Коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбогдуулан үндэсний хэмжээний хорио цээрийн дэглэмийг хоёр дахь удаагаа зарлаж байгааг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгдлээ.
Энэ оны гуравдугаар сард эхний хоригийг зарлаж байв.
Баасан гарагаас эхлэн арваннэгдүгээр сарыг дуустал үргэлжлэх онцгой дэглэмийн үеэр Францын иргэд зөвхөн ажилдаа явах, хүнс цуглуулах, эмнэлэг, аптек орох зорилгоор л гэрээсээ гарах ёстой болж байна.
Онц шаардлагагүй бизнесийн үйл ажиллагаануудыг, тухайлбал баар, ресторануудыг хаахаар болсон бол сургуулиуд, үйлдвэрүүдийг нээлттэй үлдээхээр болжээ. Олон нийтийг хамарсан бүх арга хэмжээнүүдийг хориглосон байна.
Өнөөдрийн байдлаар Франц улсад Covid-19 өвчнөөр нэг өдөрт нас барсан хүний тоо энэ оны дөрөвдүгээр сараас хойших хугацааны хамгийн дээд хэмжээндээ хүрээд байна. Мягмар гарагт 33,000 орчим халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ.
“Вирусийн тархалтын хурд бидний хийж байсан хамгийн муу таамаглалыг ч давах хэмжээнд байна” гэж хэлсэн Макрон хорио цээрийн журмыг хатуу сахихыг иргэдэдээ уриалсан байна.
Хорио цээрийн дэглэм арванхоёрдугаар сарын 1-нд дуусах боловч хоёр долоо хоног тутамд үнэлгээ хийж, цааш сунгах эсэхийг шийдвэрлэх гэнэ.
“Зул сарын баярын үед гэр бүлээрээ цугларах боломж гарна гэдэгт найдаж байна” гэж Макрон хэлжээ.
Өнөөдрийн байдлаар Парисын эмнэлгүүдийн ачаалал 70 хувьд хүрээд байна. Коронавирусийн цар тахлын улмаас хямраад байсан Францын эдийн засаг гуравдугаар улиралд сэргэх хандлагатай байсан бол одоо дахин унах нь тодорхой боллоо. Тус улсын засгийн газар 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10 хувиар буурна гэсэн тооцоо гаргаад байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!