Барилга барихаар сонирхож байгаа энэ чиглэлийн бараа бүтээгдэхүүн хэрэгтэй хүн бүр тэр зүгийг чиглэдэг гэхэд хилсдэхгүй болов уу.
Цаг ямагт хүмүүс холхиж байдаг 100 айлд байрлах барилгын материалын төвүүдээр энэ өдөр хөл хөдөлгөөн багатай байлаа. Зарим дэлгүүрийн гадна талд том, жижиг хэмжээтэй төмөр хаалгыг өрсөн харагдана.
М.Өлгийбаатар:Монголчууд таван ханатай умгар гэрээсээ салж чадахгүй нь шиг байна. Орон сууцных нь үнэ тэнгэрт хадсан. Барилгын материал араас нь дагалдана.
Түүнчлэн барилгын бүх төрлийн үйлчилгээ хийнэ гэсэн бичгийг хүзүүндээ зүүсэн цөөн тооны хүмүүсч харагдана.
Төвүүдээр орж байгаа байгаа хүмүүс барилгын материал худалдаж авах гэхээсээ илүүтэй сонирхож буй нь илт анзаарагдаж байв. Хамгийн түрүүнд “Материал хаус” төвөөр ороход барилгын бүх төрлийн материал байгаа хэдий ч ихэвчлэн обой буюу өнгөлгөөний цаасны лангуу олон байгаа нь харваас илт байв.
Мөн хаалга, сантехник, хөшиг, гэрэл, пильта зэрэг ч энд харагдана. Худалдагч нараас нь өөр үйлчлүүлэгч ховор байсан юм. Үүнийг худалдагчид барилга байшин барих улирал нь өнгөрчихсөн.
Түүнчлэн барилгын материалын үнэ нэмэгдсэн. Энэ нь төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж байлаа. Мөн ам.доллар болон юанийн ханш өссөн нь барилгын материал нэмэгдэх гол шалтгаан гэж тайлбарлаж байсан юм.
Худалдагч Т.Жаргал хэлэхдээ “Манайх өнгөлгөөний цаасаа ОХУ-аас оруулж ирдэг хүнээс худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл, дамжлагаар авдаг гэсэн үг. Тэгэхээр анх оруулж ирдэг буюу нэгдүгээр шатны хүн маань гаалийн татвар зэргийг төлдөг. Сүүлийн үед барилгын материалын үнэд тодорхой өөрчлөлт орж нэмэгдсэн. Энэ нь ам.доллар болон юанийн ханш, гаалийн татвар зэргээс хамааралтай. Манайх 30-40 төрлийн обой зардаг. Үнийн хувьд 4000-20000 төгрөгийн хооронд байдаг. Одоогоор манайх обойныхоо үнийг 2000-5000 төгрөгөөр нэмсэн. Өдийд иргэдийн худалдан авах чадвар муудаг ч гэсэн энэ жил бүр тааруухан байна” гэлээ.
Үүний дараагаар вакум цонхны дэлгүүр болон 100 айл төвөөр орлоо. Худалдагч нар нь дээр хэлсэнтэй мөн адил зүйлийг хэлж байлаа. Мөн урдаас барилгын материал оруулж ирдэг хүмүүст хэцүү байгаа талаар энэ үеэр дуулгаж байсан. Түүнийг П.Мөнхдэлгэр гэдэг. Тэрбээр төмөр хаалга дангаар нь худалдаад таван жил болж байгаа гэлээ. Төмөр хаалганы үнэ 180-9000 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг аж.
Иргэдийн худалдан авах чадвар жилээс буурч байна. Үүнд маш олон төрлийн зүйл нөлөөлж байгаа. Гэхдээ төрөөс цалин тэтгэвэр нэмэхдээ нийтэд зарлаад дуулиан болгоод баймааргүй юм шиг санагддаг. Мэдээж төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа хэдий ч хуваариа хөдөлмөр эрхэлдэг бидний амьдрал хөлд нь чирэгдэж байна гэдгийг анзаарах хэрэгтэй гэв.
Энэ талаар зарим мэдээллийг хүргэхэд монгол цемент 140-150 бол хятад нь 155-160 мянган төгрөгөөр борлуулж байна. Түүнчлэн монгол тоосго ширхэг нь 250, хятад нь 240 төгрөгөөр гадуур зарж байгаа юм байна. Харин элс, хайрганы хувьд портер нь 90-150 мянган төгрөг байгаа ажээ.
Түүнчлэн он гараад барилгын материал үнэд орохын зэрэгцээ орон сууцны үнэ өснө гэдгийг энэ үеэр хүмүүс ярьж байсан. Хэрвээ он гараад энэ хэвээр өсвөл жирийн нэгэн иргэний орон сууцтай болох мөрөөдөл мянгуужингийн үлгэр болно. Хэдийгээр жирийн иргэд орон сууцтай болох зорилго байгаа ч, жил ирэх бүр байрны үнэ нэмэгдэж, худалдаж авч чадахгүй байна.
