмсэн эхчүүдэд жирэмсний чихрийн шижин өвчин үүсэх томоохон нөхцлийн нэг болдог. Хэрэв хяналт муу байвал цусанд сахар ихэссэнээс болоод хүүхэд том жинтэй төрдөг. Энэ нь улмаар нас биед хүрэхдээ зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зүрх судасны өвчнүүдийн дийлэнх шинж тэмдгүүд нас биед хүрсэн үед илэрдэг хэдий ч судасны өөрчлөлтүүд нь бүр хүүхэд байхаас эхэлж судас хатуурлыг үүсгэсэн байдаг нь олон судалгаагаар нотлогдсон байдаг. Тийм учраас хүүхэд байхаас нь эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх хэрэгтэй. Одоо цагт хүүхдийн таргалалт элбэг болсон болохоор үүнийг онцгойлон тодотгож хэлэх хэрэгтэй байгаа юм. Хэвлийн таргалалттай залуучууд мөн анхаарах нь зүйтэй. Тодруулбал, эрэгтэй хүнд бүсэлхийн тойрог нь 90 см, эмэгтэй хүнд 80 см-ээс дээш байвал хэвлийн таргалалт гэж үзнэ. Энэ нь чихрийн шижин үүсгэх хамгийн том эрсдэлтэй хүчин зүйл болдог. Ер нь тарган байна гэдэг нь бодисын солилцооны өөрчлөлт ороод эхэлсэн байна гэсэн үг. Бодисын солилцооны доголдол нь бүх өвчний суурь болж байдаг. Дотрын, зүрх судасны өвчин удаан хугацаанд хуримтлагдаж явсаар байгаад шинж тэмдэг илэрдэг. Хоол, амьдралын дэглэмээ өөрчлөх нь бүх эмчилгээний суурь болох ёстой. Тэгээд даамжраад дийлдэхгүй болсон бол  эмийн эмчилгээ хийлгэж, дээрээс нь сэтгэлзүйн эмчилгээ давхар явах ёстой.

-Зүрхэнд огцом хөдөлгөөн яаж нөлөөлөх вэ. Гэнэт л туръя гэж шийдээд фитнессээр хичээллээд эхэлдэг?

-Эрүүл зүрхэнд нөлөөлөхгүй. Хүн хөдөлгөөн багатай байгаад гэнэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхэд зүрхний цохилт болон даралт ихэсдэг. Энэ нь физиологийн хариу урвал. Тиймээс суурь өвчинтэй, зүрхний булчингийн гэмтэлтэй, урд нь шигдээс болж байсан, эсвэл даралт ихэсдэг, чихрийн шижинтэй, эрсдэл өндөртэй хүн байвал бага багаар дасгах маягаар дасгал хөдөлгөөнөө хийнэ гэсэн үг. Тогтмол дасгал хөдөлгөөн нь зүрх судасны өвчлөлийг бууруулдаг. Тиймээс  зүрх судасны өвчнөөс сэргийлэхийн тулд болж өгвөл өдөр бүр дундаж хурдтай хөдөлгөөнийг доод тал нь 30 минут хийж байхыг зөвлөдөг.

-Өдөрт тодорхой хэмжээгээр архи, дарс уувал зүрх судасны өвчнөөс сэргийлдэг гэдэг?

-Архийг бага хэмжээгээр хэрэглэх нь зүрх судасны өвчлөлийг бууруулдаг эсэх нь одоо ч маргаантай хэвээр байгаа. Архи xэтрүүлж хэрэглэвэл зүрхний булчин гэмтэх,  судасны нарийсал болох эрсдэлтэй. Архийг маш бага хэмжээгээр уухыг зөвлөдөг. Сүүлийн үеийн нэгэн судалгаанд согтууруулах ундааны хамгийн эрсдэл багатай хэмжээг долоо хоногт 100гр гэсэн байдаг. Архинаас гадна зайлшгүй анхаарах ёстой зүйл бол тамхи татахгүй байх явдал. Тамхи бол зүрхний өвчнийг үүсгэх хамгийн том хүчин зүйлсийн нэг. Өдөрт нэг ширхэг тамхи татахад л зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл 20 хувиар нэмэгдэж байдаг. Өдөрт 20 ширхэг тамхи татвал зүрхний шигдээсээр өвчлөх магадлал эмэгтэй хүмүүст 6 дахин, эрэгтэй хүмүүст 3 дахин ихэсдэг. Өдөрт 1 ширхэг тамхи татвал зүрхний титэм судасны өвчлөл 50 хувиар, харвалт болох эрсдэл 25 хувиар нэмэгддэг. Дээр нь дам тамхидалт гэж бий. Энэ нь өөрөө тамхи татсантай адилхан их эрсдэл үүсгэдэг. Тийм учраас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын төлөө ухамсартай байх хэрэгтэй. Тамхинд байдаг нүүрстөрөгчийн дутуу исэл (карбон моноксид) нь цусны элемент болох гемоглобинтой нэгдчихдэг. Энэ нь гемоглобины зөөвөрлөх ёстой хүчилтөрөгчийн агууламжийг бууруулдаг. Тэгэхээр эд эрхтэнд хүчилтөрөгч дутагдалтай очиж, цус хомсрох шинжүүдийн бүрдэл болж өгнө гэсэн үг. Хүмүүс тамхи татахаа больчихвол бие өвдчихнө гэж эмээдэг. Тамхинд агуулагддаг никотиний хамаарал гэж бий. Тамхи татахаа болихоор никотиний хамаарал бүхий шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь зүрх дэлсэх, цочромтгой уур уцаартай болох, сэтгэл гутралд орох, нойргүйдэх гээд олон шинжээр илэрнэ. Хүмүүс үүнийг даалгүй эргээд тамхиндаа ороод байдаг. Тамхи даслын шинж тэмдгүүд ойролцоогоор 3-30 хоногийн дараа арилдаг, тэгэхээр нэг сар орчим тэсчихвэл харьцангуй бие хөнгөрөөд ирнэ. Никотин орлуулагч бохь, наалт зэргийг хэрэглэвэл никотины хамааралт шинжүүд харьцангуй хөнгөн явагддаг. Буцаад тамхиндаа орчихвол бууж өгч болохгүй, олон удаагийн оролдлогоор тамхинаас гарсан түүх олон бий. Тэгэхээр шийдвэртэй бас тууштай  байдал хэрэгтэй. Энэ хугацаанд дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлэх ёстой. Ингэж байж жингийн илүүдлээс сэргийлнэ. Би гарна гэсэн өдрөө товлоод бусдад зарлаж, эсвэл яг нэг эмчтэй, эсвэл сэтгэлзүйчтэй хамтарч болно.  Тамхиа хаяснаас эхлэн зүрх судасны өвчний эрсдэл жил ирэх тусам улам буурсаар байдаг.  Тиймд хэзээ ч оройтохгүй.

Амьдралын хэв маягаа зөв авч явснаар ямар ч өвчнөөс, бүр зайлшгүй удмын өвчтэй байсан ч хүндрэхээс урьдчилан сэргийлэх боломжтой. Эрүүл амьдралын хэв маяг сахих нь урьдчилан сэргийлэхээс гадна цаашид эрүүл байх гол нөхцөл болдог.

-Эцэст нь, хүмүүст ямар зөвлөгөө өгмөөр байна вэ?

-Эмчид хандаж байгаа хүмүүсийн дунд түгээмэл ажиглагддаг зүйл бол ямар өвчтэй гэдгээ, өвчнийхөө оношийг, ямар эм уудгаа мэддэггүй. Зүгээр л цагаан, шар өнгөтэй, тийм хэлбэртэй гэж ярьдаг. Эмийн тун, цаг нь тогтмол бус байх жишээтэй. Эрүүл мэндийн боловсрол үнэхээр дутмаг байгаад байдаг. Ганц удаагийн үзлэгээр эрүүл мэндийн боловсрол өгөх боломжгүй. Тийм учраас бүр хүүхэд байхаас нь, сургуулиудад хичээл орж, цаашлаад оюутан байхад нь эрүүл мэндийн боловсролыг системтэйгээр, бодлоготойгоор хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ бол манайд тулгамдаад байгаа асуудал мөн.

Энгийнээр, бүх хүнд хандаад хэлье. Хэрвээ та эмчид хандвал эмчийнхээ үгийг маш сайн анхааралтай сонсоод, өвчнийхөө оношийг тодорхой мэдэж аваад, энэ өвчний үед юу хэрэглэж болохгүй вэ гэдгийг сайн сонсож, ууж байгаа эмийнхээ нэрийг тогтоомоор байгаа юм. Тэгвэл тухайн өвчний явц, хийгдсэн эмчилгээний үр дүнг мэдсэнээр цаашдын эмчилгээг зөв хянахад чухал байдаг юм шүү.

Эрүүл амьдралын хэв маягийг дадал болгож, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байгаарай.