Энэ нь манай улс барилгын материалаа дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй, урд хөршөөс хамааралтай болохоор иргэд үнийг нь дийлэхгүй байна хэмээн худалдагчид ярьж байсан юм.
Түүнчлэн төрөөс шат дараалалтай арга хэмжээ авч, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж буй ч зорилтод бүлэгтэй хүрч чадахгүй байгааг дуулгаж байлаа. Тиймээс төрөөс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ иргэдэд квот тогтоож өгмөөр байна гэдгийг сануулж байсан юм. Тэгэхээр өдрөөс өдөрт хаяагаа тэлэх нийслэлийн гэр хороолол багасахгүй байх вий гэсэн хандлага энэ үеэр төрөв. Барилгын материалын үнэ ямар учраас өссөн талаар худалдагч нараас тодрууллаа.
Худалдагч Д.Цэнгэл: Орон сууцны үнэ улам өснө
-Таны хувьд барилгын хэдэн төрлийн материал худалдаж байна вэ?
-10 гаруй төрлийн материал байгаа. Паркетан шал болон тавилга, дүүжин тааз зэргийг зардаг.
-Үнийн өөрчлөлт гарсан уу?
-Өмнөх үеэ бодвол барилгын бүх төрлийн материал 10 гаруй хувиар өссөн. Учир нь ам.доллар, юанийн ханш өссөн болон сонгуулийн амлалт, цалингийн нэмэгдэл, зах зээлд бэлэн мөнгөний урсгал их байгаа, гаалийн татвар нэмэгдсэн зэрэгтэй холбож байна.
-Иргэдийн худалдан авах чадвар хэр байх нь вэ?
-Ард түмний халаас нимгэн байна. Худалдан авах чадвар тааруу байгаа. Цаашид барилгын материал улам өснө. Барилгын материалын үнэ нэмэгдэж буй нь иргэдэд хүндээр тусна. Түүнчлэн орон сууцны үнэ хэд дахин өснө. Тэгэхээр Улаанбаатарын гэр хороолол хаяагаа улам тэлнэ. Хувьдаа амины орон сууц барихад үнийн дарамт их нөлөөлнө байх.
Худалдагч С.Чингэрэл: Өдийд барилгын материал худалдаж авах хүн ховор байдаг
-Барилгын материалын үнэ өссөн байна. Танайх ч бас нэмэгдэлтэй худалдаж байгаа юу?
-Барилгын материалын өсөлтөд олон зүйл нөлөөлж байгаа. Цалингийн нэмэгдэл, бэлэн ханшийн өөрчлөлт зэрэг зүйлийг нэрлэж болно. Манайх одоохондоо нэмээгүй байгаа.
-Танайх вакум цонхоо хэдэн төгрөгөөр худалдаж байна вэ?
-Гэхдээ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нэмэгдсэн. Вакум цонх метр квадрат нь 75-85 мянган төгрөгийн хооронд байна. Он гараад улам нэмэгдэх байх. Өдийд барилгын материал худалдаж авах хүн ховор болсон байна. Өдөр өнжин лангууны ард сууж байна даа.
-Материалаа өөрсдөө оруулж ирдэг үү?
-Үгүй. Урдаас оруулж ирдэг ченж байдаг. Тэд нараас авдаг. Тэндээс нэмэгдэлтэй өгвөл бид ч бас нэмдэг.
Иргэн М.Өлгийбаатар: Нэг л өдөр үнийн дарамт толгой хагалах байх
-Та барилгын материал сонирхож байна. Үнэд өөрчлөлт орж уу?
-Ирэх жилээс өөртөө амины сууц барих санаатай материал сонирхож явлаа. Нэлээд үнэтэй байна. Өдийд хүмүүсийн худалдан авах чадвар мууддаг учраас эртхэн бэлдчихдэг юм уу гэсэн бодлоор сонирхсон.
-Худалдаж авах уу. Аль эсвэл?
-Үгүй. Халаасан дахь хэд маань хүрэлцэхгүй юм байна.
-Он гараад үнэ нь улам өсөх талаар хүмүүс ярьж байсан?
-Монголчууд таван ханатай умгар гэрээсээ салж чадахгүй нь шиг байна. Орон сууцных нь үнэ тэнгэрт хадсан. Барилгын материал араас нь дагалдана.
-Та яагаад үнэ нь нэмэгдсэн талаар сонирхож үзсэн үү?
-Цалин тэтгэврийн нэмэгдэж байгаа гэсэн зүйл ярьж байна. Тиймээс бид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн гэдэг тайлбарыг өгсөн. Монголд амьдрахад улам л хэцүү болоод байна. Нэг л өдөр үнийн дарамт толгой хагалах байх даа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|